“Хөлбөмбөгийг 22 хүн тоглоод, Герман ялдаггүй” болжээ

2022 оны 12 сарын 02

Дэлхийн 4 удаагийн аварга Германы багт “Катар-2022” тэмцээний плей-оффт шалгарахад нэг их сүртэй даалгавар өмнө нь байсангүй. Коста-Рикаг ялахад л боллоо. Гэхдээ тэд ялсан ч хувь заяа нь зэрэгцээ явагдаж байсан Испани, Японы тоглолтоос хамаарах байв. Герман 4:2 ялсан, харин нөгөө талд Японы шигшээ хүчирхэг Испанийг ялснаар Ханс-Дитер Фликийн баг гэртээ харих боллоо.

Английн алдарт довтлогч, 1986 оны ДАШТ-ий шилдэг мэргэн бууч Гари Линекер хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн хурц эшлэлийг хэлсэн хүн.

“Хөлбөмбөгийг 22 хүн тоглоод, Герман ялдаг”

Энэ бол түүний эшлэлийн чөлөөт орчуулга бөгөөд ориг нь “Хөлбөмбөг жирийн тоглоом. 22 хүн 90 минутын турш бөмбөг хөөж гүйгээд, эцэст нь Герман ялдаг” юм.
 


Линекер энэ эшлэлийг 1990 оны ДАШТ-ий хагас шигшээд Английн баг Германд пенальтигаар ялагдсаны дараа хэлсэн гэдэг. Гари одоо телевизийн тайлбарлагч бөгөөд Германы хөлбөмбөгийн багт ямар нэг зүйл тохиолдоход бага зэрэг өөрчлөөд л дахин дахин хэлж, Германыг унтраадаг уламжлалтай болсон эрхэм.

Өчигдөр Германы баг хэсгээсээ гарч чадалгүй хасагдахад Линекер “Хөлбөмбөг жирийн тоглоом. 22 хүн 90 минут бөмбөг хөөж гүйгээд Герман ялдаг. Гэхдээ хэсгээсээ гарч чадвал тэр шүү дээ” гэж жиргэсэн юм.  

Өмнө нь тэр хэд хэдэн удаа эшлэлээ өөрчилсөн.
 


2018 оны ДАШТ-д Шведийн багийг цаг дуусахаас өмнө хийсэн Тони Кроосын гоолоор Герман ялсны дараа Гари “Хөлбөмбөг жирийн тоглоом. 22 хүн 82 минут бөмбөг хөөгөөд, нэг германыг улаан хуудсаар хөөнө. Дараа нь 21 хүн 13 минут бөмбөг хөөж гүйгээд эцэст нь германчууд яаж ийгээд ялдаг” гэж хэлсэн.

2018 оны ДАШТ өндөрлөсний дараа “Хөлбөмбөг жирийн тоглоом. 22 хүн 90 минут тоглоод, эцэст нь германчууд ялахаа больжээ. Эшлэлийн өмнөх хувилбар түүхэнд үлдсэн”

2018 онд Үндэстний лигийн дээд дивизионоос Герман хасагдахад “Хөлбөмбөгийг 22 хүн 90 минут тоглоод Герман ялдаг гэж хэлсэн хүн хөлбөмбөгийг огт ойлгодоггүй этгээд. Түүнийг халах ёстой”

Евро-2020 тэмцээнд Английн баг Германыг ялсны дараа “Германчууд үргэлж ялдаг эшлэлийг оршуулах цаг болжээ. Амгалан тайван нойрсоорой” гэж хэлсэн юм.   

Гэвч Германы шигшээ дахин хасагдаад алдарт эшлэл амь орсон нь энэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top