ӨВӨРХАНГАЙ: Хархоринд ферментжүүлсэн багсармал тэжээл үйлдвэрлэлийг нутагшуулна

2022 оны 08 сарын 30

Өвөрхангай аймгийн Хархорин суманд өчигдөр /2022.08.29/ “Ферментжүүлсэн багсармал тэжээл үйлдвэрлэлийг нутагшуулах” төслийн нээлт  боллоо. Нээлтийн үеэр төсөлд оролцогч өрхүүдэд дарш бэлтгэх сав, үр тариа бутлагч төхөөрөмж гардууллаа. Энэхүү арга хэмжээний нээлтэд Бүгд Найрамдах Солонгос улсын КОПИА Монгол төвийн захирал, Чой Ман Ёон, мэргэжилтэн Со Сонг, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баянбат, Хархорин сумын Засаг дарга Г.Одгэрэл нарын албаныхан оролцож, төсөлд хамрагдсан малчидтай уулзлаа. 

Төслийг нээж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн хамт олон болон Бүгд Найрамдах Солонгос улсын КОПИА Монгол төвийн хамт олонд баярлалаа. Хүнс, хөдөө  аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь богино хугацаандаа хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дэх бүтээмжийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуй үйлдвэрлэгчдийн тэжээлийн хангамж, чанарыг сайжруулах, малчин өрхийн амьжиргааг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг. Энэ ажлын хүрээнд аймгуудад хадлангийн иж бүрэн тоног төхөөрөмж олгох, тэжээлийн үйлдвэрийг хөгжүүлэх, тэжээлийн түүхий эдийн нөөц бүрдүүлэх ажлыг гадаадын төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Төслийг хэрэгжүүлэх хугацаанд тэжээлийн ургамлын сайн чанарын үрээр хангах, багсармал тэжээл үйлдвэрлэхэд шаардлагатай тэжээл хэрчигч, тэжээл нунтаглагч зэрэг техник хэрэгслээр ханган өрхийн түвшинд ферментжүүлсэн багсармал тэжээл бэлтгэх, тэжээлийн чанарыг сайжруулах  боломжийг бүрдүүлэх юм. Ингэснээр мал сүргийн чанарыг сайжруулах, байгаль цаг уурын эрсдэлээс урьдчилан сэргийлэх замаар малчдын орлогыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах болно” гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top