СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Халаасны хулгайн гэмт хэрэг 2.4 дахин өсжээ

2022 оны 08 сарын 30

Тун удахгүй сургууль, цэцэрлэгүүд орно. Тиймээс Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн ихэсч, зах худалдааны төвүүд олны хөлд дарагдаж, эцэг эхчүүд хүүхэд багачуудынхаа хичээлийн хэрэгслийг нь бэлтгэх томоохон ажил дундраагүй  байна. Зах худалдааны төвүүдээр хөл хөдөлгөөн ихсэхтэй зэрэгцээд хулгайлах гэмт хэрэг тэр дундаас хамгийн түгээмэл хэлбэр болох халаасны хулгайн гэмт хэрэг энэ үеэр ихээр нэмэгддэг.

Улсын хэмжээнд 2022 оны эхний 7 сарын байдлаар хулгайлах гэмт хэрэг 4395 бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс 2430 нэгжээр буюу 2.2 дахин, үүнээс халаасны хулгайн гэмт хэрэг 385 бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс 226 нэгжээр буюу 2.4 дахин өссөн, харин нийслэлд 376 буюу 2.3 дахин өссөн бөгөөд 90 хувь нь нийслэл хотод үйлдэгдсэн байна.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Нийслэлийн урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн:

Нийт бүртгэгдсэн 10 орчим хувийг халаасны хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад халаасны хулгайн гэмт хэрэг 2.2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм. Яагаад ингэж өссөн бэ гэхээр өнгөрсөн жилийн хувьд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалан сургууль, цэцэрлэг танхим болон цахимаар орж байсан бол зарим үйлчилгээний газрууд ажиллаагүй. Харин энэ жилийн хувьд хөл хөдөлгөөн өмнөх жилүүдийг бодвол ихэсч байна. Нийт халаасны хулгайн гэмт хэргийн 90 орчим хувь нь нийслэл хотод үйлдэгдсэн байна.   

Цагдаагийн байгууллагаас халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой төрлийн ажил арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.Тухайлбал: Өнгөрсөн жил Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газар болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий "Байна уу? Байна" аяныг амжилттай хэрэгжүүлсэн. Аяны хүрээнд иргэдийн хамгийн их хохирол амсаж буй гар утасны хулгайн гэмт хэрэг, түүний нөхцөл байдал, халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд цагдаагийн байгууллагад хэрхэн хандах, дата мэдээллээ хэрхэн хамгаалах, цаашлаад иргэдийн сонор сэрэмж, хариуцлага, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд хамтрагч байгууллагууд нэгдэн урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд чиглэсэн ажлуудыг амжилттай зохион байгуулсан. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн халаасны хулгайн гэмт хэргийн дүн мэдээнээс харахад 12-30 насны эмэгтэйчүүд болон хүүхдүүд хамгийн ихээр өртөж байгаа нь бүртгэгдэж байгаа бөгөөд насанд хүрээгүй хүүхдийн анхаарал болгоомжгүй байдлыг далимдуулан гар утас, эд зүйлсийг нь хулгайлах нь элбэг байдаг.

Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Ганбаяр:

Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Энэбишийн өргөн чөлөөнд байрлах худалдааны төвөөр үйлчлүүлж байсан 17 настай эмэгтэй  “Халааснаасаа гар утсаа алдлаа” гэх дуудлага мэдээлэл өгсөн. Дуудлага мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн алба хаагчид шалгахад тус хэргийг Говьсүмбэр аймгийн харьяат 21 настай эрэгтэй урд өмнө нь хоёр удаагийн хулгайлах гэмт хэргээр эрүүгийн хариуцлага хүлээж байсан “Д” гэгч этгээд үйлдсэнийг тогтоон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Иймд иргэд та бүхэн халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж өөрийн гар утсаа гартаа барих, хувцасны дотуур халаасанд хийх, их хэмжээний бэлэн мөнгийг биедээ авч явахгүй байх, цахим төлбөрийн карт ашиглаж болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.      

Хохирогч:

Би захаас хувцасаа авах гээд явж байхдаа гар утсаа алдсан. Гар утсаа халаасандаа хийчихсэн байсан. Тэгээд хувцсаа авчихаад тооцоо хийх гэтэл миний утас байхгүй болчихсон байсан.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн
АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ
ӨМЧЛӨХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

17.1 дүгээр зүйл.Хулгайлах

1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;

2.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж;

2.3.ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж;

2.4.учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Одбаатар:

2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Хөдөө аж ахуйн автобусны буудал дээр иргэн “Т” Зүүн салаа-Халдвартын чиглэлийн автобусанд сууж байхдаа халааснаасаа гар утсаа хулгайд алдсаныг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид материалжуулан шалгаж тухайн хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, 26 настай “А” гэгч нь үйлдсэн болохыг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.             

Халаасны хулгайн гэмт хэрэг иргэд хамгийн их төвлөрсөн автобусны буудлууд, нийтийн тээврийн том оврын автобус, үйлчилгээний төвүүд, зах, гудамж талбайд үйлдэгддэг. Мөн иргэд бэлэн мөнгө их хэмжээгээр авч явах, оюутнууд сургалтын төлбөрөө бэлнээр хийх,  хөдөө орон нутгаас ирсэн иргэд халаасны хулгайн гэмт хэргийн талаар, эрх зүйн мэдлэг мэдээлэл дутмаг байдгийг гэмт этгээдүүд олзолдог аж. Гэмт этгээдүүд хаана, хэний анхаарал сарниж байна, хэн бэлэн мөнгөтэй байна гэдгийг судалж, ажиглаж байгаад хулгай хийж байна.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Нийслэлийн урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн:

Хичээл сургууль эхлэх гэж байгаа энэ үед оюутнууд халаасны хулгайн гэмт хэрэгт их өртдөг. Ялангуяа хөдөө орон нутгаас ирж байгаа 1 дүгээр дамжааны оюутнууд маань хотын соёлыг сайн мэдэхгүй, хаана ямар гэмт хэрэг үйлдэгддэг гэдгийг анзаарахгүй байх тохиолдол байдаг. Тийм учраас цагдаагийн байгууллагаас удирдах албан тушаалтай алба хаагчид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч байна. Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэл хотын хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа учир иргэд та бүхэн минь халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж өөрийнхөө эд зүйлийг хараа хяналттай авч явахыг анхааруулж байна.       

Халаасны хулгайн гэмт хэрэг нь өдөр тутам байнга үйлдэгдэж байдаг бөгөөд өдөрт дунджаар 10-15 халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэгддэг. Тиймээс иргэд үргэлж сонор сэрэмжтэй байж, ялангуяа өөрийн эд зүйл, цүнх, түрийвч, гар утас зэргээ ил задгай авч явахгүй байх, цахим интернэт банк ашиглан төлбөр тооцоогоо хийх, гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдийг харсан даруйд цагдаагийн байгууллагад мэдэгдэж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэн хамтран ажиллахыг уриалж байна.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (106.154.128.17) 2022 оны 08 сарын 30

hulgai hiij amdral aa tam bolgood yahvee hezee heg thagt bargidaj taarna ternii orond tums nuguu tarj sur argaa yadaj hooson honohgui zarj mungu olno uuru hudulmurj uz hulgai hiij shorond nasaa barah gej turuugui baimaar yum \n

0  |  0
Top