Үндэсний дээд лигийн нээлтийн тоглолтууд

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 02

Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны 2022-2023 оны Үндэсний Дээд лигийн шинэ улирлын нээлтийн тоглолт өчигдөр буюу 12-р сарын 1-ний өдөр UG Arena ордонд боллоо. Эхний өдөр болсон гурван тоглолтын тоймыг танилцуулж байна.

16 настай охин 20 оноо авч Улаанбаатар Амазонс эхний хожлоо авлаа

Дээд лигийн нээлтийн өдрийн эхний тоглолт Улаанбаатар Амазонс, Эрдэнэтийн Уурхайчид багуудын хооронд боллоо. Хоёр хүчирхэг багийн тоглолтод энэ удаа Улаанбаатар Амазонс баг 78-67 харьцаатай илүүрхэв.

Уурхайчид тоглолтын нэгдүгээр үеийг 15 онооны илүү дуусгасан. Харин Улаанбаатар Амазонс баг хоёрдугаар үед өрсөлдөгч багаасаа 16 оноо илүү авснаар эхний хагасыг 36-35 харьцаатай тэргүүлсэн юм. Гурав, дөрөвдүгээр үед Улаанбаатар Амазонс баг сайн тоглолтоо хадгалж, улирлын эхний хожлоо байгууллаа. Улаанбаатар Амазонс багийн Б.Болор-Эрдэнэ 20 оноо, 6 бөмбөг таслалт хийж бүх тоглогчдыг оноо, бөмбөг таслалтаараа тэргүүлсэн юм. Харин Эрдэнэтийн Уурхайчид багаас таван тоглогч 10+ оноо авсан байна. Тодруулбал Чимэддолгор 10, Минжин 10, Уянга 15, Солонго 13 оноог тус тус авчээ.

Дайчдын легионер 36 оноогоор багаа хожилд хөтөллөө

Дээд лигийн нээлтийн өдрийн хоёр дахь тоглолт Архангай Алтан Дорнодын Дайчид, Тэнүүн Өлзий Металл багуудын хооронд боллоо. Дайчид тоглолтын эхнээс давамгайлалыг авч эхний үе 30-25, хоёрдугаар үе 55-44 харьцаатай дуусан юм. Харин гуравдугаар үед Тэнүүн Өлзий Металл баг оноог ойртуулж, ганцхан бөмбөгний зөрүүтэй 76-75 харьцаатай өндөрлөсөн билээ.

Тоглолтын дөрөвдүгээр үед Архангай Алтан Дорнодын Дайчид багийн импорт тоглогч Антони Харрисийн шидэлт, довтолгоо ээлж дараалан амжилттай болж багаа хожилд хөтөллөө. Харрис 36 оноо, 11 самбар, 6 оновчтой дамжуулалт, 54.2 хувьтай довтолжээ. Түүнд Ихбаяр 20 оноо, Батзолбоо 15 оноогоор тусалсан байна. О. Тулга талбайд +21 үзүүлэлттэй бүх тоглогчдыг тэргүүлсэн юм. Харин Тэнүүн Өлзий Металл багаас Сүхбат 27 оноо, 12 самбар авсан бол Энхтөр 20 оноо, 4 самбар, 2 оновчтой дамжуулалт өгсөн байна. Улирлын эхний хожлоо байгуулсан Архангай Алтан Дорнодын Дайчид баг дараагийн тоглолтоо бямба гарагт Шутис Шаркс багийн эсрэг хийх юм.

Нээлтийн өдрийн оргил тоглолтод Эрдэнэтийн Уурхайчид хожлоо

Дээд лигийн нээлтийн өдрийн сүүлийн тоглолт Эрдэнэтийн Уурхайчид, Хасын Хүлэгүүд багуудын хооронд боллоо. Эрдэнэтийн Уурхайчид тоглолтод эхнээсээ илүүрхэж 95-69 харьцаатай хожлоо. Ананд Хасын Хүлэгүүд багийнхаа өмсгөлтэй эхний тоглолтдоо 16 оноо авсан бол Билгүүн 17 оноотой багаа тэргүүлжээ. Харин Уурхайчдаас дөрвөн тоглогч 10-аас дээш оноо авсан байна.

Болор-Эрдэнэ дебут тоглолтдоо 12 оноо, 9 оновчтой дамжуулалт, талбайд +29 үзүүлэлттэй тоглосон бол импорт тоглогч Пендарвис Уиллиамс 27 оноо, 90 хувийн довтолгоо, 5/5 холын зайн шидэлт амжилттай гүйцэтгэжээ. Дашрамд дурдахад хоёр баг 2021-22 оны улирлын Дээд лигийн шигшээ цувралд учраа таарч Хүлэгүүд 4-0 харцьаатай шүүрдэж байсан удаатай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top