Д.Ганбат: Эрх баригчид ард түмний нуруун дээр найрлаж байна

2022 оны 10 сарын 18

УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбаттай ирэх оны төсөв болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монгол Улсын ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан өнөөдөр/өчигдөр/ Ерөнхий сайд, УИХ-ын даргад шаардлага хүргүүлээ. Шаардлагын гол зүйл нь юу вэ?

-Сүүлийн хэдэн жил улсын төсвийг маш их алдагдалтай баталж ирсэн. Үүний үр дүн нь ард түмний нуруун дээр хүнд тусч байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлт, валютын ханш гээд олон асуудал бий боллоо. Тухайн үед нь ковидын нөхцөл байдалтай холбож ярьдаг байсан. Гэтэл одоог хүртэл ковидын хуулиа ч цуцалсангүй. Сурсан зангаараа дахиад л алдагдалтай төсөв батлах гэж байна. Хэт бялуурсан, олон орон тоо, өчнөөн сайдтай энэ төсвийг буцаах хэрэгтэй гэсэн шаардлага хүргүүллээ. Ард түмний амьдралыг дээшлүүлэх “Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ аврах” 10 их наяд төгрөгийн хөтөлбөр, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн огт гарсангүй. Дээрээс нь 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орох гэж байгаа юм шиг өөрчилсөн. Ингэхдээ манай Ардчилсан намын нэр дээрээс сонгогдсон зургаан нөхрийн кнопыг ашиглаж хийсэн.

Эрх баригчид өдөр бүр ард түмнийг доромжилж байна. Өлөн, улных гэхчлэн элдвээр дуудаж байна. Ард түмний 50 хувь нь ядуу болчихлоо. Дундаж давхарга гэж алга. Тэр байтугай ердөө есхөн хувь нь 3.5 сая төгрөгийн орлоготой байна. Хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж байна. Ирээдүйн өв сан гэж байхгүй боллоо. Уул уурхайгаас орж ирдэг баялгийн 50 хувь уг нь ард түмэнд наалдах ёстой ч алга. Энэ мэт олон алдаатай зүйл байна. Мөн төсвийн орлогыг маш өөдрөгөөр буюу 36.5 сая тонн нүүрс гаргана гээд үнийг нь маш өндөр тавьсан. Өмнөх оны гүйцэтгэл гэхэд л хэд, хэдэн удаа төсвийг тодотгосон. Ийм учраас энэ төсвийг буцаах нь зүйтэй. Нэг аймгийн төсөв нь бусад 10 аймгийнхаа төсөвтэй тэнцэж байна шүү дээ. Улаанбаатар хот нь түгжрээд тэг зогсолт хийхэд бэлэн болчихлоо. Өмнө нь түгжрэл бууруулах нэрээр 468 тэрбум төгрөг төсөвлөсөн ч юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй алга болчихсон. Энэ мэтчилэн ард түмний нуруун дээр найрлаж байна. Ард түмэн босоод зогсоход л энэ найр байхгүй болно. Сөрөг хүчин нь үүргээ гүйцэтгэж чадахгүй болчихсон. АН-ын нэр дээр сонгогдсон өлөв долив хийсэн, сайдын суудал горьдсон хэдэн нөхдийн кнопыг нь худалдаад авчихсан. МАН-ынхан өөрсдийн бохир заваан зүйлсийг энэ нөхдүүдээр хийлгэж байна.

-Ирэх оны төсвийн алдагдлыг өмнөх жилүүдийнхийг бодвол багасгаж оруулж ирсэн гэж яриад байгаа шүү дээ?

-Заавал алдагдалтай батлах ёстой юм уу. Бууруулсан гэдгээрээ гийгүүлчихсэн, сайн сайхан зүйл хийчихсэн юм шиг ярих хэрэггүй. Ерөөсөө л алдагдалгүй байх ёстой. Хөнжлийнхөө хэрээр жийж, адууныхаа хэрээр исгэрэх ёстой биз дээ. Сүүлийн 6-7 жилийн хугацаанд гадаад өр зээл хоёр дахин нэмэгдээд өнөөдөр 34 тэрбум ам.долларын өртэй болчихлоо. Нэг хүнд оногдох зээл нь 40 сая төгрөг буюу дөнгөж төрсөн хүүхдээс 80 настай буурал хүртэл өртэй болсон.

-Ирэх оны төсвийн орлого биелэх боломж бий болов уу?

-Байхгүй шүү дээ. Алтны үнийг өнөөдөр 1800, зэсийг 8400 ам.доллароор төсөөлж оруулж ирсэн байна лээ. Харин нүүрсийг 36.5 сая тонныг гаргана гэсэн. Аль 2019 онд ч ингэж гаргаж байсан. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ унаж байна. Энэ өвөл өнгөрөхөд улам унана. Өнөөгийн байдлаар зэс 6500, алт 1665 ам.доллар байна. Дээрээс нь эрх баригчдын яриад байгаа шиг хил гааль, боомт нь сэргэсэн юм алга. Хоёр жилийн хугацаанд сэргэж байна гэж ярилаа. Бүх л дарга, цэрэггүй хил дээр очиж, ийм ажил хийлээ гэж шоудсан. Хоёр хөршийнхөө удирдлагуудтай тохирлоо гэдэг ч ажил хэрэг болсон зүйл байхгүй. БНХАУ-ын намын хурал нь энэ өдрүүдэд болж байна. Одоогийн удирдагч Ши Жиньпин үргэлжлүүлэн улсаа удирдах юм шиг байна. Ингэхдээ “Тэг ковид” буюу ковидыг үл тэвчих бодлогоо үргэлжлүүлнэ гэдгээ зарласан. Тэгэхээр хил гаалийн нөхцөл байдал энэ жилийг дуустал лав хэвээрээ байх нь гэж ойлгогдож байна. Энэ бүхнээс харахад манай улсын төсвийн орлого найдвартай биелэх боломжгүй. Дээрээс нь Гэрэгэ, Евро бондын тус бүр 500 сая ам.долларын өр, өмнөх бондын 135 сая ам.долларын өр төлнө. Валютын албан нөөц маань 2.2 тэрбум болчихлоо.

-Шаардлагад тодорхой албан тушаалтнуудыг огцруул гэсэн байсан. Чухам яагаад Сангийн болон ХХААХҮ-ийн сайд, Төв банкны Ерөнхийлөгч, ЦЕГ-ын дарга нарыг огцруулахыг шаардаж байгаа юм бэ. Та бүхний шаардлагыг хүлээж авахгүй бол хэрхэх вэ?

-Хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо ороод хоёр сар орчим болж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмнээс асуулгүйгээр хулгайгаар хийсэн. Энэ УИХ бол УИХ байж чадахаа больсон. Яагаад гэхээр өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаад байгаа юм алга. Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг чуулганы танхим руу оруулахаа байсан. Тийм болохоор хэдхэн хүн суугаад л ярьж байдаг. Засгийн газар нь дэд сайдуудтайгаа нийлээд 40-50 сайдтай, 20 хэдэн яамтай болчихлоо. Ийм их ачааг ард түмэн яаж үүрэх юм бэ. Мөнгөний ханш өдрөөс өдөрт унаж байгаа энэ үед гурилын үйлдвэртэй нөхөр ХХААХҮ-ийн сайд болоод УИХ-ын гишүүний индэр дээрээс Монголын ард түмнийг хамгийн хямдхан талх, гурил идэж байна гэж заналхийлж байсан. Уг нь энэ салбарт Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Гэтэл салбарын сайдаар очингуутаа гурилын үнийг хоёр дахин нэмлээ. Үүнээс нь шалтгаалаад талхны үнэ нэмэгдсэн нь орлого нь багассан хүмүүст хүнд тусаж байна. Талхны үнэ нэмэгдсэнээс болоод Арабын хувьсгал болж байсан. Ер нь эд нар Монголын ард түмнийг их доромжилж байна. Сангийн яамнаас нийслэлийн зам талбайг цэвэрлэдэг үйлчилгээний ажилтан, ард түмнийг нийтэд нь өлөн гэсэн сурталчилгааг төсвийн мөнгөөр бэлдэж гаргах гэж байсан нь ил боллоо. ХНХЯ маш их халамж тарааж ард түмнийг улам ядууруулчихаад “Улных” гэж дайрч доромжилдог болсон байна. Сүүлийн 100 жил засаглаж, өнгөрсөн 6-7 жилд 62-65 суудалтай байсан энэ намын хийсэн ажил нь л энэ шүү дээ. Ингэж ард түмнийг доромжилж, гурилын үнийг нэмснийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Хариуцлага тооцож чадахгүй бол Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд тайван жагсаал хийж, шаардлагаа биелэгдтэл ард түмэнтэйгээ хамтарч тэмцэнэ.

-Баянхонгор аймгаас АН-ын хоёр гишүүнээс гадна УИХ-ын дарга сонгогдсон. Тэгэхээр ирэх оны төсөвт хэр хэмжээний төсөв хуваарилагдсан байна вэ. Энэ тал дээр хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

-Сүүлийн зургаан жилд үргүй зардал маш их гарсан. Хэдхэн хүүхэдтэй суманд 300-400 хүүхдийн сургууль, жилдээ хэдхэн удаа ашиглаж байгаа Улаан булан барьж байна. Маш олон музей, хөшөө дурсгал, сүм хийдэд хөрөнгө оруулалт хийлээ. Ингэж л улсын төсвийг зарцуулж байна. Хэнтий аймаг гэхэд л бусад 10 аймагтай тэнцэх төсвийн хөрөнгө оруулалт тавьсаныг буруу гээд байгаа юм. Миний хувьд аль болох ажлын байрыг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих чиглэлээр ажиллаж байна. Тэгэхгүй бол ган гачиг, зудын давтамж ихэссэн. Тийм болохоор Хөдөө аж ахуйч кластерь гэсэн төслийг хэдэн жилийн өмнөөс санаачилж, эхлүүлээд явж байгаа. Гэтэл тендер дээр нь дунд шатны дарга нар ажиллаж байна. Авлига гаарсан байна. Ингэний сүүний үйлдвэрийг хоёр жил болоход ашиглалтад оруулж чадсангүй. Мах, ногооны зоорийг орон нутагт бий болгож, хүнсийг тэндээсээ хангаж, эрүүл хүнс хэрэглэдэг болъё гэдэг дээр ажиллаж, төсөвт суулгуулсан. Дунд шатанд чадваргүй компаниудад тендер өгч, авлига авдаг нөхцөл байдлаас болоод эдгээр ажлууд тааруу явж байна. Дээр, дооргүй ах дүүсийн ургийн мод, авлигын сүлжээ газар авчихсан МАН-ын үед үнэхээр ялзарчихаад үүнийг хэлдэг, ярьдаг, шалгадаг, хариуцлага тооцдог зүйл байхгүй болжээ.   

-Эрх баригчдын буруу үйлдлийг хэлж, сануулж, залруулж байх үүрэг сөрөг хүчин буюу АН-ынханд бий. Харамсалтай нь АН байгаа үгүй нь мэдэгдэхгүй байна. Саяхан ҮБХ-ны хурлаа хийж, даргаар нь таныг сонгосон гэсэн. Энэ хурлаар юу яригдав. Хоёр талд гарчихсан байгаа хүмүүс нь учраа олж АН нэгдэх боломж бий юу?

-Өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд АН дүрмээ шинэчлэн бүртгүүлсэн. Түүнийхээ дагуу АН-ын ҮБХ-ны хурлаа хийж даргаар нь миний бие сонгогдсон. ҮБХ бол АН-ын төлөөллийн төв байгууллага, эрх бүхий байгууллага болсон. Хэдхэн хүн намын шийдвэрийг гаргадаг байсан бол одоо ҮБХ гаргана. Үүнийхээ дагуу эмхэрч, цэгцрээд явж байна. Одоо гадна, дотно юм яриад яваа нөхдүүд энэ намыг ийм болгосныхоо төлөө уучлалт гуйгаад үзэл баримтлал, үнэт зүйлээрээ нэгдэх хэрэгтэй. Түрүүчээсээ орон шоронгоос ч гэсэн уучлалт хүсэж байх шиг байна. Мэдээж уулзаж ярилцах нь чөлөөтэй. Энэ хурал маш амжилттай болсон. ҮБХ-ны гишүүд нь хэлж ярих зүйлээ хэлээд, санал бодлоо илэрхийлээд явсан. 1989 оны цагаан морин жил төрсөн залуу заалнаас нэр дэвшиж, дөрвөн хүнтэй өрсөлдөөд ҮБХ-ны Тамгын газрын даргаар сонгогдсон. АН-ын гишүүд дунд болон анхан шатандаа ямар ч хуваагдал алга. АН-ыг хуваагдсан юм шиг харуулах гэсэн, АН-ын нэрийг барьж худалдсан, дүр эсгэж, Дүлзэн царайлсан ийм нөхдүүд АН-ыг бүлэг дээр ч байна. Үнэн нүүр царайгаа харуулж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр МАН-ынхантай нийлж, тэдний албан тушаалыг бэхжүүлж, өөрсдөө яс горьдсон нохой шиг сайдын суудал горьдож яваа. Ийм зүйлийг огт зөвшөөрөхгүй. Өмнө нь яг ингэж яваад банкнаас зээл авдаг, Элчин сайдаар томилогддог, АН-ын мянга, мянган гишүүдийн итгэлийг хугалсан, үнэт зүйл, үзэл баримтлалаасаа урвасан хүмүүс алсдаа хэн ч биш болдог гэдгийг бид бүхэн бодит жишээгээр харлаа. Энэ зургаан нөхөр ч гэсэн тэр замыг давтаж эхэллээ. АН-ын олон мянган гишүүдийн дэмжлэгээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож дөрөв, найман жил ажилласан нөхдүүд байна. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс намаа дэмжиж л ажиллахаас биш янз бүрийн албан тушаал, намын ажлыг хутгах нь зохисгүй. Өөрсдөө ч ойлгож эхэлж байгаа байх. Бусад улс оронд ийм зүйл огт байхгүй. Ерөнхийлөгч байсан хүмүүс нь өөрсдийнхөө титэм үгийг хэлээд, тэмдэглэл, намтраа бичээд сууж байдаг. Энэ соёл бий болох байх. Нэмж хэлэхэд бүх асуудлыг ҮБХ гартаа авч байгаа. АН бол залуучуудын хувьд нээлттэй нам болно. Үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ нэгдэнэ. Цаг хугацаа бүгдийг харуулж эхэлж байна. Үүнийг манай гишүүд ч гэсэн ойлгож байгаа.

-АН ойрын үед шинэ даргын асуудал ярих уу. Эсвэл С.Эрдэнэ гэж хүн үргэлжлүүлээд удирдаад явах юм уу?

-С.Эрдэнэ даргын хувьд тухайн үеийнхээ дүрмийн дагуу сонгуульд ялагдал хүлээсэн учраас дэд дарга хийж байсан хүндээ ажлаа хүлээлгэж өгсөн. Гэхдээ дэд дарга хийж байсан Ц.Туваан гэж нөхөр АН-ын дүрэм, үнэт зүйлийн эсрэг ажилласан. Ямар нэгэн өрсөлдөөнгүйгээр тухайн үеийн Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлнэ гэдэг зүйл заалт оруулаад УДШ-д бүртгүүлэхийг оролдсон. УДШ-ийг дарамтлаад тухайн үедээ өөрийнхөө нэрийг бичүүлчихсэн байсан. Тэр нь хууль бус гэдэг нь тогтоогдоод тухайн шийдвэр хүчингүй болсон. Тийм болохоор С.Эрдэнэ дарга өөрөө эргэн ирж энэ намыг үнэт зүйл, үзэл баримтлалтай нь дараагийн удирдлагад хүлээлгэж өгөх үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллаж байгаа л гэж ойлгож байгаа. Мэдээж АН-ын гишүүд, ҮБХ шийднэ. С.Эрдэнэ дарга ч гэсэн АН-ыг манлайлж явж чадах, хүлээн зөвшөөрөгдсөн хүнд нь ажлаа өгнө гэдгээ хэлсэн. Өнгөрсөн 2016-2020 оны УИХ, сүүлийн сонгууль яаж явагдсаныг та бүхэн мэдэж байгаа. Гадна, дотны оролцоо орсон ч байж магадгүй байна. Тэгэхээр харь гүрний нөлөөлөлгүй, эрх баригчдын нөлөөлөлд оруулалгүй АН-ыг амьтай голтой өдий хүртэл чирээд ирсэн хэдхэн хүн байна.

-Та УИХ дахь АН-ын бүлгийн дарга гэсэн албан тушаал дээрээ хэвээрээ байгаа юу?

-АН-ын бүлгийн дарга гэдэг албан тушаалыг миний бие өдий хүртэл аваад явж байна. АН-ын бүлгийн дарга гэдэг бол ямар нэгэн эрх ямба биш. Сөрөг хүчний үүргийг гүйцэтгэхийн тулд маш их хичээж байна. Гэтэл АН-ын нэр дээр сонгогдсон гишүүдийн байж байгааг ард түмэн харж байгаа байх. Болж л өгвөл албан тушаал, алдар цолны төлөө өөрийнхөө үнэт зүйл, үзэл баримтлалыг худалдаж, эрх баригчидтай нийлээд яс горьдсон нохой шиг МАН-ын дарга нарын үүдээр гүйж байна. Үүнийг л таслан зогсоох гээд байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эдгээр нөхөд өөрсдийгөө ямар хүн бэ гэдгээ харуулсан. Нөгөө “Ард түмний алганд багтсан эх орон” гэдэг Монгол Улсын Үндсэн хуулийг юу ч биш болгож, сандал ширээгээр наймаалцаж, эрх баригчдыг дураараа дургих боломжийг нь олгосон. Энэ хүмүүс сөрөг хүчин гэдгийг байхгүй болгосон. 

-АН-д одоо УИХ дахь албан ёсны бүлэг гэж бий юу?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эсрэг санал өгч ардчиллын үнэт зүйл болох УИХ нь Засгийн газраа хянадаг тогтолцоог байхгүй болгосон. Энэ 76-тай давжаа парламентын талыг нь хоёрдугаар ээлжийн хоолонд оруулсан нөхдүүдтэй АН хариуцлага тооцсон. Энэ зургаан нөхөд албан ёсоор АН-ын гишүүн биш болсон. Тийм болохоор АН албан ёсоор УИХ-д бүлэггүй гэж хэлж болохоор байдалд орчихоод байна.

-УИХ-ын дарга руу гишүүний картаа та шидсэн. Чухам юунаас болоод ийм үйлдэл хийсэн юм бэ?

-Гишүүнийхээ картыг УИХ-ын даргад аваачиж өгсөн. Тэр нь УИХ чинь УИХ биш боллоо шүү. Та нар Үндсэн хуулийг манадаг манаач нартай нийлээд АН-ын нэр дээр сонгогдсон, энэ байдлыг хянаж байх ёстой хэдэн нөхөртэй хамтарч Үндсэн хуулийн утга учрыг алдагдууллаа. Ард түмнээс асуулгүй, зөвшилцөлгүйгээр ийм үйлдэл хийсэн, Засгийн газартаа УИХ нь хяналт тавьж чадахгүй болсон. УИХ нэг намын хуулийн хэлтэс шиг боллоо гэдгийг хэлж намрын чуулганы нээлт дээр эсэргүүцэл болгож гишүүний картаа аваачиж өгсөн. Энэ үйлдлээрээ УИХ зохих ажлаа хийж чадахгүй болсондоо уучлал гуй гэдгийг хэлсэн. Дараагийн шатанд арга хэмжээ ав гэсэн шаардлагыг хүргүүллээ.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бадрах(124.158.69.26) 2022 оны 10 сарын 19

40 литрийн ”Бидон” зөв чанга ярилаа. Яг үнэндээ С.Эрдэнэ АН-г булшлах гэсэн АН-н нэрийг ашиглан сонгогдчихоод увайгүй сайдын суудалд горьдоод айлын үүдний довжоон дээр хоноглож байгаа 6 нөхдийг албан ёсоор АН-с хөөх хэрэгтэй Дутагдлаа засч чаддаг хүнийг удирдагч гэдэг юм Эрдэнэ зөв хүн алдсан нь бага оносон нь их Элбэгдорж,Батүүл нарыг бүү ойртуул тэд нийлээд эхэлбэл чоно хонь хоёр ялгагдахаа болино шүү.Ганбатаа Эрдэнээтэйгээ эв түнжинтэй шийдэмгий яваарай

0  |  0
Бидон(176.166.205.186) 2022 оны 10 сарын 19

Энэ ойрд архи уугаагүй юм аа даа.

0  |  0
Алуурчин элбэгдоржий(194.230.144.202) 2022 оны 10 сарын 19

Aluurchin elbegdorjiin baasaar hoollogch enehyy piasdaad ogt hamaagyi...\nHulgaich bidon Chi tsaad Tsyst Aluurchin elbegdorjiinhoo Tsyst allaguudaar olson tsust mongonoos ni ahiuhan tsuslaad avaarai

0  |  0
Алуурчин элбэгдоржий(194.230.144.202) 2022 оны 10 сарын 19

Aluurchin elbegdorjiin baasaar hoollogch enehyy piasdaad ogt hamaagyi...\nHulgaich bidon Chi tsaad Tsyst Aluurchin elbegdorjiinhoo Tsyst allaguudaar olson tsust mongonoos ni ahiuhan tsuslaad avaarai

0  |  0
о(66.181.160.37) 2022 оны 10 сарын 18

энэ гэж балай шахуу юм

0  |  0
zzzzz(64.119.21.20) 2022 оны 10 сарын 18

ene neg mongolyn gai khutsaad l ,

0  |  0
зочин-0(192.82.88.174) 2022 оны 10 сарын 18

Хэмнэлтийн бодлого ярьсан Есайд ажлаа хийж чадахгүй бна. Юмны үнэ нэмэгдсэнийрг зөвшөөрсөн сайд л данхалзаж явна. Бидний татварын мөнгөөр гадаадад зугаалж явчихаад хэмнэсэн гээд хээв нэг яриад байгаа нь ёс зүйгүй нөхөр бна. Хийж бүтээсэн юм нь хөшөө, хаалга барих... Түмний амьдрал дордож байхад харахыг ч хүсэхгүй энэ нөхрийг дахин бүү сонго. Улсын төсвийг зөвхөн өөрийн нутагтаа зарцуулж нэр нүүр олохыг хичээгч хүн алсыг харж чадахгүй шүү дээ.

0  |  0
Top