Цэн тогоруу, цэлгэр тал, цэнхэр далайн домог хүүрнэсэн Мөсөн өргөөний гайхамшиг

2023 оны 01 сарын 30

Монголчууд нийслэл хотдоо Олон улсын Олимпын хорооны стандартад бүрэн нийцсэн Мөсөн өргөө Степпе аренаг сүндэрлүүлэн нээгээд жил гаруйн нүүр үзэж байна. Энэ хугацаанд олон гайхамшиг бүтээж амжсаны нэг нь Монгол-Японы хооронд найрамдалт харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан Монголын анхны уран гулгалтын тоглолт "Тал нутгийн Мөсөн шоу" буюу “Grass land on Ice 2023" боллоо. Хоёр хэсгээс бүрдэх Мөсөн шоуг М.Батболд найруулж Я.Баяраа зохиолыг бичсэн нь үзэгч олны сэтгэл зүрхэнд хүрч чадсан юм. Дээрх хоёр чадварлаг залуу уран бүтээлч Ф.М.Достоевскийн алдарт роман “Гэм зэм”-ийг “Орфей” театрынхантай хамтран шинэчлэн бүтээж олон нийтийн талархлыг хүлээж байсан билээ. Ерөнхий зураачаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар ажиллажээ.

Зурагтаар л үздэг байсан уран гулгалтын сайхныг өөрийн нүдээр, эх орондоо харна гэдэг гайхамшиг юм. Өргөөний адраас зүүсэн том дэлгэцийг хараад, дараа нь өмнөө болж буй тоглолт руу нүд шилжүүлэхэд л зурагтаар болоод өөрийн биеэр үзэх хоёрын ялгааг тод мэдэрч болохоор.

Дуучин Б.Маралжингоогийн эгшиглүүлсэн “Алсын газрын зэрэглээ” уртын дуугаар тоглолт эхлэв. Чухам Монгол нутагт л алсын алсад зэрэглээ сүүмэлзэн хот балгад, уул, үүлийг урланхан байдаг даа. Мөсөн дээр өлчир чийрэг монгол багачууд наадна. Тэд ундны ус, мөс авахаар иржээ. Эсгий гутлынхаа уланд тэшүүр бэхлэж, араг үүрч, мөс ачих жижигхэн чингэлэгтэй чарга чирчихэж. Аав ээждээ ундны ус дөхүүлж тус хүргэхээс гадна болор тунгалаг мөсөн дээр тэшиж тоглоод авна гэдэг гол, мөрөн, нуурын захад төрж өссөн монгол хүүхдийн зан. Нүүдлийн шувууд дулаан орныг зорин ниссэн цаг атал нэг нь нуурын мөсөн дээр хэвтээд үлдэж. Цэн тогоруу ажээ. Чухам цэн тогорууд л элчилгүй талын Монгол орноос эрэг зах нь үл харагдах далайг гатлан Наран улсад өвөлждөг гэнэм. Үүгээрээ найрамдалт харилцааны хагас зууны ойгоо тэмдэглэж буй хоёр орныг холбосон бас нэгэн гүүр гэлтэй. Шоуны хэсэг бүрийг энэхүү цэн тогорууны түүх холбож өгч байгаа юм. Мөсөн дээр наадах багачууд жигүүр нь гэмтэн ижил сүргээсээ салж хоцорсон бяцхан цэн тогорууг чингэлэгтээ хийгээд харьцгаалаа. Малчин Монголын үр сад тогоруухайг асарч эмчлэн эдгэрүүлэхээр шийджээ. “Мянган тогоруу ба шархадсан тогоруу”-ны түүх ингэж эхэлнэ. Ээрэм талд таарсан болгоноо тас шилбүүрдэн зоргоороо хүүгэх Монгол нутгийн омголон хөх салхийг саарал нөмрөгт хөтлөгч дүрсэлсэн нь нэн зохижээ. Дураараа исгэрэх салхи мөсөн дэвжээнээ эргэлдэн байснаа дээш дэгдэн хөөрч ч байх шиг.

 

 

Энэхэн зуур Монголын анхны мэргэжлийн уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнэ, Японы тамирчин Хонго Рика, Урамацү Чисато, Цунэхито Каракава, Хонда Хироки нар уран гулгалтын гайхамшгийг харууллаа. Үнэхээр дэлхийн, олон улсын стандарт хангасан мөсөн талбай гэдэг нь тэдний балет, уран гулгалтыг гайхалтай хослуулсан дүүлэн нисэх мэт чөлөөтэй үзүүлбэрүүдээс мэдрэгдэж байв.

Шархдаж хоцорсон цэн тогоруу ижил сүргээ санаж Номхон далайг гатлан нисэхийг мөрөөдсөөр. Түүний ийнхүү ганцаардаж буйг урлагийн тайз, мөсөн дэвжээг хоршуулсан үзүүлбэрүүд үргэлжлүүлэв. Японы бүжигчин Азүма Канъя санасан сэтгэлийг илэрхийлэх “Найман сарын 15-ны үдэш” бүжгээрээ үүнийг гайхамшигтай харууллаа. Япон үндэсний хувцас, хөгжмийн аялгуу, тайзан дээрх аяс намуун хөдөлгөөн сэлт мөсөн дээрх бүжигтэй гойд нийлнэ. Нэгэн цагт арлын оронд нэрээ дуурсгаж асан Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Оюунтүлхүүр, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун нар “Улаан бүч” чуулгын найрал дууч сурагчидтай хамтран “Хирошимын охины цаасан шувуу”-г дуулсан нь утга агуулгатайгаа бүрэн нийцэж, мөсөн талбай дээгүүр цаасан шувууд нисэлдэн буйг дүрслэн харуулснаар шархтай цэн тогорууны санасан сэтгэлийн шаналлыг давхар илэрхийлж байлаа. Зуун мянган цаасан шувуу урлаж цацрагийн өвчнөөс салах гэсэн япон охины мөрөөдөл, зургаан тивээс хүүхэд бүхэн түүнд илгээх цаасан шувууг мөсөн дэвжээг бүчин нисэх цаасан шувуудын дүрс илэрхийлнэ. Харин өлчир монгол хүүхдүүд шархтай тогорууг асарсаар.

 

 

Тоглолтын хоёр дахь хэсэг “Цаг хугацааны бүжиг” буюу мөсөн дээрх цамаар эхлэв. Мөсөн толионы мандал дээр гоёмсог хот мандал үүсэж, түүнийг тойрон Цагаан өвгөн, догшид тэргүүт бурхдын дүр асаасан тэшүүртэй цамнаачид цамнах нь ер бусын үзэгдэл байв. Олон зууны уламжлалт хүрээ цам ийнхүү мөсөн дээрх урлаг болж нэгэн шинэ түүхийг нээлээ.

Энэ сацуу тайзан дээр Шамбалын үүдийг бэлгэдсэн “Чулуун гүүр”-ийг бүжигчин Хаяанаги Масакацү японы уламжлалт бүжгийн дэгээр үзүүллээ. Эдгээрийн аль аль нь цаг хугацааны урсгал хийгээд хорвоогийн хоосон чанарыг бэлгэдэн үзүүлснээрээ утга агуулга агаар нэг ажээ. Бүжигчин М.Мөнгөнцэцэг, Азүма  Канхо нар монгол, япон ээлжилсэн аялгуун дор аль аль талынхаа язгуур бүжгийг хамтран хослон бүжсэн нь ямар гайхалтай байв аа. Монгол үндэсний уран биелгээ, япон үндэсний донж төгөлдөр намуун хөдөлгөөн хоорондоо уусан зохицож, заримдаа нийлэн нэгдэж, Ази хүмүүсийн сэтгэлгээ, хөдөлгөөн төстэй байдгийг үзүүлж чадлаа. Япон бүжигчин үе үе монгол маягаар биелэж, монгол бүжигчин япон хөдөлгөөн харуулж ч байх шиг. Залгуулаад мөсөн дээр уран гулгалтын тамирчид чөлөөт үзүүлбэрээ үзүүлж сэтгэл цэлмээж нүд баясгана.

 

 

Урин цаг иржээ. Арлын орныг зорьсон цэн тогорууд Наран улсаас халуун дулааныг тээсэн наран тогорууд болоод Монголдоо ирлээ. Тэнхэл тасран энд үлдэж, ижил сүргээ санасаар өвөлжсөн тогоруухайг сайхан сэтгэлт багачууд асран тэнхрүүлж эдгэрүүлжээ. Алсаас ирэх ижлээ цэн тогоруу дэгдэн бүжсээр угтаж сүрэгтээ нийллээ. “Наран зүг нисэх тогоруу” видео артаар үүнийг улам ч тодотгон харуулав.

Эдгэрч тэнхэрсэн тогоруу жигүүр дэлгэн бүжихийг үзэхэд яг л багад тогоруу хараад “Тогоруу сайхан, тоодог муухай. Дэв, дэв. Мөргө мөргө. Цам харай, цам харай” гэхүйд хүзүүгээ сунган мөргөх адил тонголзож урт хоёр хөлөө ээлжлэн өргөж цам харайх мэт эргэлдэн бүждэг асан нь санаанд бууж байв. Олон тогоруу бол яг л бүжгийн чуулга шиг үзэгддэгсэн.

Төрж өссөн Монгол нутгаасаа алслан Номхон их далайг гатлан өвөлжөөд эргэн ирдэг Наран цэн тогорууны домог ийнхүү амар сайхандаа жарган өндөрлөв.

Мөсөн шоуг “Уяхан замбуутивийн наран” уртын дуугаар жаргаасан нь гайхалтай байлаа. Аугаа уртын дууч Н.Норовбанзад олон жилийн өмнө арлын Японд энэ л дууг шуранхайлж “Аялгуу нь дэлхийгээс тасраад дээшээ явчихлаа. Энэ ертөнцийн дуу биш, сансрын дуу байна” хэмээн шагшуулж байсан. Нээлт, хаалтын хоёр уртын дууг холбон бодвоос гэрэлт наран Монголын уужим хээр талаас ч, Наран улсын их далайн мандлаас ч мэлтэсхийн мандахдаа Монголын энгүй талд зэрэглээ наадуулж, арлын Японы хязгааргүй далайгаас манан хөөргөж алагчлалгүй гийгүүлэн байдгийг илэрхийлэв үү гэлтэй.

 

 

Тэртээ цагт өөд өөдөөсөө зэвсэг атган тулалдаж явсан хоёр орны хойчийн үр сад дипломат харилцааны ойгоо ийнхүү хамтран тэмдэглэж, гар гараасаа барилцан хайр, хүндэтгэл, харилцан итгэлцлээр ирээдүйн төлөвөө зангидан байхыг харах үнэхээр сайхан. Энэ хорвоод дайн самуунгүй, өөр хоорондоо энэ мэт нөхөрлөж байгаасай хэмээх ерөөлийг бүх хүн төрөлхтөнд дэвшүүлмээр.

Мөсөн шоу утга төгөлдөр дүүрэн, үзэх харахаар баялаг, найрамдал нөхөрлөлөөр амьсгалсан уур амьсгалд болж өндөрлөлөө. Мөсөн өргөөнөөс гарахад түрүүхэн магтууг нь өргөсөн уяхан замбуутивийн наран Сонгинохайрхан уулын гол өндрийн хойд шилээр зөөлөн шаргал туяа цацруулсаар шингэж байв.

Ийнхүү өнгөрсөн долоо хоногийн сүүлийн хоёр өдөр Мөсөн өргөөг эзэгнэсэн тоглолтыг үзэж уран гулгалтын гайхамшгийг биеэр мэдрэх гэсэн үзэгчдийн цуваа тасарсангүй. Гэм нь юм бүхэнд чамбай хандаж цагаа барьдаг Японы нэртэй бүжигчид, уран гулгагчид хүлээж буйг анзаарсан шинжгүй манай үзэгчид тоглолтын цаг эхлээд 30-40 минут өнгөрч байхад увж цувран ирж, шоу эхлэх цагийг тэр хэрээр хойшлуулж,  дараалал үүсгэж, тэр бүү хэл цаг тулган тасалбар худалдан авч байдлыг хүндрүүлж байв. Уг нь тасалбараа цахимаар худалдан авч, тэгэх боломжгүй нь товлосон цагаас цөөхөн минутын өмнө ирээд тайван авч болох л байлаа. Тоглолт болсон баасан, бямба гарагт нийслэл хотод замын түгжрэл байсангүй. Ингээд бодоход үзэгчдэд хувийн соёл дутаж буй хэрэг. Гэхдээ нийтээрээ тийм биш.

Үзэгчид жүжгийн тайз тийш талархлын цэцэг илгээдгийн адил гаднын орнуудад мөсөн дэвжээ рүү, уран гулгалтын тамирчдад чихмэл тоглоом шиддэг уламжлалыг манайд хэрэгжүүлэхийг зөвлөх нэгэн ч байв. Тун удахгүй Мөсөн өргөөнд зөөлөн тоглоом борлуулах цэг нээгдэж, үзэгчид өхөөрдөм хөөрхөн амьтдаас уран гулгагчдад бэлэглэж байх биз ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.190.226) 2023 оны 02 сарын 04

Үнэхээр сайхан үйл явдал болжээ. Гайхалтай.

0  |  0
Top