Лионель Месси үнэмлэхүй ДЭЭД АМЖИЛТ тогтооход ойртсоор

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 14

Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Месси багтаа "Катар-2022" хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтын тасалбар авч өглөө.

35 настай Месси Хорватын багийн эсрэг тоглолтын 34 дэх минутад өрсөлдөгчийнхөө хаалганд торгуулийн цохилт хийснээр ДАШТ-ий шилдэг довтлогчийн жагсалтад Францын багийн довтлогч Килиан Мбаппег гүйцэв. Хоёр тамирчны нэр дээр одоогоор тус бүс таван гоол бүртгэгдээд байна. Түүнчлэн, “гоол+пасс” системээр авсан оноогоор Месси, Мбаппе нар долоон оноогоор тэнцээд байна.

Месси Бразилын шигшээ багийн довтлогч асан Роналдогийн 1966 оноос хойших ДАШТ-нд гоол эсвэл оновчтой дамжуулалт хийсэн тоглолтын тоогоор тогтоосон амжилтыг давтав. Хөлбөмбөгийн хоёр домгийн халаасанд одоогоор тус бүс 13 ийм тоглолт байна.

Месси мөн Германы шигшээ багийн тоглогч асан Лотар Матеусын ДАШТ-нд оролцсон тоглолтын тоогоор тогтоосон дээд амжилтыг мөн давтжээ. Хорватын багийн эсрэг хийсэн тоглолт түүний хувьд ДАШТ-ий 25 дахь тоглолт юм.

Месси ирэх ням гарагт Маттеусын энэ амжилтыг эвдэх юм. Аргентины багийн хувьд ирэх шигшээ тоглолт зургаа дахь нь болох юм. Аргентин хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд хоёр удаа буюу 1978 болон 1986 онуудад хожиж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top