ИПОТЕК: Банкууд дээр ₮466.6 тэрбумын зээлийн хүсэлт хуримтлагджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 11

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шилжүүлнэ гэж Монголбанкнаас мэдэгдсэн. Тэгвэл тус хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх хүртэл хугацаанд санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхэд анхаарах шаардлагатай нөхцөл байдал үүсээд буйг ирэх оны Мөнгөний бодлогын төсөлд дурджээ.

Тухайлбал, ипотекийн хөтөлбөрийн зээлийн эрэлт өндөр байгаа бөгөөд 2022 оны эхнээс зургадугаар сарын байдлаар банкуудад нийт 14.5 мянган иргэний  1.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт ирээд байгаагаас 3.7 мянган иргэний 293.8 тэрбум төгрөгийн зээл олгогджээ. 3.9 мянган иргэний 352 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтэд журам, гэрээний шаардлага хангаагүй болон өөрийн хүсэлтээр гэсэн шалтгаанаар татгалзсан байна.

Улмаар  7.3 мянган иргэний 466.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт банкууд дээр хуримтлагдаж, сар тутам ойролцоогоор 2.4 мянган иргэний  185.1 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт нэмэгдэж байна.

Иймд зах зээлийн нөхцөл байдлаас хамааран ипотекийн зээлийн эрэлт өндөр үед хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийг тогтвортой түвшинд байлгах нөхцөл үүссэн.

Коронавируст цар тахлын хүндрэлтэй холбоотойгоор банкууд орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг иргэдээс хүлээн авч 5 дахь удаагаа шийдвэрлэсэн бөгөөд 3.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63.2 мянган өрхийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан. Эдгээр хойшлуулсан ипотекийн зээлийн хэмжээ нь нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 80 орчим хувийг эзэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top