Очиай: Дээд зиндаанд түрүүлж, Ёкозүна болох зорилготой

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 25

Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр өглөө ирэх Хаврын тэмцээнд жюүрёо зиндаанд дэвших бөхчүүдийн нэрсийг зарлалаа. Монголын бөх Тамашёохо Э.Энхманлай, Миягино дэвжээний Очиай хоёр шинээр жюүрёод дэвшиж, сэкитори цолтой бөх боллоо. Мөн Томозүна, Токүшёорюү нар дахин жюүрёод барилдах болжээ.

Макүшита зиндааг ганц башёд туулан, түүхэн амжилт тогтоосон Очиай дэвжээндээ онлайн хэвлэлийн бага хурал хийлгэж, баярын сэтгэгдлээ хуваалцлаа. Энэ амжилтынхаа талаар тэрээр “Их баяртай байна. Би өөрөө ч ганц башё барилдаад сэкитори болно гэж бодоогүй” гэж ярилаа.

Мөн “Үнэхээр нэр төрийн хэрэг. Цолтой бөх боллоо гэдгээ одоохондоо яг мэдрэхгүй байгаа ч баярлаж байна. Урьд нь макүшитагийн 15-аас барилдаад 7 ялж түрүүлсэн ч жюүрёод дэвшээгүй тохиолдол байсан болохоор ирэх башёд цол авахын төлөө барилдана гэж бодож байлаа. Миний мөрөөдөл бол дээд зиндаанд дэвшиж, ёкозүна болоод ояката багшийнхаа баярын нулимсыг харах” гэж хэлсэн байна.

Хэвлэлийн хуралд хамт оролцсон Миягино ояката буюу их аварга Хакүхогийн хувьд энэ сарын 28-нд болох зодог тайлах ёслолоос өмнө сүмо бөхийн магэ үстэйгээ байхад нь цолтой шавь төрсөн баярт үйл явдал байлаа.

Хакүхо “Ояката болоод анхныхаа цолтой шавиа өлгийдлөө. Туйлын их баярлаж байна. Зодог тайлах ёслолд минь үүнээс илүү бэлэг гэж юу байх билээ. Очиайдаа их баярлаж байна. Түүн шиг их юм сурах сан гэсэн хичээл зүтгэлтэй олон шавьтай болох сон. Очиайг цаашдаа хэрхэн барилдах бол гэхээс сэтгэл ихэд хөдөлж байна. Банцүкэгээ нэг нэгээр ахиулаад байх хэрэгтэй. Одоогийн байдлаар нэрийг нь солихгүй, жинхэнэ нэрээрээ барилдана. Цаашдаа бөх сонирхогчид гайхахаар сайхан нэр өгөх болно” гэж ярилаа.

Очиай 19 настай. 179 см өндөр, 156 кг жинтэй. Тоттори мужийн Күраёши хотын уугуул. Тоттори Жёохокү ахлах сургуульд байхдаа 2020, 2021 онуудад ахлах ангийн ёкозүна цолыг дараалан хүртсэн. Ахлах ангиа төгссөн өнгөрсөн жилийн есдүгээр сард Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлэн, сонирхогчдын сүмо бөхийн ёкозүна цол авсан. Тиймээс мэргэжилд макүшитагийн 15-аас барилдах эрх авсан. Их аварга Хакүхог шүтэн биширдэг тул Миягино дэвжээнд элсэн орсон юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.208) 2023 оны 01 сарын 25

Арай амжихгүй байлгүй дээ.\n\n

0  |  0
зочин(66.181.166.196) 2023 оны 01 сарын 26

Доор жоохон галзуурч байгаад л дээшээ гараад ирэхээрээ байхгүй болно доо, одоохондоо Хакухогийн багш ч гэж юу байх вэ дээ, таарсан таар шуудайнууд

2  |  4
үнэн(192.82.74.32) 2023 оны 01 сарын 26

Монгол шинэ залуучуудыг наадах чинь дийлэхгүй

2  |  0
Top