Sportske Novosti: Аргентинчууд биднийг өдөөн хатгах төлөвлөгөөтэй

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 13

Өнөөдөр шөнө “Катар-2022” дэлхийн аваргын тэмцээний хагас шигшээ тоглолт эхэлнэ. Эхний тоглолтод Аргентин, Хорватын баг учраа таараад байгаа.

Хорватын Sportske Novosti хэвлэлд Аргентины шигшээ баг Хорваттай тоглох маш бохир тактик боловсруулсан гэж мэдээллээ.

Мэдээнд “Аргентинчууд манайхныг өдөөн хатгах гэж байгаа мэдээ баталгаатай эх сурвалжаас ирлээ. Аргентины шигшээ багийн нэгэн тоглогч “Хорватын багийнхныг тоглолтын хэмнэлээс нь гаргаж, бухимдуулах даалгавар дасгалжуулагч өгсөн” гэж клубийн хорват анддаа ярьсан гэнэ. Энэ аргентин тоглогч шигшээ багийн гарааны тоглогч бөгөөд Европын нэгэн клубт Хорватын шигшээн нэгэн тоглогчтой хамт тоглодог. Аргентинчууд бохир тактикаараа 60 минутын дотор эсвэл 2:0 тэргүүлнэ, үгүй бол нэг хорватыг улаан хуудсаар гаргана гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Тэд манай тамирчдыг сэтгэл зүй султай, байнга түлхэж, унагааж, хэл амаар доромжлоод байвал биеэ барьж чадахгүй болно гэж тооцсон. Ялангуяа хамгийн уур хилэнгээ барьж чадахгүй гурван хорват тоглогчийг нэр заан, тэднийг улаан хуудсаар торгуулах гэж байна” гэж бичжээ.  

Хорватын дасгалжуулагч Златко Далич энэ талаар “Аргентин ямар тактиктай тоглохыг бид мэдэхгүй. Гэхдээ тэд өрсөлдөгчөө уурлуулж, алдаа гаргуулахын тулд юу хийж чадахыг бид мэднэ. Нидерландтай хийсэн тоглолт дээр бид бүгдийг харсан. Тэп ялахын тулд юу ч хийхээс буцахгүй. Хэрэв үнэхээр хэн нэг нь бохир аргаар финалд шалгарах гэж төлөвлөж байгаа бол харамсалтай байна. Бидний хувьд тайван байж, Аргентиныг талбай дээр ялах л чухал” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(49.0.130.132) 2022 оны 12 сарын 13

Тодорхой л доо лаларууд.

0  |  0
Top