Месси газарт унасан Мексикийн өмсгөлийн талаар тайлбар хийв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Месси Мексикийн багийн өмсгөлийг газарт унагасан талаар анх удаа тайлбар хийжээ.

Үүний төлөө түүнийг Мексикийн ард түмэнд хүндэтгэлгүй хандсан хэмээн буруутгасан билээ. 

Месси “Үүнийг буруу ойлгосон байна. Намайг мэддэг бүх хүн миний зүгээс ямар нэгэн хүндэтгэлгүй харьцсан зүйл байхгүй гэдгийг ойлгож байгаа. Тэр бол тоглолтын дараах хувцас солих өрөө. Би хэзээ ч Мексикийн ард түмэн болон Мексикийн багийн өмсгөлд хүндэтгэлгүй хандаж байгаагүй тул уучлал эрэх шалтгаан байхгүй” гэжээ.

Сануулахад, Мексикийн багийг 2:0 оноогоор ялсны дараах Аргентины багийн хувцас солих өрөөний гэрэл зураг олон нийтийн сүлжээнд түгсэн билээ.

Гэрэл зургаас үзвэл Мессигийн хөл дор Мексикийн шигшээ багийн өмсгөл хэвтэж байгаа харагддаг. Үүний төлөө Мексикийн боксчин, дэлхийн үнэмлэхүй аварга Канело хочит Сауль Альварес түүнийг буруутгаж байсан юм.
 


Хожим нь Сауль Альварес Месси болон Аргентины ард түмнээс уучлал эрж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр зохисгүй үг хэлсэндээ уучлал хүсээд “Бид бүгд шинэ зүйлд суралцаж байда. Энэ удаа миний ээлж байжээ” гэж нийгмийн сүлжээнд бичсэн байна.

Мессийг өмөөрч, хөлбөмбөгийн төдийгүй спортын бусад төрлийн нэрт төлөөлөгчид үзэл бодлоо илэрхийлсэн байна. 

Домогт боксчин Майк Тайсон “Канело гэгч Лионель Мессийг заналхийлжээ. Хэрэв тэр Мессид гар хүрч зүрхлэх юм бол надад олон жилийн дараа рингдээ буцаж гарахаас өөр аргагүй болох нь” гэж олон нийтийн сүлжээнд бичсэн байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top