Катар-2022: ОНЦГОЙ ДААЛГАВАР гүйцэтгэгч

Админ | Zindaa.mn
2022 оны 11 сарын 19

Ц.ЭНХТҮВШИН

Катараас мэдээлж байна ("Таван цагариг" сонин)

Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд хамгийн олон удаа оролцож, ялалтын агшинг хамгийн олон удаа мэдэрсэн хүн бол хөлбөмбөгчин, дасгалжуулагч аль нь ч бус харин жирийн нэгэн илээч байвал яах вэ?

Гэхдээ тэр бол жирийн нэгэн биш жинхэнэ "ид шидтэн" байсан хүн.
 


Бразилын хөлбөмбөгийн шигшээ багийн илээч Марио Америко долоон (1950,1954,1958,1962,1966,1970,1974) дэлхийн аваргад оролцсон цорын ганц хүн юм.

Марио Америко 1912 онд Бразилийн  Минас Жерайс мужийн Монте Санту хотноо төрсөн бөгөөд 22 настайгаасаа хөлбөмбөгийн багийн илээч болж, амьдралынхаа 38 жилийг энэ ажилдаа зориулжээ.
 


Олон дэлхийн аваргад оролцсоноос гадна "онцгой даалгавар" гүйцэтгэгч байсан гэдэг, Марио.

Марио Америкогийн тухай миний бие анх домогт спортын тайлбарлагч Николай Озеровийн номноос уншиж байлаа. 1958 оны Шведэд болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөө тоглолтын өмнө Бразилийн багийн  удирдлагууд, багийн ахлах дасгалжуулагч Винсент Феола нар Марио Америкод нэгэн "онцгой даалгавар" өгчээ. Тэр нь хэрэв Бразилын баг дэлхийн аварга болбол түүхэн тэр бөмбөгийг ямар нэг аргаар олж авах (тухайн үед одоогийнх шиг олон бөмбөг хэрэглэдэггүй, мөн тоглолтыг шүүсэн шүүгч тоглолтын бөмбөгийг өөртөө авах эрхтэй байсан гэдэг) байв.
 


Ингээд таамаглал ёсоор Бразил ч хожиж, анх удаагаа дэлхийн аварга болж, тоглолтын цаг дуусангуут Беллини тэргүүтэй бразилчууд бөмбөгийг бидэнд өгөөч гэж талбайн шүүгчээс гуйж.

Францын шүүгч М.Гиг "үгүй үгүй, холдоцгоо" хэмээн бөмбөгөө тэврээд явж байтал нэгэн халзан нөхөр хаанаас юм гарч ирээд бөмбөгийг шүүрэн аваад зугатан одох нь тэр. Тэр хүн бол манай гол баатар, Бразилийн шигшээгийн илээч Марио Америко байлаа.
 


Хувцас солих өрөөнд хамгаалалтынхан ирэх үед "бөмбөг шүүрэгч" маань олзоо аль хэдийнээ нууж амжсан байсан гэдэг.

Ийнхүү Бразилын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй бөмбөг Марио Америкогийн ачаар Өмнөд Америкийг зорьсон ажээ.
 


Хачирхалтай нь, энэ явдал дөрвөн жилийн дараа яг давтагдсан байдаг.

1962 оны ДАШТ-ий шигшээ тоглолтод Бразилчууд Чехийг 3:1 -ээр хожин дэлхийн хошой аварга болсны дараа тоглолтыг дэнсэлсэн ЗХУ-ын шүүгч Н.Латышевээс бразилчууд дурсгалт бөмбөгийг гуйж, харин шүүгч толгой сэгсрэн явах үед өнөөх л Бразилийн халзан толгойт илээч бас бөмбөгийг булаан зугатаажээ.

Тоглолтын өмнө Н.Озеров нутаг нэгт шүүгчид тоглоом наргианаар "Бразилын халзан илээч энд ирсэн гэсэн шүү! хэмээн сануулахад Н.Латышев "Би шөвөг авч яваа. Бразилын илээчийг  булаахаас өмнө бөмбөгийг  цоо хатгаад хийг нь гаргачихна. Тэгээд яаж булаахыг нь харнаа!" хэмээн хошигнож байж. Харин тоглолтын дараа шүүгч маань " Тэмцээний журам өөрчлөгдсөнийг мэдэж байлаа. Би бөмбөгийг багийн ахлагчид өгөхийг хүсч байсан. Харин тэр муу Бразилын халзан илээчийг дэгээдэж унагаж чадаагүйдээ л харамсаж байна" гэж ярьсан удаатай.

Марио Америко зөвхөн илээч, "бөмбөг шүүрэгч" байсангүй. Тэрбээр Финсент Феолагаас эхлээд Марио Загалло хүртэлх үе үеийн Бразилын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн найдвартай туслах байсан юм. Тэрбээр дасгалжуулагчдын өгсөн тактикийн зааварчилгаа бичсэн цаасыг эмнэлгийн анхан шатны цүнхэндээ хийгээд талбай дээр тоглогчдод тусламж үзүүлэх үедээ дамжуулдаг байжээ.
 


Хөлбөмбөгийн ертөнцөд Дэлхийн аварга хэмээх хүндтэй цолыг гурван удаа хүртсэн ердөө гуравхан хүн манай ертөнцөд бий.

Мэдээж эхнийх нь 1958,1962,1970 оны дэлхийн аварга , Хөлбөмбөгийн хаан Пеле. Түүний дараа 1958,1962 онд тоглогчийн хувьд, 1970 онд дасгалжуулагчийн хувиар дэлхийн аварга болсон алдарт Марио Загалло.

Харин гуравдахь нь Марио Америко юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top