БНСУ I Зарим дүүргийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна

2022 оны 08 сарын 10

Сүүлийн 80 жилд тохиолдож байгаагүй хүчтэй аадар бороо Сөүл хот болон ойр орчмын бүс нутагт орсны улмаас есөн хүн амиа алдаж, долоон хүн сураггүй  болж, байшин, машин, барилга байгууламж, метроны буудлууд усанд автжээ.

Сөүл хотын баруун боомт хот болох Инчон болон Сөүлийг тойрсон Кёнги мужид даваа гарагийн шөнө хүчтэй бороо орсон бөгөөд  Сөүл хотын Дунжак дүүрэгт нэг цагийн дотор 141.5 мм-ээс давсан хур тунадас орсон нь 1942 оноос хойш бүртгэгдээгүй үйл явдал аж.

БНСУ-ын Засгийн газрын мэдээлснээр, борооны улмаас Сөүл хотод есөн хүн нас барж, долоон хүн сураггүй болсон бол Кёнги мужид хоёр хүн нас барж, хоёр хүн сураггүй алга болсон байна. Кёнги мужид есөн хүн бэртэж гэмтсэн бол нийслэл хотод 107 өрхийн 163 хүн орон гэргүй болж, сургууль болон бусад олон нийтийн байгууламжид түр хоргодоод байгаа аж.

Мөн борооны улмаас олон нийтийн байгууламж ажиллахгүй болж, Сөүл, Инчон болон бусад газарт төмөр зам үерт автжээ. Сөүл хотын метроны дөрөвдүгээр шугам, Кёнгины шугам зэрэг зарим төмөр зам, метроны үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.

Аюулгүй байдлын үүднээс тус улсын авто замын 80 орчим хэсгийг, газар доорх гурван зам, голын эрэг дээрх 26 автомашины зогсоолыг мөн  хаасан байна. Сөүлийн хойд захад орших Бухан уул зэрэг дөрвөн  уулын 134 явган аяллын замыг хаажээ.

Түүнчлэн БНСУ-ын Дотоод хэргийн яам мягмар гарагийн 13.00 цагт үерийн хохирлын түвшинг "анхааралтай"-гаас "ноцтой" болгож шинэчилсэн байна. Хүчтэй аадар борооны улмаас амиа алдсан хүний олонх нь өндөр настан, хүүхдүүд байгаа талаар Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна.

Солонгосын Цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр, нийслэлийн бүсэд пүрэв гараг хүртэл 300 хүртэлх мм хур тунадас унах төлөвтэй байгаа бол Кёнги мужид 350 мм-т хүрч магадгүй байна.

Солонгосын Ойн агентлаг мягмар гарагт Сөүлийн есөн дүүрэг, Инчон, Кёнги, Ганвон, Өмнөд болон Хойд Чунчён мужийн зарим нутаг зэрэг 47 хот, тойрогт хөрсний гулгалтын аюулаас сэргийлэх зөвлөмж гаргажээ. 

Ёнхап агентлагийн мэдээлснээр, аадар борооны улмаас үер бууж, зарим бүс нутагт цахилгаан эрчим хүч тасалджээ. Нам дор байрлах дүүргүүдийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсээр байгаа аж.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.111) 2022 оны 08 сарын 10

Баахан үерт урссан машин монгол руу ачигдах нь дээ, со машин угийн чанар тааруухан, дээр нь усанд орчихоор ямар олиг байх билээ, со машины ченжүүд баярлаад сүйд байгаа байх даа

0  |  0
Top