“The Eagle Huntress” ном АНУ-д борлуулагдаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 08

Монголын баруун хязгаар, Алтайн уулсын бэлээр нутагтай Казах үндэстний соёл уламжлалын нэгээхэн гайхамшгийг дэлхийд таниулж яваа улаан бутарсан царайтай, гэнэн цайлган яриатай Н.Айшолпан хэмээх охиныг өнөөдөр Монгол төдийгүй дэлхий дахинаа андахаа больжээ.

Казахын ард түмний хосгүй уламжлалт бүргэдийн баяраар 80 гаруй эрийг ардаа орхиж түрүүлсэн жаахан охин Нургайвын Айшолпаны талаар дэлхийн хэвлэл мэдээллүүд шуугиж эхэлсэн цаг саяхан.

Израйлийн гэрэл зурагчин Ашер Свиденски “Бүргэдийн баяр”-ын үеэр нэг гар дээр шувуугаа суулган өндөр хавцал дээр алсыг харуулдан зогсоо Айшолпан охины зургийг барууны томоохон хэвлэлүүдэд илгээснээр түүний түүх эхэлж, бяцхан охин дэлхийн хүн болсон билээ.
 


Тэгвэл энэ удаад түүний бага наснаас өнөөг хүртэлх түүхийг өгүүлэх, намтар ном хэвлэгдэн гарсан тухай мэдээг Н.Айшолпан охин өөрийн цахим хуудсандаа бичсэн байна.

Тэрбээр "Үнэхээр сайхан байна. Нэрт сэтгүүлч, зохиолч Лиз Уэлш миний "Бүргэдтэй ангууч" киноноос маань сэдэвлэсэн намтар номыг минь бичиж хэвлүүлжээ. Лиз миний бага наснаас өнөөг хүртэлх амьдралын намтарыг маань эцэг, эхээс минь асууж, лавлан ийнхүү ном болгосон юм. Үүнд би хэзээ төрсөн, хэрхэн амжилтад хүрсэн, саад бэрхшээлийг яаж туулсан зэрэг бүх үйл явдлууд гарах болно. Үүнээс гадна Казах түмний бүргэдтэй ан агнуурын урлаг, нүүдэлчин монгол казахуудын тухай мэдээлэл ч багтсан. Номын анхны хэвлэлтүүд АНУ-д худалдаалагдаж эхэлсэн бөгөөд тун удахгүй Казахтсанд нээлтээ хийх юм. Тэр цаг хугацааг би тэсэн ядан хүлээж байна" гэж бичжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top