ТОЙМ 2022 I Дэлхий дахинд өрнөсөн ОНЦЛОХ ТАВАН үйл явдал

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 30

Мэдээ, мэдээллийн ZINDAA.MN сайт улирч буй 2022 оны онцлох үйл явдал, тодотгох сэдвүүдийг салбар тус бүрээр тоймлон хүргэж байна.

Эрхэм уншигч Та олон улсад өрнөсөн ОНЦЛОХ ТАВАН үйл явдлын тоймд анхаарал хандуулна уу!


Жилийн сүүлийн өдрүүдэд улиран одож буй оноо дүгнэж, цэгнэдэг. 2022 он дэлхий дахинд боломжгүй мэт бүх зүйл биеллээ олсон оноор түүхэнд бичигдэж үлдэв. Улиран одож буй он үйл явдлаар баялаг ч амаргүй жил байлаа. Харамсалтай нь, ихэнх үйл явдал нь тэр бүр баяр, баясгалан авчирсангүй.

Украин дахь Оросын цэргийн ажиллагаа, Их Британийн хатан хаан II Элизабет таалал төгссөн, Иран, БНХАУ дахь жагсаал цуглаан, Твиттерийн хувьсгал, эрчим хүч, хүнсний хямрал гээд гуниг дагуулсан үйл явдал шил дараалсан ч Бээжингийн Олимпын их наадам, Катарын хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг бидний хүсэн хүлээсэн баярт үйл явдал энэ жилийг чимлээ.

Zindaa.mn сайт дэлхий дахинд болсон онцлох таван үйл явдлыг онцолж байна.


Дэлхийг хямруулсан Украины дайн

2022 оны хоёрдугаар сарын 24-ний өглөө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэн тухай зарлав. Донбасс дахь нөхцөл байдалтай холбоотойгоор эхлүүлсэн тусгай ажиллагаа нь Украиныг цэрэггүй улс болгох зорилготой гэж мэдэгдсэн. Тэрбээр Украин улсад цөмийн зэвсэгтэй болох, НАТО-г дорно зүгт тэлэх нь улаан зурвас хэмээн тодорхойлсон.

Оросын тал давшилтын оргил үедээ Украины нутаг дэвсгэрийн 27 орчим хувийг эзлээд байсан бол арванхоёрдугаар сар гэхэд энэ тоо 18 хувь болж буурсан. Харьков мужид бүтэлгүйтсэний дараа В.Путин Орост хэсэгчилсэн дайчилгаа зарласан бол аравдугаар сарын эхээр Донецк, Луганск, Запорожье, Херсон мужуудыг Орост нэгтгэсэн тухай зарлав.

НҮБ-ын мэдээллээр, Украин дахь дайн 6884 энгийн иргэний амийг авч одсон бол 10947 энгийн иргэн шархаджээ. Гэхдээ бодит байдал дээр энэ тоо харьцангуй өндөр гэж үзэж байна. Украины амин чухал дэд бүтцийн олон зуун объект ашиглалтаас гарч, 100 мянга гаруй орон сууцны барилга сүйрчээ. Оросын халдлага дүрвэгсдийн хямрал дагуулсан. НҮБ-ын мэдээллээр, Украиныг 7.86 сая хүн орхин гарч, найман сая иргэн дотооддоо шилжилт хөдөлгөөн хийжээ. Оросын энэ үйлдлийг дэлхийн ихэнх улс орон эрс буруушааж, хориг арга хэмжээний “шуурга” дэгдээв. Оросыг дэлхийн эдийн засгаас тусгаарлахад чиглэсэн хоригууд олон улсын худалдаа буурах, хүнс болон эрчим хүчний эх үүсвэрийн үнэ хөөрөгдөхөд хүргэсэн.


 

Хатан хаан II Элизабетын эрин үе төгсөв

2022 оны есдүгээр сарын 8-нд Их Британийн хатан хаан II Элизабет 96 насандаа таалал төгссөн билээ. Их Британийн хаант засаглалын бэлгэ тэмдэг, тус улсыг 70 гаруй жил удирдаж, нэгдсэн вант улсын түүхэн дэх дээд амжилтыг эвдсэн хатан хаан II Элизабет Шотландын Балморал цайзад гэр бүлийнхээ хүрээлэл дунд таалал төгссөн юм.

 

II Элизабетыг таалал төгссөний дараа Их Британийн хаан ширээнд түүний хүү Чарльз суусан билээ. III Чарльзын эхнэр Камилла хатны статустай болсон юм.

Тухайн сард Их Британийн Ерөнхий сайдаар Гадаад хэргийн сайд Лиз Трасс сонгогдсон билээ. Борис Жонсоныг залгамжилсан тэрбээр Ерөнхий сайдын албан тушаалд 44 хоног л ажилласан юм. Лиз Трассын эдийн засгийг дэмжих төлөвлөгөө шүүмжлэл дагуулж, тэрбээр огцорсон билээ. Түүний өмнөх Ерөнхий сайд Борис Жонсон мөн хэд хэдэн дуулианы дараа Ерөнхий сайдын суудлаас буусан. Түүний боловсон хүчний бодлого шүүмжлэл дагуулж, коронавирусний цар тахалтай холбоотойгоор орон даяар тогтоосон бүх нийтийн хөл хорионы үеэр Даунинг стрит-эд үдэшлэг зохион байгуулсантай нь холбоотой дуулиан дэгдсэн юм. Мөн түүний сайд нарын танхимын гишүүд олноороо огцорч, Борис Жонсон шүүмжлэлд өртсөн билээ. Эцэст нь Их Британийн Ерөнхий сайд жилд гурав дахь удаагаа солигдож, Сангийн сайд асан 42 настай Риши Сунак шинэ Ерөнхий сайд болсон юм. Тэрбээр 1812 оноос хойших Их Британийн түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд, тус улсын түүхэнд анхны энэтхэг гаралтай Ерөнхий сайд болсон билээ.


 

Ши Жиньпин хүчтэй удирдагч гэдгээ батлав

Бээжин хотноо аравдугаар сард болсон Хятадын Коммунист намын ХХ их хурал Ши Жиньпинийг ХКН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд гурав дахь бүрэн эрхийн хугацаанд улираан сонгов. Тус их хурлаар Ши Жиньпиний эрх мэдлийг улам бэхжүүлж, үзэл санааг нь “Хятадын соёл, үзэл санааны цөм” хэмээн тодорхойлжээ.

Ши Жиньпиний зүгээс Бээжин армиа шинэчилж, 2027 онд тэмдэглэх Хятадын Ардын чөлөөлөх армийн 100 жилийн ой гэхэд дэлхийн хэмжээний зэвсэгт хүчинтэй болно хэмээн мэдэгдсэн. Тайванийн асуудлаар тэрбээр энхийн замаар нэгдэхийг эрмэлзэнэ хэмээсэн ч шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэхээс татгалзахгүй гэж зарлав.

Энэ оны дэлхийн нийтийн анхаарлын төвд Тайванийг тойрсон асуудал татсан билээ.Тус аралд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси айлчилснаар нөхцөл байдлыг улам хурцатгасан. Айлчлалаас хойш Хятадын ардын чөлөөлөх арми арал орчим цэргийн сургуулилт тогтмол хийх болсон. Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд Тайванийн асуудал нь Бээжингийн хувьд “улаан зураас” хэмээн анхааруулсан бол Байден “нэг Хятад” зарчмыг баримтална гэдгээ баталсан.

Ази дахь хурцадмал байдалд БНАСАУ “дарь нэмэв”. 2022 он гарснаас хойш БНАСАУ нийт 66 баллистик пуужин туршиж, далавчит пуужингийн туршилтыг гурван удаа хийжээ. Есдүгээр сарын эхээр БНАСАУ “Цөмийн зэвсгийн талаар баримтлах бодлого”-доо цөмийн улс хэмээн зааж, цөмийн зэвсгийн талаарх аливаа шийдвэрийг зөвхөн удирдагч Ким Жон Ун гаргана гэж заасан билээ.


 

Инфляц хөөрөгдөж, эрчим хүч, хүнсний хямрал үүсэв

Энэ онд дэлхийн эдийн засаг хоёр дахин буурч, дэлхий даяар инфляц хөөрөгдөж, эрчим хүчний эх үүсвэр, хүнсний хямрал нүүрлэв. Коронавирусний цар тахлын үр дагавар, Украины дайн, дэлхийн ихэнх улс орнуудад нүүрлэсэн инфляцын өсөлт амьжиргааны өртгийн хямрал, дэлхийн санхүүгийн нөхцөл байдал хүндрэхэд хүргэв.

Оросын эсрэг тавьсан өрнөдийн хориг арга хэмжээнүүд дэлхийн газрын тосны зах зээлд хомстол үүсгэсэн. Брент маркийн газрын тосны үнэ 2008 оноос хойш анх удаа нэг баррель нь 139 ам.долларт хүрэв. Газрын тосны үнэ огцом өссөнөөс үүдэн ихэнх улс орнуудад түлшний үнэ нэмэгдэж, улмаар бараа, үйлчилгээний үнийг дээд цэгт хүргэв. АНУ-д гэхэд сүүлийн 40 жилд анх удаа инфляц есөн хувийг давсан бол Европын Холбоонд 11.5 хувьд хүрчээ.

Газрын тосны үнэ өсөхтэй зэрэгцэн ЕХ-нд байгалийн хийн үнэ дээд цэгт мөн хүрсэн. Энэ нь Оросын байгалийн хийн нийлүүлэлт багассантай холбоотой.

Геополитик, эдийн засаг, хэт халалт, үер, ган гачгаас үүдэлтэй хүнсний хямрал мөн дэлхийн дахиныг нүүрлэв. Украинд дайн эхлэхээс өмнө хүнсний бүтээгдэхүүний үнэ дээд хэмжээнд хүрээд байсан ба Украины дайн энэ үйл явцыг хурдасгасан билээ.


 

Ангараг гараг ойртож, үхэл холдов

2022 он шинжлэх ухаан, технологийн салбарын хувьд ололт, амжилтаар дүүрэн жил байлаа. Нэгдүгээр сард хүн төрөлхтний түүхэнд анх удаа хүнд генийн өөрчлөлттэй гахайн зүрхийг амжилттай шилжүүлэн суулгав. Эрдэмтдийн анхаарлаас гадна үлдсэн гахайн херпесийн халдвар өвчтөний аминд хүрэх шалтгаан болсон ч генийн өөрчлөлттэй амьтны эрхтэн хүний амийг аврах боломж болохыг харуулав.

Энэ онд хорт хавдрын эсрэг хэд хэдэн вакциныг амжилттай туршжээ. Гэхдээ “вакцин” гэх үг нь харьцангуй ойлголт. Учир нь энэ нь урьдчилан сэргийлэхээсээ илүү эмчилгээний эм. Гэсэн хэдий ч туршиж буй эмүүд өвчтөнд хорт хавдрын эсийг устгах чадвартай өөрийнх нь дархлааг бий болгоход чиглэсэн тул “вакцин” гэж нэрлэж байна.

Наймдугаар сард амьдрал, үхлийг заагийг бараг “арилгасан” гэх нэг нээлт гарсан нь үхсэн гахайн эд, эс, тэр ч бүү хэл цусны эргэлтийн системийг ахин “амьдруулж” чадсан явдал байв.

Арваннэгдүгээр сарын 16-нд түүхэн дэх хамгийн хүчтэй пуужин “Space Launch Syste” Канаверал хошуунаас хөөрсөн. 100 м урт пуужингийн даалгавар ирээдүйд хүмүүсийг сар руу тээвэрлэх аппаратыг турших явдал байв. Энэ бол саран дээр бааз байгуулах зорилготой “Artemis” хөтөлбөрийн эхний үе шат. Дараагийн зогсоол бол Ангараг гараг. Энэ онд мөн нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь арваннэгдүгээр сард Сан Францискод нээгдсэн уран зургийн үзэсгэлэн байв. Үзэсгэлэнд тавигдсан зургуудыг хиймэл оюун ухаан бүтээснээрээ онцлог. Ийнхүү хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд өрсөлдөгч гарч ирснийг тунхагласан бас нэг үйл явдал байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top