Улс төрийн уяач эрхмүүд

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 08


 Наадам айсуй энэ өдрүүдэд   моринд дуртай, уяач төрийн түшээд  чуулганы танхимдаа  ёстой л хурдан хүлгүүд шигээ  тогтож ядан дүүхэлзэн байна. Тааралдсан газраа “Морь хурдан уу, Айраг иссэн үү” хэмээн мэндлэцгээх  уяач төрийн түшээдийг танилцуулъя. Хамгийн олон уяачтай нь Ардын нам.  Манлай уяач  Ц.Цэнгэл, Ч.Улаан, Р.Раш, М.Энхболд, Р.Буд, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Су.Батболд, Д.Дондог гээд улс аймгаас олон шагнал гардсан уяачид цөөнгүй.  АН-ынханаас гэвэл УИХ-ын дэд дарга Манлай уяач Г.Батхүү мөн Я.Батсуурь, Лу.Гантөмөр, Д.Батбаяр, Х.Баттулга гээд л уяач улс төрчид нэлээд хэд бий. Эдний дундаас Манлай уяач Ц.Цэнгэлийг тэдний багш гэж хэлж болно. Тэрбээр 1997 оноос эхлэн тод манлай уяач Д.Даваахүү, Д.Онон нартай хамтран морь уяж эхэлсэн. “Даян түмний эх” хэмээх саарал азарга нь улс бүсийн баяр наадмаас олон айраг түрүү авч байсан. Мөн 2006 онд “Задгай хээр” хэмээх шандаст хурдан хүлэг нь улс, бүсийн олон наадмын түрүү авсан билээ. Ч.Улаан гишүүнийг морь танихдаа сайн гэж ярьцгаадаг.   2003 оноос морь уясан бөгөөд уугуул нутаг Сүхбаатар аймаг хэзээнээсээ хурдан  морьдоороо алдартай. “Гоё халиун”, “Бүжин хонгор”, “Аварга зээрд”, “Хулан хонгор”, “Бидэрт хул” гээд олон сайхан хурдан буян түүнийх.  Ардчилсан намын манлай уяач Г.Батхүү 1993 оноос морь уяж эхэлжээ. УИХ-ын дэд дарга түүнийг моринд “амиа тавьдаг”, хурдан хүлгийн уяа сойлгыг тааруулахдаа хар залуугаасаа боловсорсон гэх нь бий. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат түүнийг Д.Даваахүү уяачид шавь орж уяачийн эрдэм заалгасан гэдэг. Түүний хурдан ажнай “Толин хул”дуунд мөнхөрсөн хурдан буян.  Үүнээс гадна “Зул хонгор”, “Бал алаг”, “Их хонгор”,”Цавцгар шарга”,  “Бор хул”, “Гуулин зээрд”, “Тогоруу халтар” гээд олон азарга улсын наадамд давхиулсан. Яруу найргийн чамгүй авьяастайг нь илтгэсэн “Толин хул” дууныхаа үгийг өөрөө зохиосон бөгөөд “Харанга”-ын Лхагвасүрэн уг дууг амьдруулсан нь ард түмний аялах, сонсох дуртай сайхан дууны нэг болсон гэдэгтэй маргах хүн үгүй биз.  Хурдан хүлгийн шандас сорьсон наадмын талбайд уралдаад ирж буй морьдоо барианы зурхайд тосон самсаа шагшрах торгон агшныг мэдэрсэн улс төрч уяачдынхаа уясан хүлэг нь хурдан байхыг ерөөл дэвшүүлье.

Б.Эрдэнэ.

 Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top