Л.Оюун-Эрдэнэ, Якоб Стаусхолм хоёрын үгс ба 103-р тогтоол

2023 оны 03 сарын 14

 

Өчигдөр /2023.03.13/ Оюутолгойн гүний уурхайн олборлолт албан ёсоор эхэллээ. Гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон  “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмын хэлсэн үгсээс үзэхэд, талууд “итгэлцэл”-ийг онцолжээ.

2021 оны дөрөвдүгээр сард албан ёсоор эхэлж байсан талуудын хэлэлцээний хүрээнд Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өр хаагдсанаар олон жилийн хугацаанд талцан гацсан Оюутолгой төслийн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлж, эхний тэсэлгээг хийж байсныг Ерөнхий сайд үгэндээ онцлов. Мөн тэрбээр “Оюутолгой төслийн өнөөдрийг хүртэлх зам дардан байгаагүй ээ. Энэхүү төслийн олон жил үргэлжилсэн ээдрээт хэлэлцээр, баялагтаа эзэн байхыг хүссэн ард түмний хүсэл эрмэлзэл, нийт монголчуудын эрх ашгийг хамгаалж, Улсын Их Хурлын 92 болон 103-р тогтоолыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар болон Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Түр хороо, Ажлын хэсгийн гишүүддээ, Оюутолгой төсөлд эхнээс нь оролцсон, оноо алдаатай ч урагшлуулан хөгжүүлэхийн төлөө гал атгасан төр нийгмийн зүтгэлтнүүд, засч сайжруулахын төлөө шаргуу тэмцсэн эх орончид, олон нийт, эрхэм хөрөнгө оруулагчид, Та бүхэндээ Засгийн газраа төлөөлж  гүн талархал илэрхийлье” гэлээ.

Тэгэхээр энд засгийн тэргүүний үгстэй холбогдуулан хэлэхэд,  “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажилласан Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд сайн ажилласан. Гэхдээ 92 дугаар тогтоол бүрэн дүүрэн хэрэгжиж амжаагүй. Тиймээс ч дутуу гучууг нь гүйцээх гэж УИХ аас  103 дугаар тогтоолыг баталсныг сануулахад илүүдэхгүй болов уу.

103 дугаар тогтоолын хүрээнд,  Оюутолгой төсөлтэй холбоотойгоор олон жил яригдсан асуудлууд шийдвэрлэгдэхийн сацуу татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож хэрэгжүүлэх ажлууд хийгдэх ач холбогдолтой гэж УИХ-ын дарга мэдэгдэж байсан билээ.  

Сануулахад, “Оюу Толгой” компанийн нэхэмжлэлээр Монголын Засгийн газрыг хариуцагчаар татан  эхэлж байсан Лондоны Олон улсын арбитр дахь татварын маргааныг  2023 оны наймдугаар сар хүртэл түдгэлзүүлээд байгаа.  2020 онд “Оюу Толгой” компани  Монголын Засгийн газрыг татварын асуудлаар  хариуцагчаар татсан нэхэмжлэлийг Лондоны Олон улсын арбитрын шүүхэд гаргасан бол Засгийн газрын зүгээс 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр уг  нэхэмжлэлийн  хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийг  гаргасан юм.

Ер нь Оюутолгойн хэлэлцээний явцад шийдвэрлэгдсэн хийгээд шийдвэрлэгдэх боломжтой талаар  талуудын дунд өнгөрсөн хугацаанд  яригдсан  асуудлуудаас онцгойлон анхаарах гол асуудал юу вэ гээд аваад үзэхээр, яах аргагүй татварын талаар онцлох хэрэгтэй л болдог.

Оюутолгой төслөөс орж ирэх ам.долларын урсгал Монголын эдийн засагт чухал нөлөөтэйг хаа хаанаа ойлгож буй. Гэхдээ Оюутолгой төсөлтэй холбоотойгоор ирэх жилүүдэд яригдах шаардлагатай асуудлуудын эхэнд суурь гэрээгээр зохицуулсан татварын асуудлууд яах аргагүй байж л байх юм. Оюутолгойн талаар олон жил яригдсан асуудлуудын үндэс углуурга нь хаана байгаа вэ. Хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гэрээнүүдэд ямар өөрчлөлтүүд хийснээр энэ төслөөс хүртэх өгөөж бодитой нэмэгдэх вэ, цаашлаад учирч болзошгүй эрсдэлүүд буурах вэ гэдэг асуудлын үндэс нь  “Хөрөнгө оруулалтын гэрээнээс үүсэж байгаа татварын маргаан” - тай л холбоотой байдаг.

Тодруулбал, Хөрөнгө оруулалтын гэрээний зарим заалтыг бид яаж тайлбарлах вэ гэдэг нь асуудал байдаг аж. 2009 онд хүчин төгөлдөр байсан ААНОАТ-ыг тогтворжуулсан нь маргаан дагуулдаг. Бид тэдэнд хөрөнгө оруулалтын зардалд суурилсан татварын хөнгөлөлтүүд үзүүлчихсэн. “Оюу Толгой” компани Монгол Улсад ААНОАТ төлөхгүй байгаа нь, энэ төслийг ашиггүй болгоод байгаа суурь нөхцөл нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр  татварын орчныг тогтворжуулсан заалтууд юм.

Хөрөнгө оруулалтын гэрээг нарийвчлан унших юм бол “Рио Тинто”-д, Оюутолгойд ашигтай заалтууд байдаг. Цаашид энэ төслийг Монголд ашигтай болгоё гэх юм бол татвараа бүрэн авдаг болох хэрэгтэй. Татвараа бүрэн авдаг болохын тулд маргаан дагуулдаг, татварын акт ногдуулаад байгаа асуудлуудыг нэг тийш нь цэгцлэх ёстой. Тэгэхгүй бол “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниуд зээлийн хүү болон менежментийн төлбөрөөр ашгаа шилжүүлж авдаг, Монгол Улсад төлөх ёстой татвараа төлдөггүй байдал хэвээрээ байна. Зарим зардлаа Монгол Улсын нутаг дэвсгэр дээр явагдаагүй процесс гээд огт татвар төлдөггүй.  Люксембург,  Нидерландын хүчин төгөлдөр бус болчихсон Давхар татварын гэрээ бидний хувьд тогтворжчихсон гэдэг тайлбарыг тэд  олон жил хэлж ярьж ирсэн байдаг. Тэгэхээр цаашид шийдвэрлэгдэх шаардлагатай хүлээлт үүсгэсэн үндсэн асуудал бол УИХ-ын 103 дугаар тогтоолын бодитой хэрэгжилт юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэд(124.158.64.154) 2023 оны 03 сарын 15

Батэрдэнэ аврагыг хүмүүс шүүмжлээд эхэллээ.Анхны гэрээг мэдэхгүй, асуудлыг гүн ухаж ойлгоогүй сэтгэлийн хөөрөлд автагдаад уурхайн нээлтэд талуудын хэлсэн үгтэй нийцэхгүй байна гэсэн хүмүүс өөрсдөө буруутай.Харинч аврага зангарагтай гэдгээ харуулж засч залруулах асуудлуудыг зэрэгцүүлэн тавьсан нь зөв ажээ

0  |  0
Top