АУДИО: "Эцэг хүний зам"

О.Батсүх | Zindaa.mn
2023 оны 03 сарын 21

Зиндаа.мн энэ удаа та бүхэндээ Дэлхийн яруу найргийн өдөрт зориулан сэтгүүлч, яруу найрагч,Санзайгалсангийн Ууганбаярын "Эцэг хүний зам" шүлгийг сонсогч танд хүргэж байна.

Уншсан: О.Батсүх

ЭЦЭГ ХҮНИЙ ЗАМ

 

Аавынхаа бага насыг хөтлөөд

Алдах эрхгүй бартаат замаар алхана

Ахиж ирдэггүй цаг хугацааны төгсгөл рүү

Алгуурхан би дөхөж явна

 

Ээжийнхээ охин насыг хөтлөөд

Эндэх эрхгүй ээдрээт замаар алхана

Эргэж ирдэггүй инээд нулимсны орон зай руу

Эцэг хүн шиг уужуухан би дөхөж явна

Урт л санагдах энэ замаар би

Ухаан зарж, итгэл хөтлөн алхана

 

Заримдаа богино санагдах энэ замаар би

Зүрхээ чагнаж, зүүдээ хөтөлж алхана

Хэтэрхий давчуу бодогдох энэ замаар би

Жаргал сөгнөж, зовлонг дэвсэлж алхана

Хааяа утгагүй санагдах энэ замаар би

Хайраа түгээж, зөнд дөрлүүлж алхана

 

Цаст уулын барс

Цагаан талын чонотой ноцож алхана

Цэцэгт талын эрвээхий

Мананд төөрсөн шувуутай тоглож алхана...

Цаг тооны бичиг

Цадиг түүхээ хуучилж алхана

 

Дээлэн цаанаа жиндэж

Дэлхийн чинээ даарсан ч халууцаж алхана

Оддын мөнгөн зулай дээрээс

Орчлонгийн хөрс шороо хүртэл гэгээ түгээж

Амьдралын сайхныг харуулах гэж хичээж алхана

Цамцан цаанаа шатаж

Наран чинээ халууцсан ч сэрүүхэн мэт алхана

Цээртэй юм бүхнээс холдуулж

Нартын тухай худлаа домог зохиож алхана

 

Энэ замаар элэнц хуланц минь явж байсан тухай

Энэ л замд аав минь ааваасаа үлдэж,

Эцэст нь намайг орхисон тухай ярьж алхана

Эцэг хүний зам цастай, жавартай

Эндэж алдахын аргагүй хатуурхалтай

Энхэр үрсийнхээ төлөө

Энэ биеэ өгөх бүү хэл амь хороох ч өдөр ирнэ,ээ

Эцэг хүний замд......

Санзайгалсангийн Ууганбаяр

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top