"Өглөөний сонин"-ы сэтгүүлч С.Ууганбаяр, "Зиндаа" сэтгүүлийн сэтгүүлч Д.Оюунцэцэг нар "Ган үзэг-2022" цомын эзэд боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

МСНЭ-ийн сэтгүүл зүйн салбарын оны шилдгийн шилдгийг тодруулах “Ган үзэг-2022” тэргүүн наадам өчигдөр /2022.12.05/ болж өндөрлөлөө.

Тус наадмын “Сонины шилдэг сэтгүүлч”-ээр “Өглөөний сонин”-ы Тоймчдын албаны дарга С.Ууганбаяр шалгарав. Тэрбээр сониныхоо тод өнгө болж, тогтсон уншигчдыг “хөтөлж” байдаг 76/1 булангаар тус шагналыг хүртлээ. Энэхүү булангаар улстөрчдийн дутагдалтай зүйлийг шог хошин хэлбэрээр найруулан бичиж, энэ онд л гэхэд 70 гаруй цуврал нийтлэлийг уншигчдын хүртээл болгосон билээ. С.Ууганбаяр нь сэтгүүл зүйн салбарт, тэр дундаа өдөр тутмын сонинд 20 гаруй жил тууштай ажилласан шилдэг сэтгүүлч юм.

Түүний бичсэн “Нарснаас наранд мандсан ялалт”, “Шинэ цагийн хууль засагч”, “Боловсон пиарчин”, “Төсвийн мөнгөөр бүтээсэн бурхан”, “Бүдүүн бүлгийн бөмбөг”, “Хуримын генерал”, “Ярьсаар яваад явдалдаа ядрах дүр” гэх мэтчилэн маш олон хөрөг нийтлэлүүд бий. Хоржоонтой хийгээд тухайн хөргийн эзний талаар олон баримтыг бичлэгийн уран чадвараар тодотгон гаргаж ирдэг нь түүний давуу тал юм.

Мөн сэтгүүлийн шилдэг сэтгүүлчээр “Зиндаа” сэтгүүлийн Ерөнхий редактор, хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг шалгарлаа. Тэрбээр 2019 оноос одоог хүртэл улирал, хагас жилд 250-300 нүрээр хэвлэгддэг сэтгүүлд ажиллаж байна.

МСНЭ-ийн Ган үзэг-2022 наадмын шилдгүүдээс сонирхуулбал, шилдэг телевизээр “Ийгл”, шилдэг сониноор “Өдрийн сонин”, шилдэг сэтгүүлээр “Үндэстний тойм сэтгүүл”, шилдэг радиогоор “Шинэ долгион 107.5”, шилдэг мэдээллийн сайтаар “ubn.mn”, гэрэл зургийн шилдэг бүтээлээр “MPA.mn” агентлаг, орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар “Khuvsguliinungu.mn сайт” тус тус шалгарсан юм.

Түүнчлэн сонины шилдэг сэтгүүлчээр “Өглөөний сонин”-ы С.Ууганбаяр, сэтгүүлийн шилдэг сэтгүүлчээр “Зиндаа” сэтгүүлийн Д.Оюунцэцэг, телевизийн шилдэг сэтгүүлчээр “С1” телевизийн Д.Батсүрэн, мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлчээр “Эргэлт.мн” Б.Цогтбаяр, радиогийн шилдэг сэтгүүлчээр “МҮОНР” Ж.Золзаяа, орон нутгийн шилдэг сэтгүүлчээр “Erdenet.info”-ийн сэтгүүлч Ц.Ариунчимэг нар шалгарлаа.

Мөн сонины шилдэг редактороор “Өдрийн сонин” Я.Баярбаатар, “Үнэн сонин” Г.Сонинбаяр, телевизийн шилдэг редактор “Ийгл” телевиз Н.Баасандамба, радиогийн шилдэг редактор “МҮОНР”-ийн Г.Болормаа нар шалгарсан бол шилдэг менежерээр “MNC телевиз”-ийн менежер А.Алтанчимэг шалгарав. Харин сонины шилдэг бүтээлээр “Өнөөдөр сонин”-ы сэтгүүлч Ж.Сувдмаа, “Хөшигийн хөндийг хөшиглөсөн шуналын сүүдэр арилаагүй” нийтлэл, телевизийн шилдэг бүтээлээр “NTV” телевизийн сэтгүүлч Б.Батцэцэг “Тэгээс тэг” цуврал, сайтын шилдэг бүтээлээр Zarig.mn сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Төсвийг мөшгөе” цуврал, сэтгүүлийн шилдэг бүтээлээр Майнинг инсайт, сэтгүүлч С.Болд-Эрдэнэ, “Эрдэнэс Тавантолгойг Хятадын тэнгэр ивээг” нийтлэл шалгарлаа.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн шилдэг бүтээлээр Дархан-Уул аймаг Цэц.мн сайтын “Хар булан” цуврал, МҮОНРТ “Ногоон сум” төсөл, радиогийн шилдэг бүтээлээр Шинэ Монгол радио 101,7 “Радио аналоги” цуврал нэвтрүүлэг шалгарсан юм. Түүнчлэн Ерөнхийлөгчийн нэрэмжит цомоор Tug.mn, zuv.mn, tsahiur.mn сайтуудын нэгдэл, “Цахим наадам” төсөл, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомоор Соён гэгээрүүлэгч телевиз, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомоор “Эх хэл бичиг” сэтгүүл тус тус шалгарлаа.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top