Хүнс үйлдвэрлэгчид Сүхбаатарын талбайд цуглалаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 06 сарын 06

“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдааг зургаадугаар сарын 06-08-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа энэ үзэсгэлэн худалдаанд 57 аж ахуйн нэгж, 3 холбоо оролцож эх орондоо үйлдвэрлэсэн, эрүүл эко хүнсний бүтээгдэхүүнээ танилцуулж, хямдралтай, урамшуулалтай үнээр худалдаалж байгаа юм.

 

 

Дэлхий дахинд хүнсний аюулгүй байдал, хангамж, хүртээмжийг сайжруулахад онцгой анхаарал хандуулж байгаа энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж-аюулгүй байдал”-д үндэсний хэмжээнд анхаарах, бодлого, зохицуулалтыг эрс сайжруулах санаачилга гаргаж, 5 жилийн хугацаанд хэрэгжих үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлээд байна.

Энэхүү хөдөлгөөнийг хүнс үйлдвэрлэгчид маань түүчээлэн дэмжиж “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдаанд оролцож, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр, хямдралтай, урамшуулалтайгаар худалдаалж байгаа юм.

 

 

Монгол Улсад хүнс боловсруулах 1880 гаруй үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байна. Цар тахлын энэ хүнд цаг үед манай боловсруулах үйлдвэрийнхэн гар хумхилгүй ажиллаж, хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл 2021 онд 2.8 их наяд төгрөгт хүрсэн. Боловсруулах салбарт хүнсний үйлдвэрлэлийн эзлэх хувийн жин сүүлийн 10 жилийн хугацаанд 4 дахин, хүнсний дотоодын үйлдвэрлэл биет хэмжээгээр 1.5 дахин нэмэгдсэн.

 

 

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийн хэт өсөлтийг саармагжуулах зорилгоор “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай”, “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль”-ийг УИХ-аас баталж, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн албан татвараас чөлөөллөө.

Мөн 12.7 мянган тонн нөөцийн мах бүрдүүлж, нийслэлчүүдийнхээ хэрэгцээнд нийлүүлж, 19.2 сая литр сүүнд 9.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгож, нийт 550 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлийг банкны эх үүсвэрээр хүнсний боловсруулах үйлдвэрийнхэнд олгох шийдвэрийг гаргаад байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top