ОЛОН ӨНГӨ: Алсран одож буй амьдралын сайн сайхан

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 24

“Социализмын үед бүгд л ижилхэн амьдралтай байсан” гэж ярихыг бишгүй л сонсож байлаа. Ингэж ярьсан хүмүүс ёс юм шиг залгуулаад “Одоо чинь баян хоосны ялгаа туйлдаа хүрчихсэн” гэж заавал хэлнэ. Сүүлийн залгуулж хэлж байгаа нь үнэний ортой гэдгийг өнөөгийн амьдрал бодит жишээгээр харуулж байгаа. Харин эхний үг бол худлаа санагддаг.

Өмнөх нийгэмд дарга цэрэг, танил талтай нь арай илүү хөрөнгө бэлтэй амьдарч л байсан гэдэг юм билээ. Ардчилсан нийгэм гарахад ч гэсэн тэдгээр хүмүүс л арай илүүг нь хожиж, өмч хувьчлалаар мэдээлэлд ойр, эрх мэдэлтэй нь илүү ихийг олж авсан. Тийм ч учраас сүүлийн 30-аад жилийн хугацаанд энэ улмаа даамжирсаар баян, хоосны ялгаа нь туйлдаа хүрч байна. Ямар сайндаа л УИХ-ын гишүүний зөөлөн суудлаас зарим нэг нь Улаанбаатарын утаатай, утаагүй хэсгийн тухай ярьж байхав. Улсын сургуульд жонхуу идүүлдэг тухай нэгэн ээж хэлж байсныг ч санаж байна. Гэтэл зөвхөн өдрийн хоолоо идэх гэж сургуульдаа явдаг хүүхдүүд ч буй тухай яриа гарч л байна.

Сайд асны хэлснээр ёстой л нөгөө “Улны” хэсгийнхний амьдрал улс удирдаж яваа хоёрын амьдрал тэнгэр газар, тэнгис далай шиг ялгаатай болсоор байна. Хоёр өрөө байрны мөнгө бугуйндаа зүүж гангарагсадаас эхлээд хоёр хүүхэд дайрч гэмтээгээд, долоон машин эвдэн сүйтгэчихээд хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирлыг хотойхгүйгээр төлдөг нь ч байна. Гэтэл хоногийн хоолоо чүй ай залгуулж, хоёр хүүхдийнхээ гутлыг ээлжилж өмсүүлдэг хэсэг ч бий. Алсран одож буй амьдралын сайхныг ярьж, авцаа өгцөөгөө дарга нь тооцож суухад ард түмний нэг хэсэг нь ядуурлын түвшингээс улам л доошоо унасаар байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.161.82) 2022 оны 10 сарын 24

Улны гэр бүлээс улсын удирдагч ч төрнө,

0  |  0
Top