Парисын олимпын эрхийн оноо олгох Их Дуулга тэмцээн 24-нд эхэлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 21

"Парис-2024" зуны олимпын наадмын чансааны оноо олгож эхлэх “Улаанбаатар их дуулга-2022” жүдо бөхийн өндөр зэрэглэлийн тэмцээн Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдах гэж байна.

Өнөөдөр Монголын жүдо бөхийн холбооноос хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдэд тэмцээний талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох тус тэмцээн зургаадугаар сарын 24-26-ны хооронд “Steppe arena” буюу “Мөсөн өргөө”-д болох юм. Монголын Жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, НЗДТГ хамтран зохион байгуулж байгаа “Улаанбаатар их дуулга-2022”-д одоогийн байдлаар 30 орны 260 тамирчин оролцохоо мэдэгдээд байна. Үүнд, жүдогийн эх орон Японоос гадна жүдо өндөр хөгжсөн БНСУ, Франц, Герман, Итали, Израил, Их Британи, Нидерланд, Казахстан, Узбекстан орны шигшээ багууд оролцох юм. Олимпын хошой аварга Чехийн Лукаш Крпалек, олимпын аварга Таканори Нагасэ, дэлхийн хошой аварга Португалын Хорхе Фонсека, дэлхийн аварга Саги Мүки зэрэг алдартнууд ирнэ. Монгол Улсын шигшээ багийн хувьд зохион байгуулагч орны давуу эрхээр дүрмийн дагуу жин тус бүрд дөрвөн тамирчин сойж байгаа. Олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар жингээ толгойлон барилдах бол ДАШТ-ий хүрэл медальт Г.Одбаяр, Ё.Басхүү нар эх орныхоо дэвжээнд Төрийн далбаагаа мандуулахын төлөө өрсөлдөнө. Тэмцээний тасалбар урьдчилсан барилдаан 30 мянга, финалын барилдаан 50 мянган төгрөгийн үнэтэй. СТО-д зарагдаж байгаа юм.

УБ ИХ Дуулга тэмцээний аварга бөх чансааны 1000 оноо, мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5-р байр 360, 7-р байр 260, шөвгийн 16-д шалгарвал 160 чансааны оноо авна.

Шагналын сан 154 мянган евро бөгөөд түрүүлсэн жүдоч 5000, мөнгөн медаль 3000, хүрэл медальт бөх 1500 еврогийн шагнал гардана.

Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл “Энэ тэмцээн маань 2012-2016 онд Гран При тэмцээн байж байгаад, зиндаа ахин Их Дуулга тэмцээн болсон. Парис-2024 олимпын чансааны оноо олгох анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой. Гадаадын 30 орны тамирчид оролцоно. Ерөнхийлөгчийн Тамгын газар, НЗДТГ-аас санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Урьдчилсан, хэсгийн барилдаанууд үдээс өмнө 10 цагаас эхэлнэ. Финалын барилдаанууд 17.00 цагаас эхлэх юм. С-1 телевиз шууд дамжуулна. Олон улсын жүдо бөхийн холбооноос ОУОХ-той зөвлөлдсөний эцэст “Спорт бол улс төрөөс ангид зүйл” гэж үзэн, ОХУ-ын тамирчдыг оролцуулах шийдвэр гаргасан ”

Монголын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар “Манайхаас нийт 55 тамирчин, долоон багштай тэмцээнд орно. Шигшээ баг Франц, ОХУ, Бельги, Израйл, БНСУ-ын багтай нэлээд хүнд бэлтгэл хийсэн, одоо сэргээлтийн бэлтгэлдээ орсон байгаа. 2028, 2032 оны олимпод оролцох залуу тамирчдадаа урам зориг өгөх зорилгоор 17-18 настай жүдочдоо түлхүү оруулсан. Энэ тэмцээний дараа Унгарын Их Дуулга, Хорватын Гран При тэмцээн байгаа. Энд амжилттай оролцсон тамирчдыг наймдугаар сард болох Азийн аваргын тэмцээний шигшээ багт оруулна. Тивийн аваргын дараа  ДАШТ-ий шигшээ багаа сонгоно”

Олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар “2024 оны олимпын оноо цуглуулах эхний тэмцээн гэдгээрээ онцлог. Жүдочид тэмцээнд орон оноо цуглуулж, олимпын эрхээ авдаг. Чансааны эхний 22 тамирчин олимпод орох эрхээ шууд авдаг. Оноо олгох тэмцээн Монголд болж байгаа нь их ач холбогдолтой. Шинэ залуу тамирчдад том боломж олгох тэмцээн тул монголчууддаа хандан, Мөсөн Өргөөнд ирж, биднийг тэмцээрэй гэж хүсье”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top