Азийн шигшээгээс Б.Чинзориг л яллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 08

Манай шилдэг боксчдын нэг Б.Чинзоригийн мэргэжлийн боксын гараа гялалзсан ялалтаар эхэллээ. Тэрээр өчигдөр Оросын Владивосток хотын Арена Спорта спорт цогцолборт болсон мэргэжлийн боксын “Ази vs ОХУ” тэмцээнд оролцож ялалт байгуулсан юм.

Энэхүү тэмцээн нь Дорнын эдийн засгийн форумын хүрээнд зохиогдож байгаа спортын цогц арга хэмжээний нэгэн хэсэг бөгөөд ОХУ-ын шилдгүүдийн эсрэг Узбекистан, Энэтхэг, Монгол, Казахстан, Таиланд боксчид рингэнд гарлаа. Тулаан гурван минутаар дөрвөн үе үргэлжилсэн.

Эхний тулаанд ОХУ-ын хошой аварга Всеволод Шумков Таиландын Уток Паньиг шүүгчдийн нэгдсэн саналаар ялсан.

Харин дараа нь гарч ирсэн манай боксчин Б.Чинзориг Хикмет Гараевыг оноогоор ялж, тооны харьцааг 1-1 болголоо. Шүүгч нар сүүлийн шийдвэрлэх үед монгол тамирчин илүү тоглосон гэж үзсэн юм.

Гурав дахь тоглолт Игорь Свиридченков Энэтхэгийн Хохар Сунилийг хоёрдугаар үед хүнд цохилтоор унагааснаар өндөрлөсөн.

Дараа нь Алексей Дронов Узбекистаны Закировыг ялснаар ОХУ-ын шигшээ ялах нь тодорхой боллоо.

Сүүлийн тулаанд Муслим Гаджимагомедов Казахстаны Сагындык Тоганбайг оноогоор ялснаар энэхүү үдэш дууслаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.120.146) 2022 оны 09 сарын 11

Азаас 1 л боксчин ялжээ тэр нь Чинзориг юмуу

2  |  0
Top