ОЛОН ӨНГӨ: Өвөл шиг өвөл

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 27

Яг ийм нэртэй “Болор цом”-ын эзэн яруу найрагч Баттөрийн Мягмаржавын шүлэг байдаг юм. Тухайн шүлэгт

...Элдэв бусын чамирхлыг нууж

Энгийн байхын сайхныг нээсэн

Өвөл шиг өвөл... хэмээн бичсэн байдаг. Үнэхээр сүүлийн жилүүдэд болоогүй хүйтэн өдрүүд хэд хоног үргэлжиллээ. Зарим нэгнийх нь хийморь сэргэсэн бол зарим нь “Нусаа хацартаа наасан” өдрүүд боллоо гэлцэв.

Гэтэл хүүхэд байхад ийм хүйтэн өдрүүд эгэл жирийн л өдрүүд байв. Дотуур байранд суудаг хүүхдүүд нуурын мөсөн дээр өдөржин тоглож, зарим нэг нь хацар, чихээ хайруулсан ч түүнээ тоодоггүй байж. Эсгий гутлын уланд тэшүүрээ сураар хүлж, модоор чагтлан усанд дүрж хөлдөөгөөд л гулгаж өгнө. Хацар, чих часхийх үед цасаар үрээд л үргэлжлүүлдэг байлаа. Дэлхийн дулаарал нөлөөлж байгаа эсэхийг хэлж мэдэхгүй. Гэвч, хүүхэд байхад жил бүр л хашаатай чацуу цасан хунгар тогтоно. Үе тэнгийн жаалууд хэдэн банз салгаж, хүрз бариад л яваад орчихно. Тэгээд л дайн тулааны үе шиг хорогдох газар ухаж, энэ их ажилдаа халууцсан нөхөд гэртээ орохдоо л энэ тэндээ хайрагдсанаа мэднэ. Галын халуун элч мэдрээд ирэхээрээ хайрагдсан газар часхийн өвдөх нь төвөгтэй ч маргааш нь аль газарт ямар хэмжээтэй ухаж, аль хүртэл гулгахаа төсөөлөн бодсоор унтдаг байлаа. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top