ОЛОН ӨНГӨ: Яаж амьдрахаа өөрөө шийд

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 08

Гараа хумхиж суугаад ядуу амьдрах, гадаа гарч ажиллаад чинээлэг явах хоёроос сонголтоо хийхэд боломж гарч ирж л таарна. Гол нь хандлага. Бусдын сайн жишгээс үлгэр дууриал аваад бодит амьдралаа өөрчлөх оюун санааны хувьсгалыг монголчууд эхлүүлбэл яасан юм бэ.  Монгол хүн бүр хөрөнгөтэй мөнгөтэй болохын төлөө хүчээ сориод ирвэл тун сайн сан.

Хорин нэгдүгээр зууны хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болох Хятадын дардан замыг шинэлэг сэтгэлгээний элч хэмээгддэг Дэн Сяопин тавьсан тухай ном товхимолд тэмдэглэсэн байдаг. Тариачдын хаан Мао Зедун нь өөд болсны дараа тус улсад авлига, хээл хахууль газар авч тартагтаа тулж байх тэр үед Дэн Сяопин гарч ирснээр энэ бүхнийг эцэс болгосон байдаг. Тэрээр ард түмэндээ хандан хэлсэн нэгэн алдартай үг байдаг нь “Бүх нийтээрээ баяжихтун” гэсэн уриалга юм.

Тэр цагаас хойш бүх хятад нийтээрээ аж ахуй эрхэлж, газар тариалан, гар урлалыг хөгжүүлж, айл өрх бүр хөдөлмөр эрхэлж эхэлсэн байдаг. Дэн Сяопины шинэлэг сэтгэлгээг ард олныхоо дунд буй болгож чадсаны үндэс нь өнөөдрийн бар улсыг бүтээн босгосон түүхтэй юм. Манай улсын түүхэнд ч гэсэн 1920-оод онд Солийн Данзан, 1930-аад онд Пэлжидийн Гэндэн “Баяжихтун” уриалгыг гаргаж л байсан.

Харамсалтай нь тухайн цаг үеийн үзэл суртлыг давж чадаагүй. Тэглээ гээд түүх ярьж, төвөг бүхнийг тоочоод яахав. Өнөөгийнхөө нийгэмд л хийж бүтээх, хөрөнгө мөнгөтэй болох чин сэтгэлийн эрмэлзлэлийг хүн бүхний зүрх сэтгэлд асаамаар байгаа юм.  Эцсийн эцэст яаж амьдрахаа та өөрөө л шийднэ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top