Улсын наадамд түрүүлсэн бөхчүүд ямар бай шагнал авдаг вэ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 07


 Наадам айсуй. Монгол түмний бахархал эрийн гурван наадам болоход хэдхэн хоног үлдлээ.  Эрт дээр цагаас эхлээд өнөөг  хүртэл түрүүлсэн бөхдөө ямар бай шагнал өгч байсан бол гэдгийг сонирхох хүн цөөнгүй биз.  Дээр үеийн бөхчүүд хормой дүүрэн боорцгоор шагнуулдаг байсан гэсэн яриа байдаг ч арай тиймгүй бололтой. Баримт сөхвөөс: Бадаргуулалт төрийн долдугаар он буюу 1881 онд болсон Долоон хошуу даншиг наадамд 672 бөх барилдахад түрүүлсэн Дээрхийн шавь Гэлэгсэнгэ арсланд бүхэл магнаг хөө хуяг, бүхэл торго тус бүр нэг нэг, ерөөл булигаар, гурван хонь, нэг тэмээ, шар цай 70 ширхэгийг Богдын сангаас түрүү бөхийн бай шагнал болгон өгч байжээ.

1951 оны наадмаар ерөнхий сайд, маршал Х.Чойбалсангийн шийдвэрээр Ардын хувьсгалын 30 жилийн ойн баярыг тохиолдуулан “Их Монгол” хэмээн алдаршсан Шаравжамц аваргад түрүү бөхийн бай шагнал болгож 175 төгрөгийн үнэтэй бягтруул хөгжим нэг ширхэг, 25 төгрөгийн үнэтэй орос монгол пянз есөн ширхэг, 70 төгрөгний үнэтэй калибр буу нэг ширхэг, 216 төгрөгийн үнэтэй нэгдүгээр торго зургаан метр, 126 төгрөгийн үнэтэй тал коверкот гурван метр хагас, 36 төгрөгийн үнэтэй тавдай даавуу зургаан метр, 8 төгрөгийн үнэтэй өнгийн ямбуу зургаан метр, 21 төгрөгийн үнэтэй даалимба 18 метр, 13 төгрөгийн үнэтэй эрээн даавуу зургаан метр , 10 төгрөгийн үнэтэй орос ногоон цай 10 ширхэг бүгд нийлээд 700 төгрөгийн үнэтэй эд зүйлээр шагнаж байсан байна.

1990-ээд оны эхээр улс түрүүлсэн бөхдөө 50 мянган төгрөгийн үнэтэй өнгөт телевизор бэлэглэдэг байсан бол 1995 оноос түрүүлсэн бөхөө нэг сая төгрөгөөр байлж шагнадаг байв.

2000 оноос түрүүлсэн бөх таван сая төгрөгийн шагнал авдаг болсон юм. Тэгвэл энэ жил ойрын арван жилдээ тохиохооргүй олон тэгш ойнууд тохиож байгаа тул түрүүлсэн бөхийг 15 сая төгрөгөөр шагнахаар болжээ. Ямар ч байсан улсын наадамд түрүүлсэн бөх бай шагналаараа тэр жилдээ сэтгэл зовохгүй амьдарч болохуйц буюу сард сая хоёр зуун мянган төгрөгийн цалин нэг жилийн турш авч байна гэсэн үг. Түрүүлсэн бөхийн нь бай шагнал өндөр байх аваас начны даваанд унасан бөхийн өвөртөлж байгаа мөнгө рүү тэгтлээ нүдээ унагаад ширтээд байхгүй болох биз ээ.  

Б.Эрдэнэ.

 Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top