Хулгайчийг тэтгэснээс хүүхдэд өгье

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 01 сарын 20

Монголын улстөрчид, сайд дарга нарын хулгайг иргэд бид өдөр болгон сонсож байна.

Төрийн ордонд болж буй “Нээлтэй сонсгол” дээдсийн багийг тайлж, тэрбум тэрбумаар хулгайлсан мэдээ цацагдаж буй. Бас дээр нь Монгол ямар баян орон болохыг, төрийн эрхэнд гарсан хүмүүсийнх нь ёроолгүй шунал, иргэдийнх нь гүндүүгүйг дэлхий гайхаж байна.

Төрд орж суусан 76 хүн “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжье” гэж гар өргөөд гурван хувийн хүүтэй зээл баталж байлаа. Түүнийг нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг дундаж амьдралтай иргэд олж авч чадаагүй. 76 гишүүн, сайд, дарга нар, тэдний үр хүүхэд, хамаатан садан, найз нөхөд хуваагаад авчихсан. Нэг гишүүнийхээ “Капитал” хэмээх банк руу иргэдийн төлсөн НДШ-ийн мөнгийг байршуулаад хамтраад “идчихсэн”. Улс орны бүтээн байгуулалтууд, хөгжлийг дэмжинэ гэж Хөгжлийн банк байгуулсан. Мөн л сайд, дарга нар өөрсдөө зээл авч, эргэн төлөхгүй “чанаргүй зээл” гэгчийн ангилал руу оруулан хулгайлчихсан. Төмөр замын төсөл гэж олон жил ярьж сунжруулсан, цаана нь төсөв мөнгө идсэн баримтууд ар араасаа гарч ирсээр. Таван Толгойг эргэлтэд орууллаа гээд шуурсан. Цаана нь улстөрчдийн нүүрсний хулгай байсан нь илэрлээ. Ард түмнийхээ баялгийг төрийн өмч, улсын өмч гэж хуу хамж аваад өөрсдөө хулгайлж амьдардаг УИХ-ын гишүүн, сайд, дарга нар, улсын Ерөнхийлөгч байсан хүн хүртэл байна. Ийм байж иргэдээ орлогоор нь ялгаварлаж, “Хүүхдэд олгодог мөнгө”-ийг хасаж, танаж байгаа нь гутамшигтай. Яаж ч бодсон хулгайчийг тэтгэж байхаар хүүхдэд өгсөн нь л зөв шүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top