Бүтээн байгуулагч, үйлдвэрлэгчидээ “бүрэлгэх”-ээ хэзээ болих вэ!

2022 оны 12 сарын 02

Ажил, хөдөлмөрөө шударгаар хийж, баян тарган яваа хүнд дургүй зан манайханд хэзээнээс суусан юм бол. Магадгүй 100 жилийн өмнөөс, эсхүл Манжийн дарлалд орсон цагаас л баян хүнээ үзэн ядсаар өдгөө бүүр цусанд нь нэвт шингэсэн байж мэднэ. Тэгсэн мөртлөө уулзахаараа долоох шахам байх нь ч бий. За энэ ч яахав, хүмүүний араншин юм биз.

Гэтэл төр засаг нь ч хувийн хэвшлийнхэн, мөнгөтэй төгрөгтэй яваа, бүтээн байгуулж, босгож, үйлдвэрлэж, ажлын байр шинээр бий болгож буйдаа дургүй аж. Ямар нэгэн зүйл гаргаж ирээд л дааж давшгүй төлбөр тавьж, үгүй бол шууд л хуулийн заалт уншаад хаалгыг нь барьчихдаг үзэгдэл сүүлийн жилүүдэд хэвийн үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй.

Сошиал орчинд муу муухайгаар нь зүхүүлж, баян цатгалангаар нь дуудуулж хөрсийг нь бэлдэж байгаад нэг л өглөө маанийг нь уншчихдаг шилдэг арга энэ л жилүүдэд төгс төгөлдрөөр хэрэгжлээ. Гэтэл тэр үндэсний бүтээн байгуулагч, үйлдвэрлэгч нар шиг дахин тийм үйлдвэрүүд бий болоход дахиад өчнөөн жил шаарддаг байна. Арга ч үгүй биз. Яг л анхнаасаа хөрөнгө оруулалтаа босгоод үйлдвэрлэлийн арга барилаа туршаад, олон мянга дахин бүтэлгүйтэж байж сайн сайхан бүтээгдэхүүн гаргадаг гэнэ лээ.

Харин дэлхийн бусад улс орны хөгжлийн түүхэнд болохоор манайхаас эсрэг байдаг аж. Дэлхий нийтийг бүхэлд нь хамарсан том газрууд түүхийнхээ явцад олон алдаа гаргаж байж. Хүнсний салбарынханыхан дотроос бол бүр хүний амь нас хохирсон хэрэг ч гарч байсан гэдэг. Гэтэл тэднийг хаахаа урьтал болгохоос илүүтэй зөвлөн тусалж, алдаа оноог нь сануулсаар дэлхийд нэрд гарсан үйлдвэрлэл, бүтээгдэхүүнээ бий болгожээ. Тиймээс манай улс бүтээн байгуулагч, үйлдвэрлэгчидээ боомилж, торгох, хаахаа урьтал болгодогоо нэн тэргүүнд болих хэрэгтэй. Тэгж байж л олон мянган ажлын байр хадгалагдаж, шинээр бий болж, импортлогч орноос экспортлогч орон болох билээ. 

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.31.234) 2022 оны 12 сарын 02

эхлээд луйвар хийж боссон учир дургүй байлаг шдээ.

0  |  0
Top