Байт харвааны УАШТ-д 300 гаруй тамирчин цэц сорино

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 17

Байт харваан спортын 15 дахь удаагийн заалны Улсын аварга шалгаруулах тэмцээн (УАШТ) гуравдугаар сарын 23-26-ны хооронд Орхон аймагт зохион байгуулагдах гэж байна. 

Байт харвааны заалны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ жил Рекувр болон Компаунд төрлүүдээр U14, U18, U21, насанд хүрэгчид гэсэн ангилалд болно.

Тамирчид “Рекувр” төрөлд ангилал тус бүрт эрэгтэй, эмэгтэй хувийн харваа, багийн харваа, холимог багийн харваагаар өрсөлдөх бол “Компаунд” төрөлд эрэгтэй, эмэгтэй хувийн харваа, эрэгтэй багийн харваа ангиллаар өрсөлдөж, цэц мэргэнээ сорих юм. 

Өнөөдрийн байдлаар орон нутаг болон нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг 24 байгууллагын 330 гаруй тамирчин тэмцээнд оролцохоор бүртгүүлээд байна. 

Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс харьцангуй олон тамирчин оролцох урьдчилсан статистик гарч байгаа тул Монголын байт харвааны холбооны зүгээс тэмцээний үеэр тамирчиддаа чиглэсэн сургалтыг явуулахаар төлөвлөсөн байна. Тус тэмцээнийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, Монголын байт харвааны холбоо, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын харьяа "Хангарди" спорт цогцолбор, Орхон аймгийн Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулах юм.

Тэмцээний техникийн зөвлөгөөн 3 сарын 22-ны өдөр 17:00 цагт Орхон аймагт болно. 

Монголын байт харвааны холбооны Удирдах зөвлөлийн хурал тэмцээний үеэр хуралдана. 

Дашрамд дурьдахад, 2022 оны ЗУАШТ-д байгууллагын дүнгээр Хангарди клуб алтан медаль, Алдар спорт хороо мөнгөн медаль, Орхон аймгийн баг тамирчид хүрэл медаль хүртэж байв. Мөн хувийн шигшээ харвааны төрөлд Алдар спорт хорооны тамирчин, "Токио-2020" олимпын наадмын оролцогч, ОУХМ Б.Отгонболд, Хангарди клубын тамирчин, ОУХМ А.Энхтуяа нар алтан медаль тус тус хүртэж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top