У.Саруул: Чонон хөрвөс эмгэгийн 90 хувь нь хоолноос шалтгаалдаг

2022 оны 10 сарын 17

“Арьсны өвчин судлалын үндэсний төв”-ийн Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгийн Арьс харшлын эмч У.Саруултай чонон хөрвөс өвчний талаар ярилцлаа.


-“Арьсны өвчин судлалын үндэсний төв”- арьсны хэчнээн төрлийн өвчнийг эмчилж байна вэ?

-Арьс судлал дотроо 3000 төрлийн өвчин байдаг. Зөвхөн арьс гэхгүй, арьсны дайвар эрхтэн болох үс, хумс, салстууд давхар ордог. Бид эдгээрийн хамааралтай бүх өвчнийг үзэж, эмчилдэг. Эдгээрээс хамгийн түгээмэл нь псориаз буюу хайрст үлд, атопийн дерматит буюу эгзем, чонон хөрвөс байна.

-Танайхаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь чонон хөрвөсийн шалтгаантай ирж байна вэ?

-Би яаралтай тусламж дээр байдаг эрчимтийн эмч. Тэгэхээр над дээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн 60-70 хувь нь чонон хөрвөсийн хурцадмал байдалтай орж ирдэг.  Амбулториар ихэвчлэн архаг чонон хөрвөстэй хүмүүс үйлчлүүлдэг.

Чонон хөрвөсийн тархвар зүйн хувьд хэнд ч хамаагүй тохиолдож болно. Олон улсын судалгаагаар хүн амын 20 хувьд насных нь аль нэг үед тохиолдох магадлалтай гэж үздэг. Дэлхий даяар түгээмэл өвчин. Сүүлийн үед энэ өвчин Монголд ихсэж байна. Энэ нь хоол хүнсний төрөл зүйл ихэссэнтэй холбоотой. Учир нь чонон хөрвөсийн 90 хувь нь хоол хүнсний шалтгаантай байдаг. Тэгэхээр манайхан харшил төрүүлэгч зүйлсийг их хэрэглэдэг.

-Энэ нь ямар онцлог шинжтэй өвчин бэ. Халдварладаг уу?

-Чонон хөрвөс гэдэг нь бэлцрүүт тууралтаар илэрдэг, харшлын шалтгаант арьс, салстын өвчин юм. Дархлаа идэвхжиж, харшлын хариу урвалаар сэдэрдэг.

Ерөнхийдөө удамшдаг өвчин. Хүмүүс ихэвчлэн арьсан дээрх тууралтыг хараад халдварладаг гэж боддог. Халдварладаг арьсны өвчин тусдаа байдаг. Чонон хөрвөс бол халдварладаггүй, удамшдаг. Ээж нь харшилтай байвал хүүхдэд удамших магадлал 50 хувь, аав нь харшилтай бол 25 хувь, хоёулаа харшилтай бол 75 хувь гэж үздэг.

-Тэгэхээр энэ төрлийн удам дамжсан харшилгүй бол өвчлөхгүй гэсэн үг үү?

-Яг тэгж ойлгож болохгүй. Шалтгаан нь тодорхойгүйгээр хэн ч өвдөж болно. Яагаад гэхээр хүмүүс өмнө нь хэрэглэж үзээгүй зүйлээ идэх, байгаагүй очиндоо очихоор харшил төрүүлэгч зүйлээ шинээр мэдрэх үед илэрдэг гэсэн үг. Тэр үе хүртлээ харшил төрүүлэгчтэйгээ хавьтаж байгаагүй, хэрэглэж байгаагүй тохиолдолд хэзээ ч хамаагүй үүсэж болно. Тухайн хүний мэдрэмтгий чанараас хамаарна.

-Энэ эмгэгийг үүсгэгч, сэдрээдэг хүчин зүйлс юу байдаг вэ?

-Нэгдүгээрт хамгийн түгээмэл нь хоол хүнс ордог. Хоёрдугаарт нь физикийн чонон хөрвөс буюу нарны туяа, халуун, хүйтэн ордог. Үүн дээр нэмээд уснаас шалтгаантай гэж байдаг ч энэ нь маш ховор. Мөн үрэлт даралт болон маажих, хөлрөлт зэргээс хамааралтай байдаг. Химийн хүчин зүйлүүдээс буюу эм болон туяануудаас шалтгаална.

-Чонон хөрвөсийн 90 хувь нь хоол хүнснээс шалтгаалдаг гэдгийг дээр хэллээ. Тухайлбал ямар хүнснээс харшилдаг вэ?

-Хамгийн их харшил төрүүлдэг хоол хүнсний нэгдүгээрт бүх төрлийн самар байдаг.  Тэр дундаа газрын самар нэгт ордог. 1 мг самар идсэн хүн ч шоконд орох магадлалтай, тийм мэдрэг хүмүүс байдаг.

Түүний дараа өндөг байна. Сүү, шоколад, улаан лооль, шар буурцаг, халуун ногоо, зарим хоол амтлагч орно. Нэмээд бүхэл үр зэрэг үр тариа ордог. Эдгээрийг хамгийн өндөр харшил төрүүлэгч гэж үздэг.

-Тэгвэл чонон хөрвөс өвчнөөс урьдчилан сэргийлэх, сэдрээхгүй байхын тулд ямар дэглэм баримталж, юуг анхаарах шаардлагатай вэ?

-Хоол хүнснээс шалтгаалж чонон хөрвөс үүслээ гэж бодоход зөвхөн нэг төрлийн хүнснээс шалтгаалахгүй байж болно. Харшил төрүүлэгч хоёр хүнс хоорондоо үл тохирсноос шалтгаалж болно. Тэгэхээр урьдчилан сэргийлэхийн тулд нэг дор олон харшил төрүүлэгч хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Зөвхөн хоол хүнсний бус бусад дэглэм барих шаардлагатай. Тухайлбал хүйтний чонон хөрвөстэй хүмүүс их байдаг. Тэгэхээр орчны температурыг огцом солихгүй байх хэрэгтэй. Ялангуяа гэрт амьдардаг хүмүүс халуун орчноос гэнэт гадагш гардаг. Мөн эмийн шалтгаантай чонон хөрвөс одоо их хувиар нэмэгдэж байна. Тэгэхээр дур мэдэж биш, эмчийн заавраар эмийг хэрэглэх шаардлагатай гэсэн үг.

-Чонон хөрвөсийг гэрээр эмчлэх боломжтой юу?

-Чонон хөрвөс нь хурц болон архаг гэж хоёр янз байгаа. 42 долоо хоног дотроо байвал хурц чонон хөрвөс гэнэ. Энэ үед ихэвчлэн харшил нь биеэр тархмал, нүүр хавдах, амьсгал бачуурах шинжүүд илэрдэг учраас заавал эмнэлэгт хандах шаардлагатай.

42 долоо хоногоос удчихсан бол архаг чонон хөрвөс учраас үйлчлүүлэгч маань өвчнөө аль хэдийн юунаас харшилж байгаагаа мэдчихсэн байдаг. Тиймээс харшил төрүүлэгч зүйлээ үргэлжлүүлж хэрэглэхгүй л бол тууралт гарахгүй. Тэгэхээр хамгийн гол зүйл нь дэглэмээ барих юм. Хэрвээ дэглэмээ барьж чадвал гэрээрээ эмчилж болно гэсэн үг.

Дэглэм барих боломжгүй чонон хөрвөсүүд байдаг. Жишээлбэл нарных, усных, хөлрөлтийн чонон хөрвөсүүд дэглэм барихад хэцүү байдаг. Гэхдээ эдгээр нь харьцангуй бага байдаг ч нарнаас шалтгаалсан чонон хөрвөс нь түлхүү бий. Нарнаас бид хамгаалж чаддаггүй учраас тэр тохиолдолд эмчийн хяналтаар тогтмол эмийг зөвлөдөг.

Олон улсын удирдамжаар тухайн өвчин ямар үе шатанд, хүндрэл нь ямар байгаагаас шалтгаалаад хийгдэх эмчилгээнүүд тусдаа байдаг. Гэхдээ заавал ирж оношлуулж, зөвлөгөө авч, хянуулсан байх ёстой.

-Өмнө нь энэ төрлийн харшилгүй хүн бие дээр нь ямар нэгэн тууралт гарахад чонон хөрвөс мөн эсэхийг энгийнээр яаж мэдэх вэ?

-Чонон хөрвөсийн зарим тууралт 15 минутын дотор арилчихдаг онцлогтой. Тиймээс эмнэлэгт ирэх хугацаанд тууралт нь арилаад, зүгээр болчихсон байдаг. Тууралтгүй хүнийг өөрийнх нь хэлж байгаагаар оношлоход хэцүү.

Хүмүүс тууралтаа арилчихаар зүгээр болчихлоо гэж боддог. Гэтэл тийм биш, тэр нь тууралтынх нь онцлог байдаг. Дахиад л гарч, сэдэрнэ. Ер нь хүмүүс шумуулд хазуулсантай ижил туурсан гэж ярьдаг. Хэрвээ тийм тууралт гарвал тэр даруйд нь зургийг нь аваад манай төв болон бусад арьс харшлын эмчид хандахыг зөвлөж байна.

-Чонон хөрвөсийг сэдрээхгүй байх бүрэн боломжтой өвчин гэж ойлгож болох уу. Бүрэн эдгэрдэг үү?

-Яг эдгэрэх өвчин гэж хэлэхгүй. Намжмал байдлыг нь барих ёстой гэсэн үг. Тэгэхээр харшилсан бол харшил төрүүлэгчийг хэрэглэхгүй, харшлагч зүйлтэй хавьтахгүй байх, дэглэмээ сахиж чадвал удаан хугацаанд намжмал байдлаа барих боломжтой.

-Ярилцсанд баярлалаа. Төгсгөлд нь та арьсны асуудалтай хүмүүст хандаж юу зөвлөх вэ?

-Хүмүүс тууралт гарахад үзүүлэхгүй явсаар хүнд шатандаа орчихсон ирдэг. Хэрвээ таны биед ямар нэгэн тууралт гарсан бол санаа зовохгүйгээр эмчид хандах хэрэгтэй. Арьсны эмч хэзээ ч таныг ямар муухай юм бэ гэж цэрвэхгүй. Тэгэхээр аль болох эрт оношлуулж, эрт эмчлүүлээрэй гэж иргэддээ хэлье.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.21.103.10) 2024 оны 03 сарын 20

ямар ч жимс ямар ч ногоо идэж чадахгүй. Ямар нэгэн ногоо жимсний төрлийн юм орсон бүтээгдэхүүн эсвэл их жимс үнэртсэн газраар явангуут л шууд хоолой боогоод их хэцүү өвчин дөө. Одоо ч өөрийгөө л чагнасаар арай дээр явж байна даа. Эмчлэгддэгүй их хэцүү дархлаагаа дэмжих ч аргагүй янз бүрийн витамин ууж болохгүй сүү тараг идэж болохгүй зөвхөн мах махан төрлийн зүйл л иднэ. Адууны мах идэж бас болохгүй харшил хөдөлдөг. Энэ балай өвчнөөс ангижирах л юмсан. \n

0  |  0
zochin(202.179.24.42) 2024 оны 01 сарын 29

nad deer 2 garch bgad genet garah aa bolison aimaar ovchin\n

2  |  0
Suwa(192.82.72.33) 2024 оны 02 сарын 10

Ene emchtei yaj holbogdoh we hayg ni haana ym bol

4  |  1
Хар(202.126.88.156) 2024 оны 03 сарын 20

Дархлаа маш чухал юм билээ. Тайван байх. Халуун ногоо, кимчиг амсангуут л гарч ирнэ. Монгол уламжлалт шөлтэй хоолоо сайн идэж байгаарай.

16  |  0
Top