Гурван улсын үлгэр | 53 ДУГААР БҮЛЭГ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

I БОТЬ-53 ДУГААР БҮЛЭГ

ГУАНЬ ЮНЬЧАН ЖУРМААР ХУАН ХАНЬШЭНГ ТАВЬСАН СҮНЬ ЖУНМОУ ИХЭЭР ЖАН ВЭНЬ ЮАНЬТАЙ БАЙЛДСАН

Өгүүлэх нь: Кунмин Жанфэйд өгүүлрүүн: “Зылун Гүй Яныг авах үест цэргийн цаазын бичиг үлдээж очсон бөлгөө. Өдгөө Идө Үлинийг авахаар очсугай хэмээвээс бас ч цэргийн цаазын бичиг үлдээсэн хойно сая цэрэг авч очиж болмуй” гэхэд Жанфэй даруй цэргийн цаазын бичиг үлдээж баяртайгаар гурван мянган цэрэг аван шөнө дөлөөр Үлингийн захад ирэв. Зиньсюань, Жанфэйгийн цэрэг авч ирснийг мэдээд даруй жанжин түшмэдийг цуглуулан цэргийн зэвсгийг бэлтгэн хотоос гарч угтсугай хэмээхэд цунши түшмэл Гунжи хориглож өгүүлрүүн: “Лю Сюаньдө болбоос их Хань улсын хааны авга бөгөөд өршөөл журмыг дэлхий дахинд түгээмэл хүргэжээ. Үүний дээр Жан Идөгийн баатар ер бус тул байлдаж болохгүй. дагах нь дээд болой”. Зиньсюань ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Чи хулгай лугаа нийлж дотроос угтсугай хэмээнэ үү?” хэмээгээд цэргийн ардыг зандарч “Түлхэн гаргаад алагтун!” хэмээв. Олон түшмэл цөм гуйж өгүүлрүүн: “Урьдаар өөрийн гэр дэх хүнийг албаас цэрэгт ашиггүй” хэмээсэнд Зиньсюань Гунжиг зандран эгүүлээд өөрийн биеэр цэрэг авч гараад хотоос хорин газрын эцэст төв хийтэл Жанфэйтэй уулзав. Жанфэй жад барьж морь унасаар, Зиньсюанийг өндөр дуугаар зандрахад Зиньсюань гарын доорхи жанжныг: “Хэн гарч байлдмуй?” хэмээвээс олон цөм айн эмээж урагшлах хүн үгүй тул Зиньсюань өөрөө морио давхиулан илд эргүүлж угтав. Жанфэй нэгэнтээ бархирахад дуу нь аянга адилд Зиньсюань гэлмээд байлдсангүйгээр буруулав. Жанфэй олон цэргийг аваад хойноос нэхэж дайран алахад Зиньсюань хотын дор хүрвээс хотын дээрээс дэмий цацлан харвамуй. Үзвээс Гунжи хэрмийн дээр зогсож өгүүлрүүн: “Чи тэнгэрийн цагийг дагахгүй тул өөрөө мөхөхийг эрэх нь болой. Би зуун овогтны иргэн лүгээ Лю овогтод дагав” хэмээн өгүүлэн дуусахын урьд нэгэн зэв Зиньсюаньгийн магнайг харваж мориноос унагасанд цэргийн хүн тэргүүнийг огтолж Жанфэйд өргөв. Гунжи хотоос гарч дагасанд Жанфэй

Гунжигийн тамга цомцгийг авч Гүй Янд Сюаньдөд золгуулахаар илгээв. Сюаньдө ихэд баярлан даруй Гунжид Зиньсюаньгийн тушаалыг төлөөлүүлжээ.

Тэндээс Сюаньдө биеэр Үлинд хүрч иргэнийг тогтоосон хойно Юньчанд бичиг илгээн “Идө, Зылун тус бүр нижгээд хошууг олов” хэмээсэнд Юньчан хойш бичиг өргөн айлтгаж өгүүлрүүн: “Сонсвоос Чаншаг аваагүй хэмээмүй. Хэрвээ намайг эрдэм чадалгүй хэмээхгүй болбоос надаар энэ гавьяаг байгуулуулбаас маш сайн” хэмээжээ. Сюаньдө ихэд баярлаж Жанфэйг шөнө дөлөөр илгээн Юньчаныг халан Зинжоу мужийг сахиулж Юньчангаар Чаншаг байлдуулахаар илгээв.

Юньчан яаран ирээд Сюаньдө, Кунминд золговоос Кунмин өгүүлрүүн: “Зылун Гүй Яныг авч Идө Үлинийг эзэлсэн нь цөмөөр гурван мянган цэрэг авч одсон бөлгөө. Өдгөө Чаншагийн тайшоу түшмэл Ханьсюанийг тоогоод байх явдалгүй. Гагц түүнд нэгэн их жанжин буй. Нань Янгийн хүн бөгөөд овог Хуан, нэр Жун, өргөсөн нэр Ханьшэн. Угтаа Любяогийн доорхи Жунлан Зян түшмэл бөгөөд Любяогийн ач хөвгүүн Люпань лугаа Чаншаг сахиж агсан бөлгөө. Хойно Ханьсюанийг үйлчилжээ. Хэдий өтлөөд жаран нас шахсан боловч түмэн хүн тулж чадахгүй хүч буй тул хөнгөлөн байлдаж үл болмуй. Юньчан очиход эрхгүй цэргийг олон аваачих хэрэгтэй”. Юньчан өгүүлрүүн: “Цэргийн багш юунд бусдын сүрийг хурц болгож өөрийн сүрийг дарах аж? Санаваас нэгэн хөгшин цэргийн хүнийг юун тоонд оруулмуй! Гуань Юй би гурван мянган цэргийг ч хэрэглэхгүй гагц миний харьяат таван зуун цэргийг авч одоод эргүй Хуанжун болон Ханьсюанийг алж, тэргүүнийг тугийн дор өргөсүгэй!” хэмээв. Сюаньдө гашуудан хоригловч Юньчан үгийг дагахгүй таван зуун цэргийг авч одов. Кунмин Сюаньдөгийн зүг өгүүлрүүн: “Юньчан дайсныг хөнгөлөн Хуанжуныг бишрэхгүй тул алдахаас болгоомжлон эзэн гүн одож тусалбаас зохимуй” хэмээсэнд Сюаньдө үгийг зөвшиж даруй цэрэг дагуулан Чаншагийн зүг одов.

Тэндээс Чаншагийн тайшоу түшмэл Ханьсюань төрөлх зан түргэн бөгөөд алахад дуртай тул хүн ард цөм жигшмүй. Тэр цагт “Юньчаныг цэрэг авч ирэв!” хэмээн сонсоод өвгөн жанжин Хуанжуныг авчран зөвлөхөд Хуанжун өгүүлрүүн: “Эзэн гүн битгий зовогтун! Миний энэ дам илд болон нум суманд нэгэн мянган хүн ирэвч мөн нэгэн мянган хүн үхмүй”. Үзвээс Хуанжун хоёр хүчит нумыг хэрэглэж зуунтаа харвахад зуунтаа онох ажгуу. Өгүүлж дуусахын урьд яндрын доороос нэгэн хүн үг залган өгүүлрүүн: “Хөгшин жанжин гарах хэрэггүй. Гуань овогт ганц миний гарын дор буй. Эрхгүй амьд барьж авчирсугай!”. Ханьсюань үзвээс цэрэг захирах Сяо Юй түшмэл Янлин бөлгөө. Ханьсюань баярлаж даруй Янлинд нэг мянган цэрэг өгсөнд нисэх мэт хотоос гараад тавин газар явж үзвээс тоос манаруулан Юньчангийн цэрэг морь хүрч ирэв. Янлин жад барьж жагсаалын өмнө гараад хараан байлдваас Юньчан ихэд хилэгнэн огт дуугүйгээр морио давхиулан Янлинтай байлдахаар ирэв. Янлин жадаар эсрэг угтан жадлахад Юньчан дам илдийг өргөмөгц Янлинийг цавчиж мориноос унагаагаад цэргийг нэхэж алсаар хотын ёроолд хүрсэнд Ханьсюань сонсоод ихэд гэлмэж даруй Хуанжуныг гаргаад Ханьсюань хотын дээр гарч байлдахыг үзэв. Хуанжун дам илд барьж морь довтолгон таван зуун морьт цэргийг авч гүүрийг гарчээ. Юньчан үзвээс нэгэн өвгөн жанжин ирмүй. Энэ лав Хуанжун мөн хэмээн таван зуун илд барьсан цэргийг жагсаан Юньчан дам илдийг хөндлөн барьж морилон зогсоод асууруун: “Ирэх жанжин Хуанжун буюу?”. Хуанжун өгүүлрүүн: “Миний нэрийг мэднэм бөгөөд ямар аймшиггүй миний газрыг халдахаар ирэв?”. Юньчан өгүүлрүүн: “Тусгайлан чиний тэргүүнийг авахаар ирсэн болой” хэмээн өгүүлж дуусаад хоёр морьтон зууралдан байлдаж зуун удаа болтол дийлэх дийлэгдэх нь ялгарахгүйд Ханьсюань, Хуанжуныг алдуузай хэмээн харанга цохиж цэргийг хураасанд Хуанжун хотод орсон тул Юньчан мөн цэргийг эгүүлэн хотоос арван газрын эцэст хүрээ буув. Юньчан дотроо санаруун “Өвгөн жанжин Хуанжунгийн нэр хоосноор алдаршсан бус. Зуун удаа байлдваас огт завсаргүй, маргааш илд чирэх аргыг хэрэглэж ялгуусугай” хэмээн бодов.

Дэд өдөр будаа идээд бас хотын дор өдөөн байлдахаар ирэв. Ханьсюань хэрмийн дээр суугаад бас Хуанжуныг гаргасанд Хуанжун хэдэн зуун морьт цэргийг авч гүүрийг өнгөрөн ирээд дахин Юньчан лугаа зөрөлдөн байлдаж тавь жаран удаа болтол дийлэх дийлэгдэх нь бас ч ялгарахгүйд хоёр этгээдийн цэргийн хүн цөм сайшаан гайхалдмуй. Хараахан хэнгэрэг дэлдэхэд Юньчан даруй морио эгүүлж буруулав. Хуанжун хойноос нэхэж ирсэнд Юньчан сая эгж илдээр цавчсугай хэмээтэл гэнэт арын хойно ихэд дуу гармуй. Юньчан яаран хойш харж үзвээс Хуанжунгийн унасан морь бүдрэн газарт унажээ. Юньчан яаран хоёр гараар дам илдийг өргөж зандран өгүүлрүүн: “Би түр чиний амийг хэлтрүүлсүгэй. Хурдан морио халж байлдахаар ирэгтүн!” хэмээв. Хуанжун яаран мориныг босгож алавхийн гараад хотод буруулан орсонд Ханьсюань гэлмэж асууваас Хуанжун өгүүлрүүн: “Энэ морийг удтал байлдахад унасангүй. Тийнхүү ийм алдагдал гаргав”. Ханьсюань өгүүлрүүн: “Чиний харвах нь зуун зэвд зуунтаа онох атал юунд харвахгүй аж?”. Хуанжун өгүүлрүүн: “Маргааш өдөр байлдахад хуурмагаар буруулан өдөөж гүүрний ойр аваачин харвасугай!” хэмээв. Ханьсюань Хуанжунд өөрийн унасан бор морийг өгсөнд Хуанжун харамж өгөн гарч ирээд дотроо сэтгэрүүн “Юньчангийн энэ мэт журамт хүнийг олоход бэрх. Тэр намайг алж төвдөхгүй байтал би хэрхин харваж төвдөх билээ. Хэрэв харвахгүй болбоос бас ч цэргийн цаазыг зөрчихөөс эмээмүй” хэмээн бодож тэр шөнө хараахан санаж тогтохгүй.

Гэгээрсэн хойно “Юньчан өдөөн байлдахаар ирэв” хэмээжээ. Хуанжун цэрэг авч хотоос гарваас Юньчан хоёр өдөр байлдаад Хуанжуныг дийлж чадсангүй хэмээн арван хувь цухалдаж байсан тул тэр өдөр хамаг хүчийг гарган Хуанжун лугаа байлдаад гучин удаа болсонд Хуанжун хуурмагаар буруулан дутаав. Юньчан нэхэж очиход Хуанжун өчигдрийн алсангүй ачийг санаж даруйхан харваж төвдөхгүй болж дам илдийг хатган нум авч хуурмагаар хөвч дуугармагц Юньчан яаран зайлж үзвээс зэв үзэгдэхгүй. Юньчан бас нэхвээс Хуанжун бас хоосноор харвасанд Юньчан даруй зайлаад үзвээс мөнхүү зэвгүй тул Хуанжунг харваж чадахгүй хэмээн бодоод хамаагүй нэхэн ирээд сая гүүрний дэргэд хүрмэгц Хуанжун зэв онилж нум татан харвасанд хөвч дуугармагц зэв хүрч ирээд төвхийтэл Юньчангийн дуулганы соновторын327 суудлыг оножээ. Үүнд өмнө цэрэг цугаар хашхиралдсан тул Юньчан гэлмээд зэв хатгасаар хүрээнд эгж Хуанжунгийн зуун алхмын эцэст уд модны навчийг онох эрдэм байхыг сая мэдэв. Энэ өдрийн соновторыг харвасан нь “Өчигдрийн алсангүй хишигт хариулсан нь болой” хэмээн санаж Юньчан цэрэг авч эгэв. Хуанжун хотод ороод Ханьсюаньд золгохоор ирсэнд Ханьсюань жигүүрийн ардыг зандарч “Хуанжуныг баримтал!” хэмээхэд Хуанжун өгүүлрүүн: “Надад ялгүй!” хэмээсэнд Ханьсюань ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Би гурван өдөр үзэв. Чи ямар аймшиггүй намайг мэхлэмүй? Чи урж өдөр хүч гарган байлдахгүй нь эрхгүй гуяч сэтгэл өвөрлөсөн хэрэг бус уу! Өчигдөр чиний морь бүдэрсэнд тэр чамайг алсангүй нь урагш эрхгүй нэвтэрсэн явдал буй! Энэ өдөр чи бас хоёр хоосноор харваж гуравдугаар удаа арайхийн дуулганы соновторыг харвасан атал яахин гадаад лугаа нэвтрэлцэж дотоодоор нийлсэнгүй хэмээмүй? Хэрвээ чамайг алахгүй болбоос эрхгүй хойшын зовлон болмуй!” хэмээгээд илд сүх барьсан хүнийг дуудаж “Хотын гадна аваачиж алагтун!” хэмээхэд олон түшмэл гуйваас Ханьсюань өгүүлрүүн: “Хуанжуныг гуйн хэлтрүүлсүгэй хэмээгчид цөм нэгэн хоршоо болой” хэмээгээд хотын гадна аваачин сая илд өргөн цавчсугай хэмээтэл гэнэт нэгэн жанжин илд барин ирээд илд сүх барьсан хүнийг цавчиж сарниулаад Хуанжуныг тэнхрүүлэн авч өндөр дуугаар өгүүлрүүн: “Хуан Ханьшэн328 болбоос Чаншагийн хайгуул халхавч бөлгөө. Өдгөө Ханьшэнийг алах нь Чаншагийн зуун овогтныг алах нь болой. Ханьсюань харгис догшин өршөөлгүй, мэргэнийг хөнгөлөн цэргийг осолдуулсан тул олноор хамт арилгаваас зохимуй. Намайг дуртайяа дагагсад нь ирэгтүн!” хэмээв. Олон хүн түүнийг үзвээс царай нь улаан чавга мэт, нүд гэгээн од адил И Ян газрын хүн Вэй Янь болой. Сян Янгийн газраас Лю Сюаньдөг эрэхээр одож гүйцсэнгүй тул ирж Ханьсюаньд дагасан ажгуу. Ханьсюань түүний оморхоглохыг жигшиж хүндээр хэрэглэсэнгүй. Тийнхүү бие халхлагдан байсан бөлгөө. Тэр Хуанжуныг тэнхрүүлэн гаргаад зуун овогт иргэний хамт Ханьсюанийг алмуй хэмээгээд тохойг өргөмөгц дагаж ирсэн нь хэдэн зуу илүү болжээ. Хуанжун хоригловч болохгүй. Вэй Янь шууд хотод алан орж нэгэн илдээр Хансюанийг хоёр анги болгон цавчаад тэргүүнийг авч моринд алавхийн гараад зуун овогт иргэн лүгээ хотоос гарч Юньчаныг дагав. Юньчан ихэд баярлаж хотод ороод иргэнийг тогтоосон хойно Хуанжуныг залж учирсугай хэмээвээс Хуанжун өвчнөөр шалтаглан гарч ирсэнгүй. Юньчан даруй хүн зарж Сюаньдө, Кунминийг залахаар илгээв.

327 Дуулганы шовх оройг соновтор гэнэ

328 Хуанжунгийн өргөсөн нэр

Тэндээс Сюаньдө, Юньчангийн Чаншаг авахаар очсоноос хойш Кунмин лүгээ хойноос цэрэг морь авч туслахаар явах зуур бараад хөх туг гэдрэг хумиралдаад, жич нэгэн хэрээ умраас урагш нисэж ирээд гурван зэрэг донгодож одов. Сюаньдө өгүүлрүүн: “Энэ ямар гамшиг буяны ёр болой?” хэмээн асуухад Кунмин морины дээр ханцуйн дотор хуруу даран нэгэн төлөг үзээд хэлрүүн: “Чанша хошууг аваад бас нэгэн их жанжныг олох тэмдэг болой. Үдээс хойш эрхгүй үнэн магадыг сонсмуй” хэмээв. Удсангүй нэгэн өчүүхэн цэргийн хүн нисэх мэт ирээд мэдүүлрүүн: ”Туань жанжин нэгэнтээ Чаншаг олоод Хуанжун, Вэй Янийг дагуулж тусгайлан эзэн гүнгийн тэнд хүрэхийг хүлээж амуй” хэмээжээ. Сюаньдө ихэд баярлаж даруй Чаншад орсонд Юньчан угтаж яаманд оруулаад Хуанжунгийн хэргийг дуусган хэлбээс Сюаньдө биеэр Хуанжунгийн гэрт очиж залсанд Хуанжун сая гарч дагаад Хансюаньгийн ясыг гуйн авч Чаншагийн зүүн этгээдэд оршуулан тавив. Хожмын хүн Хуанжуныг магтсан шүлгийн үг:

“Хуан жанжны сүр жавхлан агаар тэнгэрт мандаж

Хувхай цагаан үстэй боловч Ханьнаньгийн газрыг мохоов

Үхэхэд хүрэвч гомдол өчүүхэн ч үгүй

Дагахад тулаад, толгой дарж ичингүйрэв.

Эрдэнийн сэлэм гялалзуулан хувилгаан хүчийг мандуулж

Эрмэг хүчийг харайлгуулан салхи мэт байлдсаныг санагалзмуй

Мянган үед эрхэм алдар баларшгүй бөгөөд

Мятаршгүй зориг сарны гэрэлд Сянтань усанд тусмуй”

Түүнээс Сюаньдө Хуанжуныг маш хүндэлжээ. Юньчан Вэй Янийг авчирч золгуулбаас Кунмин илд сүх барьсан цэргийг зандарч “Түлхэн гаргаж алагтун!” хэмээхэд Сюаньдө цочиж Кунмингаас асуун өгүүлрүүн: “Вэй Яньд гавьяа буй бөгөөд ялгүй хүн атал цэргийн багш юуны учирт алсугай хэмээмүй?”. Кунмин өгүүлрүүн: “Түүний пүнлүүг идээд эзнээ алсан нь шударгагүй. Түүний шороонд суугаад түүний газар орныг өргөсөн нь журамгүй болой. Би үзвээс Вэй Яньгийн духны ард урвах яс буй удаандаа уравмуй. Тийнхүү урьд алж, хожмын зовлонгийн үндсийг тасалсугай хэмээмүй”. Сюаньдө өгүүлрүүн: “Хэрвээ энэ хүнийг албаас дагасан хүн бүр бэрхшээжээ. Хүсэх нь цэргийн багш хэлтрүүлэх ажаам уу!” хэмээн өгүүлсэнд Кунмин Вэй Янийг зааж өгүүлрүүн: “Би өдгөө чиний амийг хэлтрүүлсүгэй. Чи шударгыг гүйцэтгэн эзний ачийг хариул! Хэрвээ өөр сэтгэлийг бариваас би эрт орой чиний тэргүүнийг авмуй” хэмээвээс Вэй Янь дахин давтан өчиж гарав. Хуанжун Любяогийн ахын хөвгүүнийг батлан өргөж “Ю Сянь суманд сул сууж буй” хэмээсэнд Сюаньдө дуудан ирүүлээд Чаншаг захируулав. Дөрвөн хошууг нэгэнтээ төвшин болгосон тул Сюаньдө цэргийг авч Зинжоу мужид эгээд Юзянкоу амын нэрийг халж Гун Ань хэмээв. Үүнээс цалин амуу үлэмж болж мэргэд цөм дагажээ. Цэрэг морийг дөрвөн тийш салган бэрх хавцалд суулгав. Түүнээс Жоу Юй, Чайсанд эгээд өвчнөө засаж Ганьнингээр балин хошууг сахиулж линтунгаар Хань Ян хошууг сахиулав. Хоёр этгээд байлдах онгоцыг жагсааж улируулан хэрэглэхэд бэлтгүүлээд Чэнпү үлдсэн жанжин түшмэдийг авч Хөфэй суманд ирэв. Сүньцуань Улаан хавцалд зууралдан байлдсанаас нааш удтал Хөфэйд сууж

Цаоцаогийн цэрэг лүгээ байлдаж их бага арван удаа илүү байлдаад дийлэх дийлэгдэх ялгарсангүй тул болгоомжлон хотын ойр хүрээ буулгасангүй. Хотоос тавин газрын эцэст хүрээ буусан бөлгөө. Чэнпүгийн цэрэг хүрч ирснийг сонсоод Сүньцуань ихэд баярлаж биеэр хүрээнээс цэргийн зүтгэлд угтахаар гарсанд хүн ирж хэлрүүн: “Лү Зызин урагш ирэв” хэмээжээ. Сүньцуань мориноос бууж зогсон хүлээв. Лүсү үзээд мэндэн сандан мориноос өнхрөн бууж ёсолж дууссан хойно олон түшмэл Сүньцуань Лүсүг ийнхүү хүндлэхийг үзээд ихэд хиртхийж гайхав. Сүньцуань Лүсүг “Морь уна!” хэмээн унуулж, жолоо зэрэгцүүлэн явахад сэмээр өгүүлрүүн: “Би мориноос бууж угтсан нь гүнг ихэд гэрэлтүүлсэн буюу?”. Лүсү өгүүлрүүн: “Өдий болой”. Сүньцуань өгүүлрүүн: “Тийм болбоос яасан хойно сая гэрэлтүүлмүй?”. Лүсү өгүүлрүүн: “Гэгээн гүн сүр эрдмийг дөрвөн далайд хүртэл зарлаад, есөн мужийг цөм захиран хаан суурийг бүтээсэн хойно Лүсү намайг шастир бичигт нэр хадгалбаас сая гэрэлтүүлсэн нь болой”. Сүньцуань алгаа дэлдэж ихэд инээн хамт цацарт орж ихэд хуримлан зүдсэн цэргийг шагнаад Хөфэйг эвдлэх аргыг зөвлөв.

Гэнэт “Жанляо хүн зарж байлдах бичиг хүргэхээр иржээ” хэмээн хэлэхээр ирэв. Сүньцуань зарсан хүнийг оруулан бичгийг нээж үзээд ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Жанляо намайг даанч дарламуй. Чи Чэнпүгийн цэрэг ирснийг сонсоод санаатайгаар байлдахыг өдөөсөн бөлгөө. Би маргааш өдөр шинэ цэрэг хэрэглэхгүйгээр нэгэн зэрэг ихэд байлдсугай” хэмээгээд цааз зарлан тэр шөнийн тавдугаар жинд цэрэг мордон Хөфэйгийн зүг одоход луу цагийн үест замын дунд Цаоцаогийн цэрэг хүрч ирээд хоёр этгээдийн цэрэг эсэргүүлэн жагсав. Сүньцуань алтан хуяг дуулга өмсөөд морь унаж гарав. Зүүн этгээдэд Сунцянь, баруун этгээдэд Зяхуа хоёр жанжин сэрээт жад барьж хоёр этгээдэд хамгаалмуй. Гурвантаа хэнгэрэг дэлдсэн хойно Цаоцаогийн цэргийн жагсаалын үүдэт туг нээгдсэнд гурван жанжин бүрнээ хуяглан жагсаалын өмнө зогсов. Дунд нь Жанляо, зүүн этгээдэд Лидянь, баруун этгээдэд Юэзинь зогсжээ. Жанляо олны өмнө морио давхиулан урагшлан гарч шууд Сүньцуань лүгээ байлдахаар ирэв. Сүньцуань жад өргөж өөрөө байлдсугай хэмээхэд жагсаалын дотроос нэгэн жанжин хэдийнэ морилон гарчээ. Энэ нь Тай Шицы ажгуу. Жанляо дам илдээр угтаад хоёр жанжин байлдсаар дал наян удаа болтол дийлэх, дийлэгдэх ялгарахгүй бүхийд Цаоцаогийн жагсаалын Лидянь Юэзиньд өгүүлрүүн: “Эсрэг талын алтан дуулгатай нь Сүньцуань болой. Хэрвээ Сүньцуанийг барьж одвоос наян гурван түмэн цэргийн төлөө хариу авсан нь болой” хэмээн үг дуусахын урьд Юэзинь гагц морь нэгэн илдээ бариад хажуугаас гарч Сүньцуанийг зүглэн очсон нь нэгэн зурвас цахилгааны гэрэл нүдний өмнө хүрч ирсэн мэт. Гар өргөмөгц илд бууж ирэхэд Сунцянь, Зяхуа яаран сэрээт жадаар тосохуйяа илд хүрсэн газар хоёр жад цөм хугараад гагц сэрээт жадны ишээр морины толгойг занчсанд Юэзинь хойш эгэв. Сунцянь цэргийн хүний жадыг аваад нэхэж ирснийг Лидянь зэв онилон Сунцяньгийн зүрхийг онилж харвасанд хөвчийн дууг дагаж мориноос унав. Тай Шицы арын хойно нэгэн хүн мориноос унасныг үзээд Жанляог гээж өөрийн хүрээний зүг эгсэнд Жанляо мөн хүчинд даран алж ирэхэд Ү улсын цэрэг ихэд самуураад дөрвөн зүг сарниж дутаав. Жанляо, Сүньцуанийг үзээд морь тавин нэхэн ирээд харсаар гүйцэх завдахад хажуугаас нэгэн баг цэрэг дайран иржээ. Тэргүүлсэн их жанжин Чэнпү ажгуу. Тосож нэгэн зэрэг байлдсаар Сүньцуанийг тэнхрүүлэн гаргав. Жанляо цэргээ хурааж Хөфэйд эгэв.

Тэндээс Чэнпү Сүньцуанийг хамгаалж их хүрээнд эгсэн хойно буруулсан цэрэг дараа дараагаар хүрээнд хүрч ирэв. Сүньцуань Сунцяньгийн автагдсаныг сонсоод өндөр дуугаар уйлахад Занши түшмэл Жанхун өгүүлрүүн: “Эзэн гүн баатар сүрдээ эрэмшин, догшин дайсныг хөнгөлсөн тул олон цэргийн хүн эс айсан нь үгүй. Жанжныг алж тугийг булаан авч сүрийг байлдааны газарт алдаршуулах хэмээгч тэр нь дагалдах жанждын үүрэг болохоос эзэн гүнгийн үйлс бус. Бэнь329, Югийн330 мэт баатрыг гээгээд вангийн ёсны хүчирхэгийг хичээх аргыг өвөрлөхийг хүсмүй. Нэнд энэ өдрийн Сунцяньгийн илд зэвийн дор үхсэн нь цөм эзэн гүн таны дайсныг хөнгөлсөн учир болой. Үүнээс хойш хичээн сахиваас зохимуй” хэмээсэнд Сүньцуань өгүүлрүүн: “Миний эндүүрэл мөн болой. Үүнээс хойш халсугай!” хэмээв. Удсангүй Тай Шицы цацарт орж хэлрүүн: “Миний харьяат нэгэн хүн буй. Овог Гө, нэр Дин. Жанляогийн морь тэжээх хүн лүгээ ах дүү бөлгөө. Морь идүүлэх хүн донгодож гомдсоноор энэ шөнө хүн зарж хэлэхээр ирсэн нь гал тавихаар тэмдэг болгон Жанляог алаад Сунцяньгийн хариуг авсугай хэмээмүй. Би гаднаас туслахаар очсугай” хэмээсэнд Сүньцуань өгүүлрүүн: ‘Гөдин хаана буй?”. Тай Шицы өгүүлрүүн: “Нэгэнтээ цэрэгт хутгалдан Хөфэй хотод оржээ. Би таван мянган цэрэг гуйж одохыг хүсмүү!”. Жугө Зинь өгүүлрүүн: “Жанляо олон бодлоготой хүн тул бэлтгэл байхаас эмээмүй. Очиж болохгүй!” хэмээсэнд Тай Шицы мугуйдлаж одсугай хэмээхэд Сүньцуань бас Сунцяньгийн үхсэнд гунихарч хурдан хариу авсугай хэмээх тул даруй таван мянган цэрэг өгч гаднаас туслахаар илгээв.

329 Бэньгийн нэр Мөнбэй гэдэг. Байлдаант улсын үеийн баатар.

330 Юйгийн нэр Сяаюй гэдэг. Жоу улсын үеийн баатар.

Тэндээс Гөдин болбоос Тай Шицы лугаа нэгэн гацааны хүн, тэр өдөр цэргийн хамт холилцон Хөфэйд ороод морь идүүлэх хүнийг эрж учран хоёул зөвлөхөд Гөдин өгүүлрүүн: “Би нэгэнтээ хүн зарж Тай Шицы жанжинд хэлэхээр илгээв. Энэ шөнө эрхгүй туслахаар ирмүй. Чи яахин хэрэг үүсгэх аж?”. Морь адгуулах хүн өгүүлрүүн: “Энэ газар дундадын цэргийн хүрээнээс хол тул шөнө яарч орвоос болохгүй. Гагц овоолсон өвсөнд гал тавиад чи өмнө этгээдэд одож “Урвав!” хэмээн дуудсанд хот доторх цэрэг эрхгүй самуурмуй. Тэр тухайд Жанляог хороовоос үлдсэн цэрэг өөрөө буруулах болой” гэсэнд Гөдин өгүүлрүүн: “Энэ арга маш сайн” хэмээв. Тэр шөнө Жанляо дийлж эгээд зүдсэн цэргийг шагнаж зарлан өгүүлрүүн: “Битгий хуягийг тайлж унтагтун!” хэмээхэд жигүүрийн ард өгүүлрүүн: “Энэ өдөр бүрнээ дийлээд Ү улсын цэрэг хол буруулсан тул жанжин яахин хуягийг тайлж унтуулахгүй аж?”. Жанляо өгүүлрүүн: “Тийм бус. Жанжин болох ёс нь “Битгий дийлсэнд баярла! Битгий дарагдсанд зовогтун!” хэмээжээ. Хэрвээ Ү улсын цэрэг манай бэлтгэсэнгүйг ашиглаж хоосныг тухайлж байлдахаар ирвээс юугаар халхламуй? Энэ шөнө сэргийлэн сахих нь урьд шөнөөс нэнд хувь нэмж хичээн болгоомжилбоос зохимуй” хэмээн үг дуусахын урьд хойд хүрээнээс гал гараад “Урвав!” хэмээн нэгэнтээ дуу гарахад мэдүүлэн ирэх хүн маш олон. Жанляо цацраас гаран морь унаад биеэр доорхи жанжин хэдэн арван хүнийг дуудан замыг халхлан зогсов. Зүүн баруун этгээдийн ард өгүүлрүүн:

“Хашхирах дуу маш шахам очиж үзсүгэй”. Жанляо өгүүлрүүн: “Хэрхин нэгэн хотын хүн цөм урвах ёс буй. Энэ урвасан хүн цэргийн ардыг цочоох нь болой. Хэрвээ самуурсан аваас урьдаар алсугай!” хэмээв. Удсангүй Лидянь, Гөдин хийгээд морь идүүлэх хүнийг барьж ирэв. Жанляо тэр учрыг асууж олоод зогсоогоор морины өмнө алав. Бас сонсвоос харанга хэнгэрэг дэлдэн хашхирах дуу ихэд гарахад Жанляо өгүүлрүүн: “Энэ Ү улсын цэрэг гаднаас угтахаар ирсэн тул аясдаж эвдлэсүгэй!” хэмээн хүн гаргаж хотын хаалган дор гал тавин олныг цөм урвав хэмээн дуудуулаад хотын хаалгыг цэлийтэл нээж гүүрийг тавив. Тай Шицы хотын хаалга нээснийг үзээд дотор хувьсгал гарав хэмээн жад барьж морийг ухасхийн орвоос хотын дэргэдээс буун дуу нэгэнтээ гарахад дорогш нэгэн зэрэг сацлан харваж гарчээ. Тай Шицы яаран эгэхэд бие хэд хэдэн зэвэнд оногджээ. Хойноос Лидянь, Юэзинь алхаар ирсэнд Ү улсын цэрэг их хагас хохиров. Мөн дийлсэн хүчээр шууд хүрээний ойр хүртэл нэхсэнд Лүсюнь, Дунси гарч байлдаад Тай Шицыг гаргасанд Цаоцаогийн цэрэг эгэв. Сүньцуань Тай Шицыгийн биед хүнд шарх олсныг үзээд ихэд гаслажээ. Жанжао, Сүньцуаньгийн зүг “Цэрэг эгсүгэй!” хэмээхэд Сүньцуань үгийг дагаж даруй цэргийг хураан онгоцонд сууж Наньсюйгийн харьяат Рүньжоу газар эгээд хүрээ байгуулан дуустал Тай Шицыгийн өвчин хүнд тул Сүньцуань, Жанжао нарыг зарж өвчнийг үзэхээр илгээсэнд Тай Шицы өндөр дуугаар: “Ихэс эр самуун үед төрөөд гурван тохой илдийг зүүж орчлонд хосгүй гавьяаг байгуулбаас зохимуй. Өдгөө санасанд хүрсэнгүйг яанам? Зуурмаг үхмүй!” хэмээн өгүүлж дуусаад эцэс болгов. Дөчин нэгэн настай бөлгөө. Хожмын хүний магтсан шүлгийн үг:

“Дундаршгүй зоригоор шударга элбрэлийг бүртгэх гэсэн

Дунлай газрын Тай Шицыг хэлбээс

Овог нэр алсын хязгаарт мандаад

Онолго харвалга баатар цэргийг донсолгов

Бэйхай газар ачийг хариулсан өдөр

Шэньтин даваанаа шунан байлдсан цаг

Бие эцэслэхдээ хэлсэн бадрангуй үг нь

Бэхжин өнгөрч мянган үед дуурсгалтай”

Сүньцуань Тай Шицыгийн үхсэнийг сонсоод хорсож барахгүй хүүрийг Наньсюй газрын Бэйгү Шань уулын доор ёсчлон оршуулж түүний хөвүүн Тайши Сяныг яаманд аваачиж тэжээв.

Тэндээс Сюаньдө, Зинжоу мужид цэрэг морийг засамжлан бэлтгэж атал Сүньцуанийг Хөфэйд цэрэг дарагдаж Наньсюйд эгэв хэмээн сонсоод Кунмингийн зүг зөвлөхөд Кунмин өгүүлрүүн: “Би шөнө одыг үзвээс баруун хойдод байсан нэг од газарт унав. Эрхгүй нэгэн хааны удам хохирмуй” хэмээн хэлэлцэх хооронд гэнэт хүн ирж хэлрүүн: “Гүнз Люци өвчнөөр өнгөрөв” хэмээжээ. Сюаньдө сонсоод ихэд уйлж зогсохгүй тул Кунмин хориглож өгүүлрүүн: “Үхэх төрөх нь тогтсон хувь буй. Эзэн гүн битгий зовогтун! Эрхэм биеийг гэмтүүлүүзэй. Их үйлийг шийтгэмүй, түргэнээ хүн илгээж хот балгасыг сэргийлэн бэлэвсрэлийн хэргийг үйлдүүлбээс зохимуй”. Сюаньдө өгүүлрүүн: “Хэнийг илгээвээс болмуй?”. Кунмин өгүүлрүүн: “Юньчангаас бусад нь болохгүй” хэмээнд даруй Юньчаныг дуудан “Сян Янд очиж сахигтун!” хэмээв. Сюаньдө өгүүлрүүн: “Өдгөө Люци үгүй болсонд зүүн Ү улс эрхгүй Зинжоу мужийг авахаар ирмүй. Яахин өчвөөс болох буй?”. Кунмин өгүүлрүүн: “Хэрвээ хүн ирвээс Жугө Лян надад өчих үг буй” хэмээв. Хагас сар өнгөрөөд хүн ирж хэлрүүн: “Зүүн Ү улсын Лүсү тусгайлан цаас гээхээр ирэв” хэмээжээ. Энэ чухамхүү:

“Урьдаас арга бодлогыг бодож тогтоогоод

Онц зүүн Ү улсын элч ирэхийг хүлээмүй”

Эгнэгт Кунмин яахан өчихийг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top