Челси Энцо Фернандесийг 120 саяар авч чадлаа

2023 оны 02 сарын 01

Английн Челси баг Премьер лигт амжилт тун тааруухан, аравдугаар байрт явж байгаа билээ. Багийн америк эзэд хөрөнгө мөнгө гаргаж, өвлийн наймааны цонхыг бужигнуулсан. Наймааны хамгийн сүүлийн өдөр Аргентины Энцо Фернандесийг 120 сая еврогоор авч чадлаа. Ингэснээр Энцо Английн лигийн хамгийн үнэтэй тоглогч болж байгаа юм. Багийн эзэн Тодд Боули энэ өвөл нийт 320 саяыг зараад байгаа.

Челси Катарт болсон ДАШТ-ий дараа Португалын Бенфикатай Энцог авах талаар хэлэлцээ хийж эхэлсэн. Тэд 120 сая дээр тохиролцсон ч төлбөрийн хэлбэр дээр санал зөрж байв. Португалчууд мөнгөө нэг дор авахыг хүссэн бол Челси хэд хэд тасалж өгөхийг оролдож байлаа. Энцо Фернандес Английн багтай хувийн гэрээгээ тохиролцоод багууд хоорондоо хэрхэн учраа олохыг хүлээж байв. Челси Энцог авах санаагаа орхисон мэт санагдаж байтал өвлийн наймааны цонх хаагдахаас нэг цагийн өмнө Бенфика англичуудын саналыг хүлээн авсан байна. 120 сая евро бол Ман Сити Грилишийг авснаас 3 сая еврогоор илүү үнэ.

Челсигийн бусад наймаа

• 21 настай Бенуа Бадьяшиль. Төвийн хамгаалагч энэ залуу Монакод 4.5 улирлыг үдээд Англид ирлээ. 194 см өндөр Бенау Тиаго Сильвад туслах болно.

• Андрей Сантос. 18 настай залуу хагас хамгаалагч. Ирээдүйгээ харж авсан наймаа болов уу.

• Давид Фофана. 20 настай энэ залууг шинэ Дрогба гэж нэрлэсэн. Энэ жил өөр багт зээлээр тоглуулах гэж оролдсон.

• Жоау Феликс. 23 настай португал залууг хагас жилийн зээлээр 11 сая еврогоор авсан. Эхний тоглолтдоо улаан карт авсан.

• Михаил Мудрик. 22 настай украин залууг Арсеналаас өрсөж авч чадсан. Бонус оруулаад үнэ нь 100 сая хүрэх шинжтэй. Эхний тоглолтдоо тун сайн тоглоод байгаа.

• Нони Мадуэке. Нидерландын ПСВ-ээс 20 настай Нониг авсан. Ирээдүйн Эден Азар гэж найдаж байгаа.

• Мало Гюсто. Лион багийн 19 настай баруун хамгаалагчийг аваад багт нь зээлээр үлдээлээ.

Харин багаас явсан хүн гэвэл тун цөөхөн. Италийн Жоржиньо шинэ гэрээ байгуулах гээд тохиролцоогүй тул Арсеналд орлоо. Ирэх жил гэрээ нь дуусаад үнэгүй явуулснаас 11,3 сая евро гэдэг муугүй наймаа. Английн залуучуудын шигшээ багийн тоглогч Жуд Сунсап-Белл “Тоттенхэм”-д очлоо. Хаким Зиеш Францын ПСЖ-д зээлээр явсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top