Хөгжлийн банк 994.7 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 28

Өнгөрөгч 2022 онд Монгол Улсын Хөгжлийн банкнаас хүсэлт гаргасны дагуу тус  банкнаас олгосон чанаргүй зээлтэй холбоотой хэрэг үүсгэн Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн 20 гаруй мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. 

Шалгалтын ажиллагаа явагдаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд, нийт 994.7 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ.

Үүнээс 724.4 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 89.7 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлсэн байна.

Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байна.

Хөгжлийн банк нь өнөөдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 31.1% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 736.7 тэрбум төгрөгийн, 73.4% нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 2 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top