Б.Лхагвасүрэн: Экспортын орлогыг нэмэгдүүлэхгүйгээр валютын ханшийг тогтворжуулах бололцоогүй 

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 10

 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д танилцуулахдаа,  үнийн өсөлтийн талаар дараах байр суурийг илэрхийллээ.

Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд инфляц дотоод эдийн засгийн идэвхжлээс гадна гадаад үнэ, шатахуун, эрчим хүчний үнэ, валютын ханш, тээвэр логистикийн хүндрэл зэргээс шалтгаалан өсөөд байна. Манай улсын хувьд нийт инфляцын 60-70% нь тээвэр болон гадаад үнэ, түүний шууд болон дам нөлөөгөөр бий болж байна.

Цаашид инфляцыг бага түвшинд бууруулах нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад урьдач, суурь нөхцөл болох тул инфляцыг 2023 онд нэг оронтой тоонд, дунд хугацаанд 6±2 нэгж хувийн интервалд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ.

Энэ зорилтыг хангахад тээвэр логистикийн нэгдсэн зохион байгуулалт, дотоодын хүнсний бүтээгдэхүүний хангамжийн тасралтгүй байдал, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр салбарын яам, агентлагын үйл ажиллагаа том хувь нэмэртэй юм.

Экспортын орлогыг нэмэгдүүлэхгүйгээр эдийн засгийн аливаа хүндрэлийг давах, валютын ханшийг тогтворжуулах бололцоогүй гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Энэ он гарснаас хойш бодлогын хүүг дөрвөн  удаагийн шийдвэрээр нийтдээ 6 нэгж хувиар нэмэгдүүлж, бодлогын тохиргоог хийгээд байна. Гэвч цаашид дан ганц мөнгөний бодлогыг хатууруулах замаар одоогийн асуудал, хүндрэлийг шийдвэрлэх гэж оролдох нь хувийн секторт илүү их гарз хохиролтой байх болно. Иймд бусад бодлогын тохиргоо, үйл ажиллагааны зохион байгуулалтыг цаг алдалгүй хийх нь маш өндөр ач холбогдолтойг дахин онцлохыг хүсэж байна гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top