Хятад халуун цөмийн эрчим хүч үйлдвэрлэх төхөөрөмж барина

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 15

БНХАУ халуун цөмийн эрчим хүч үйлдвэрлэх төхөөрөмж барих зөвшөөрөл олгожээ. Дэлхийд хамгийн томд тооцогдох эл төхөөрөмж 2028 он гэхэд ажиллаж эхэлнэ гэж төслийн удирдагч, Хятадын Инженерийн физикийн академийн профессор Пэн Сяньжюэ мэдээлжээ.

Дэлхийд анх удаа халуун цөмийн эрчим хүчийг их хэмжээгээр үйлдвэрлэснээр эл төрлийн эрчим хүчийг энгийн хэрэглээнд нэвтрүүлэх боломж бүрдэх юм гэж “South China Morning Post” түүний хэлснийг уламжилжээ.

Төхөөрөмжийг Сычуань мужийн Чэндү хотод 2025 онд угсарч дуусгахаар төлөвлөж байна. 50 сая А эрчим хүч үйлдвэрлэх чадалтай эл төхөөрөмж АНУ-ын Сандиа дахь Үндэсний лабораторийн бүтээсэн “Z” машинаас хоёр дахин их юм.

Хятадын Шинжлэх ухааны академийн Физикийн плазмын хүрээлэнгийн дэд тэргүүн Ху Жяньшэний хэлснээр, Хятад улс халуун цөмийн эрчим хүчний салбарын үндсэн технологийн судалгаа, боловсруулалтыг дуусгаад байна. Тус улс 30-50 жилийн дараа халуун цөмийн эрчим хүч хэрэглэж эхлэхээр төлөвлөж байна.

Top