ОЛОН ӨНГӨ: Нэгдүгээр сарын тэнгэр дор

2023 оны 01 сарын 13

Идэр есийн жавар тачигнасан энэ цагаар өвлийн богино өдрүүд нүд ирмэхийн зуурт л цахилж одно. Аргагүй л өвгөдийн хэлж байсанчлан аяга эгшихгүй цаг санж. Хүрээ хотын дуу чимээ, бөглөрөл түгжрэлээс түр зугтан уул хад, тал нутгийн захад борви нугалан амасхийх цаг дор би өвлийг бус намрыг энэ цасан дороос олж хардаг. Найман сарын борооны үнэр, намрын сөлтэй хамт цасан дор үнэгчилж, зээр гөрөөс цувж өнгөрсөн энэ жимд зэвэргэн намрын зураг хөглөрч байгаа даа гэж боддог. Ийм л цагаар өвлийн наран дор зогсоод өчигдрийн намрыг дурсахаар цээжинд шувууд ганганалдах нь уйтай ч сэтгэл өег. Тэр ч бүү хэл нэгдүгээр сарын цасан дээр зогсоод цагийн айсуйг санахаар цамцаа тайлмаар болдог эрт багын араншин өнөөдөр ч хэвээрээ байгаад олзуурхана. Энэ нь магадгүй хатууг говь, талын бэлчээрт туулж үзсэн бидний үеийнхний сэтгэлийн гүнд хадагдаж үлдсэн гэнэн дурсамж өнөөдөр ч цээжинд гэрэлтэж үлдсэн байхыг үгүйсгэхгүй.

Арга ч үгүй, идэр есийн жавар сөрөөд Баастын тал, Туулайн талыг туулах амаргүй. Цасны манан суусан эзгүй талд дөрвөн зүг, найман зовхист нүд тавиад юу ч үл торох өдөр байдаг. Санамсаргүй айлын адуу мал таарч, им тамга тааруулан айл олох ч өдөр бий. Гагцхүү чөдөртэй морь, тушаатай тэмээ, хонь таарвал чамгүй азтай яваагийн тэмдэг. Магадгүй заримдаа цасны манан, цагийн уур амьсгал эвдэн айлын яндангаас суунаглах утаа амь аврах өдөр ч таарна. Ийм л цаг дор хаашаа ч үгүй зогсож байсан үе бидний үеийн залууст олон байдаг. Идэрхэн цагийн тасхийсэн ийм л өдрүүдийн цасан дороос намрыг олж харсан шигээ нэгдүгээр сарын тэнгэр дор зогсох сайхан даа.

 

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top