Сайн муугийн алинд ч хэт дасаж болохгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 07

Хүний амьдрал олон өнгөтэй. Энэ олон өнгө нь ердөө солонгын долоон өнгөөр хэмжигдэхгүй тийм их.

Олон хүүхэд төрүүлсэн ч насны эцэст зовдог хүн, нэг ч хүүхэдгүй хэрнээ ганцаар тун чиг жаргалтайгаар өөрийнхөөрөө амьдардаг нэгэн бас бий. Өдөр тутамдаа нэг л хувцсаа өмсөж сарын цалингаараа амьдралаа зохицуулдаг, үүндээ ч сэтгэл хангалуун нэгэн байхад арван давхар орд харш, хоёр өрөө дүүрэн хувцастай ч түүндээ сэтгэл нь ханадаггүй хүн байна. Өчүүхэн жижигхэн амжилтдаа баярлаж өөрийгөө үнэлж, ахиж байгаагаа мэдэрч түүнээсээ баясал авдаг нэгэн байхад хорвоогийн бүх хүнд танигдсан амжилтын эзэн ч өөрийгөө чамлан сэтгэл дундуур явж болно.

Хүн юунд сэтгэл ханах, хэмжээ хязгаараа хязгаарлах нь баримжаалж, таамаглаж боломгүй хэцүү зүйл юм даа. Амьдрал эрээн, бараан л гэлцэнэ. Үүн дунд гэрэл бас сүүдэр сүлэлдэн хоршиж явсаар бидний амьдралын амт таардаг. Цаг үргэлж зөвхөн сайхан зүйлийг л харж, мэдэрч бас хүрээлүүлж амьдарна гэдэг бүтэшгүй. Сайнд ч мууд ч аль алинд нь хэтэрхий их дасаж болохгүй.

Үргэлжид муу муухайгаас зугтааж амьсгаадаж гүйгээд байвал нэг л өдөр бодит үнэнтэй тулмагцаа багтарч үхэх ч юм бил үү. Бодит байдал гэдэг заримдаа тэсэхийн аргагүй гашуун, халширч зугтмаар тийм л аймшигтай зүйл болчихдог. Гэтэл угтаа бол хүн бүр үнэн мөнийг хайсаар л байдаг шүү дээ. Зүүд зэрэглээ мэт сайхан дүртэй худал хуурмагт толгойгоо дүрчихвэл гарахад тун хэцүү. Үнэн хаана байна гэж цөм асуух хэрнээ түүнийг дүрийг хармагцаа зүсээ сайн хувилгасан худал хуурмаг руу гүйгээд одчихдог нь мөн харамсалтай хэрэг дээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.137.145) 2023 оны 01 сарын 09

Tiim shuu.Gehdee hun amid bn gedeg l deediin deed jargal! getel hun dandaa iluug haij jisheelbel saihan ur huhedtei hani ijiltei baij bj uur uluu g haij guine..getel heden jiliin daraa yaah bol yag adil baidaldaa ochino!

0  |  0
Ye(24.126.9.110) 2023 оны 01 сарын 08

Yes

2  |  0
Top