Дарханы замаас хэн ашиг хүртэв?

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 16

Дарханы замын тендер сонгон шалгаруулалтад оролцсон албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ.

Таван жил дуншсан энэ замын асуудал олон улсын элэг доог болж, энд эрх баригчид ичсэн нүүрэндээ хавьтсан ойртсон бүхнийг шалга, хорь гэж байна. Тэгвэл Дарханы замтай холбоотой юу юу болж өнгөрснийг он цагийн дарааллаар танд хүргэе.

2018 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Дарханы хуучин замыг сэргээн засах гэрээг УИХ-аар соёрхон баталжээ. Энэ гэрээ батлагдах үед Зам тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ ажиллаж байсан ч яамны байран дээр хүн амины хэрэг гарсан тул хариуцлага хүлээн ажлаа өгч Я.Содбаатар сайдаар томилогдсон. Гэвч төд удалгүй Я.Содбаатар Жижиг дунд үйлдвэрийг хөгжлүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудлаар хариуцлага хүлээж, ажлаа өгсөн тул Б.Энх-Амгалан 2019 оны нэгдүгээр сарын 30-нд томилогдсон байдаг.

Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар нар Дарханы замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх ч сөхөөгүй сайдын суудлаас огцорсон билээ. Харин Б.Энх-Амгалан сайдын ажлаа аваад хоёр долоо хонож байхад Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдын тушаалаар тендерийн хороо байгуулагдаж, олон улсын тендер сонгон шалгаруулах ажлыг Азийн хөгжлийн банк /АХБ/-тай хамтран эхлүүлсэн байна. Ядуу улсын нэг зовлон нь олон улсын гэрээ байгуулахдаа эх орныхоо язгуур эрх ашгаа харьцангуй хойш тавьдаг. Өөрөөр хэлбэл Азийн хөгжлийн банк Дарханы замд хөрөнгө оруулахдаа тендер сонгон шалгаруулалтыг АХБ өөрийн журмын дагуу зохион байгуулна гэсэн нөхцөл тавьж, энэ дагуу ажил явагдсан байна.

Ингээд 2019 оны тавдугаар сарын эхээр Дарханы замын 1,2,3,4,5 дугаар багц ажлыг гүйцэтгэх компаниуд шалгарч, зургаадугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх зам засварын ажлыг нээж байсан билээ. Гэвч ажил долоодугаар сарын дунд үеэс эхэлсэн ч 2, 4 дүгээр багцын ажил удаашралтай байсан байна. Дайран дээр давс гэгчээр тухайн оны арваннэгдүгээр сард коронавирус дотоодод дэгдэж, хөл хорио тогтоосон юм. Ингээд замын ажлын бүтээн байгуулалтад хүндрэл үүсч ажил удааширч хүйтний улиралтай золгож хятад ажилчид нутаг буцан 2020 он гартал ажил зогссон байна.

2020 оны хоёрдугаар сард Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан компаниудын удирдлага, инженер, техникийн ажилтнууд 105 Хятад иргэнийг Монголд оруулж ирээд Дарханы замын ажлаа үргэлжлүүлэх саналыг Засгийн газарт оруулж дэмжлэг авсан ч “коронавирустэй Хятад иргэн оруулж ирэхийг дэмжихгүй” гэдэг иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч Засгийн газар бямба гарагт шуурхай хуралдаан зарлаад, Дарханы зам дээр ажиллах 105 Хятад иргэнийг оруулахгүй байх шийдвэр гаргаснаар ажил нь зогсч. Ингээд л хөл хорио сулрах хүртэл Дарханы зам таг зогсож, өнөөх хүрз жоотуу бариад замаа тавина гэсэн иргэд ч замхарчээ. Харин хөл хорионы дараа хил гаалийн асуудал чангарч бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин нэмэгдсэн. Ийм үед хамгийн хямд үнэ санал болгосон гүйцэтгэгч нарын зардал хоёр дахин өсөж ажил удаашрах хамгийн том шалтгаан болсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(66.181.160.118) 2022 оны 08 сарын 16

Хятад биш Японуудаар зам гүүрээ бариулах хэрэгтэй... Хятад бол хятад шүү дээ дандаа хулхи авилга гээд, Япон чанар гэж....

0  |  0
Top