Португалын төлөө хийсэн бүхэнд нь БАЯРЛАЛАА Роналду, БАЯРТАЙ!

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 12


Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг, Португалын од Криштиану Роналду Катарт эх орондоо дэлхийн аваргын цом авчрах мөрөөдлөө биелүүлэхээр ирсэн. Гэвч түүний мөрөөдөл талаар болж, магадгүй сүүлчийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ нүдэндээ нулимстай, зүрхэндээ харуусал дүүрэн орхилоо.

Португалын шигшээ багийн ялагдлын дараа Роналду цахим хуудсандаа “Португал улсдаа ДАШТ-ий аваргын цом авчрах нь миний замналын хамгийн том, хамгийн дээд мөрөөдөл байлаа. Би маш олон тэмцээний шагнал авч байсны дотор Португалын шигшээ багтайгаа авсан цом ч олон байгаа. Гэхдээ хөлбөмбөгийн хамгийн өндөр оргилд эх орныхоо нэрийг мөнхлөх нь миний хамгийн том мөрөөдөл байсан” хэмээн харууслаа бичжээ.
 


Тэр энэ мөрөөдлийнхөө төлөө тэмцсэн, маш их хичээж, зүтгэсэн...

Катарт ирснийх нь дараа эх оронд нь Роналдуг багагүй шүүмжилж, багийн ерөнхий дасгалжуулагч нь түүнийг сэлгээнд суулгаж, эх орныхоо төлөө өөрийн карьераа золиосолж, бүх зүйлээ зориулан зүтгэж ирсэн түүнд хүнд өдрүүд тохиолдсон...

Тэгвэл нүдэндээ нулимстайгаар ДАШТ-ийг өндөрлүүлсэн түүнийг дэмжигчид, үнэнч фэнүүд нь Роналдуд зориулан дараах постыг нийтэлсэн байлаа:

Тэр 2014 онд Португалын шигшээ багт тоглохын тулд бүх карьераа эрсдэлд оруулсан...

Тэр 10 гаруй жил үндэстнээ авч явсан...

Тэр Португалыг таниулж, шилдгүүдтэй өрсөлдүүлэхэд хүргэсэн...

Түүний карьер итгэмээргүй байсан шигээ итгэмээргүй төгслөө. Бодит бус үзэн ядалт, шүүмжлэл, худал гүтгэлгийн эсрэг бүх карьерынхаа туршид Криштиану Роналду байсанд баярлалаа. Үүрд, Роналду.

Тэр бол цорын ганц бүх цаг үеийн агуу хөлбөмбөгч... гэж Роналдугийн шүтэн бишрэгчид бичжээ.
 


Дэлхийн аваргын цомыг атгах мөрөөдөл нь талаар болсон ч Роналду “Би ганц л юм хэлмээр байна. Бүх хүн мэдээсэй гэж хүсэж байна. Миний талаар маш олон зүйл бичсэн, ярьсан, худал мэдээлсэн. Гэхдээ Португал эх орондоо үнэнчээр зүтгэх хүсэл минь нэг хором ч өөрчлөгдөөгүй шүү. Би хэзээ ч эх орон, баг хамт олон, анд найзуудаасаа буруу харахгүй” гэжээ.
 


Катарт ялагдал хүлээх өдрийг хүртэл мөрөөдлийнхөө төлөө жаргалтайгаар зүтгэж байснаа Роналду “Баярлалаа, Португал. Баярлалаа, Катар. Мөрөөдөл минь үргэлжилж байхдаа сайхан байлаа...” хэмээн илэрхийлсэн юм.

Эх орныхоо төлөө, хөлбөмбөгийн төлөө хийсэн бүхэнд нь баярлалаа, Криштаину Роналду. Баяртай!
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
selgeee(203.23.199.221) 2023 оны 01 сарын 04

ronaldo zugeer togloxgyi neree zeber abch uldex baisan um

0  |  0
Зочин(202.126.90.30) 2023 оны 01 сарын 04

Сүүлийн жилүүдэд тоглолт нь муудсан өөрөө түүнийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй байна тиймээс сэлгээнд суудаг болсон том багууд тоохоо больсон харин месси бол өндөр түвшинд тоглож байгаа. Дэлхийн аварга болоход нэг л тоглолт үлдлээ

2  |  7
Top