Гурван улсын үлгэр | 52 ДУГААР БҮЛЭГ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 27

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

I БОТЬ-52 ДУГААР БҮЛЭГ

ЖУГӨ ЛЯН УХААН ЗАРЖ ЛҮСҮТЭЙ МАРГАСАН ЖАО ЗЫЛУН УРАН АРГААР ГҮЙ ЯНЫГ АВСАН

Өгүүлэх нь: Жоу Юй, Кунмингийн Нань Зюнь хошууг авсныг үзэж, бас Зинсяныг сундалсныг сонсоод яахин хилэн төрөхгүй аж. Хилэнд зэвийн шарх лавраад нэлээд удсан хойно сая амьдрав. Олон жанжин нар дахин давтан хоригловоос Жоу Юй өгүүлрүүн: “Хэрвээ Жугө Лян тосгоны эрийг алахгүй болбоос яахин миний зүрхний хорслыг зогсоож чадмуй, Чэн Дөмоу надад тусалж, Нань Зюнь хошууг байлдаад эрх биш зүүн Ү улсын мэдэлд эргүүлэн авсугай!” хэмээн хараахан зөвлөх хооронд Лүсү хүрч иржээ. Жоу Юй хэлрүүн: “Би цэрэг байгуулж, Любэй Жугө Лян лугаа эрэгчин эмэгчнийг ялгаж дахин хотыг булаасугай хэмээх тул Лү Зызин надад туслахыг хүсмүү!” хэмээсэнд Лүсү өгүүлрүүн: “Болохгүй ээ! Өдгөө Цаоцао лугаа байлдаад бас ч бүтэх, бүрлэх нь ялгарсангүй бөгөөд эзэн гүн нь Хөфэйг байлдаж олоогүй атал хэрвээ бид өвөр зуураа харилцан тэмцэж хөнөөгөөд, тэр зуур Цаоцаогийн цэрэг хоосныг тухайлан ирвээс байдал түгшүүртэй болмуй. Нэгэнтээ лю Сюаньдө язгуураас Цаоцао лугаа ихэд найртай тул хэрвээ даанч цухалдуулбал хотыг өргөөд хүч хамтдаж, зүүн Ү улсыг байлдваас яанам?”. Жоу Юй өгүүлрүүн: “Бид арга бодлого хэрэглэж, цэрэг морь хорогдон амуу цалин сүйтгэсэн атал тэр бэлнийг авсанд хэрхин хорсохгүй буй?”. Лүсү өгүүлрүүн: “Гунзинь түр тэсвэрлэтүгэй! Би биеэр очиж, Сюаньдөтэй зүй зохисоор хэлэлцсүгэй! Хэрвээ тэр үгийг эс дагаваас тэр цагт цэрэг хөдөлгөхөд удахгүй” хэмээсэнд олон жанжин нар өгүүлрүүн: “Зызингийн үг их сайн” хэмээв.

Түүнээс Лүсү дагагсдыг дагуулан Нань Зюнь хошууны хотод хүрээд хаалгыг дуудахад Жао Юнь  гарч асууваас Лүсү өгүүлрүүн: “Би Сюаньдө лүгээ золгож хэлэх үг буй”. Жао Юнь  өгүүлрүүн: “Миний эзэн цэргийн багш лугаа Зинжоу хотод буй” хэмээсэнд Лүсү Нань Зюньд орсонгүй шууд Зинжоу хотын зүг одоод үзвээс туг хиурыг төв тэгш жагсааж, цэргийн байдал маш чанга. Лүсү сэмээр бахдаж өгүүлрүүн: “Кунмин үнэхээр сахиулсан хүн болой” хэмээжээ. Цэргийн хүн хотод орж хэлрүүн: “Лү Зызин ирж Кунминд золгомуй” хэмээмүй. Кунмин хотын хаалгыг цайтал нээлгэн Лүсүг угтаж яаманд оруулан ёслоод зочин гэрийн эзний ёсоор хуваан суулцаж, цай барьсан хойно Лүсү өгүүлрүүн: “Миний эзэн Үхоу болон Дүдү Гунзинь намайг дахин давтан хааны авгад санааг нэвтрүүл хэмээв. Анх Цаоцао зуун түмний олныг авч мөрний өмнө орохоор нэрлэсэн боловч үнэндээ хааны авгыг байлдахаар ирсэн бөлгөө. Завшаанд зүүн Ү улс Цаоцаогийн цэргийг алан эгүүлээд хааны авгыг тэнхрүүлжээ. Эл байх Зинжоу мужийн есөн хошууны газрыг зүүн Ү улсад нийлүүлбээс зохих атал өдгөө хааны авга мэхлэх арга үүсгэж Зянсянгийн газрыг булаан эзлээд Зяндунгаар хоосоор цалин амуу, цэрэг морийг сүйтгүүлж харин хааны авга амгалангаар түүний ашгийг олох нь ёс лугаа эс нийцэх мэт”. Күнмин өгүүлрүүн: “Зызин болбоос нэрт эрдэмтэн бөгөөтөл ямар учирт бас ч энэ үгийг гаргамуй? Ерийн үгэнд “Бодис эрхгүй эзэнд эргэмүй” хэмээжээ. Зинсянгийн есөн хошуу болбоос зүүн Ү улсын газар бус Лю Зиншэнгийн хөрөнгө бөгөөд миний эзэн Лю Зиншэнгийн журмын дүү болой. Лю Зиншэн хэдий үхэвч түүний хөвгүүн бас ч буй ахуй тул авга эцэг, ач хөвгүүнийг тусалж, Зинжоу мужийг авч өгөхөд ямар болохгүй хэрэг буй ажгуу?”. Лүсү өгүүлрүүн: “Хэрэв үнэхээр гүнз Люци эзэлсэн болбоос харинхүү болмуй. Өдгөө гүнз Зянсяд агаад энд үгүй болой”. Кунмин өгүүлрүүн: “Зызин гүнзд учирсугай хэмээмүй” хэмээгээд даруй хоёр жигүүрийн ардыг дуудаж “Гүнзийг залж ир!” гэв. Үзтэл хоёр жигүүрийн ард Люциг халхавчны хойноос түшилцэн гарч ирэв. Люци, Лүсүгийн зүг өгүүлрүүн: “Миний бие өвчинтэй тул ёслон чадахгүй, Зызин үл зэмлэмүү!”. Лүсү хиртхийж дув дуугүй болоод нилээд удаад сая өгүүлрүүн: “Гүнз хэрвээ үгүй болбоос одоо яамуй?”. Кунмин өгүүлрүүн: “Гүнз нэгэн өдөр буй болбоос мөн нэгэн өдөр сахимуй. Хэрвээ үгүй болбоос жич зөвлөсүгэй!”. Лүсү өгүүлрүүн: “Люци хэрвээ үгүй болбоос хот балгасыг манай зүүн Ү улсад буцаан өгвөөс зохимуй”. Кунмин хэлрүүн: “Зызингийн үг мөн болой” хэмээгээд даруй их хурим бэлтгэж хүндлэв.

Тэндээс хуримлан дууссан хойно Лүсү салж хотоос гараад шөнөөр цэргийн хүрээнд эгж өмнө хэргийг бүрнээ хэлсэнд Жоу Юй өгүүлрүүн: “Люци төв хэмээн идэр насанд байх тул яахин даруй үхэж болмуй? Ийнхүү Зинжоу мужийг аль өдөрт сая олж чадмуу?” гэхэд Лүсү өгүүлрүүн: “Дүдү сэтгэлээ сул тавь! Ганц Лүсү миний биед буй, эрхгүй Зинсяныг авч Ү улсын болгосугай!”. Жоу Юй өгүүлрүүн: “Зызинд ямар сайн арга буй?”. Лүсү өгүүлрүүн: “Би Люциг үзэхэд архи өнгөнд хэтрээд, өвчин чөмөгт оржээ. Өдгөө царайны өнгө эцэнгэртэн амьсгаадаж, цусаар бөөлжмүй. Хагас жилийг ч өнгөрөөхгүйгээр тэр хүн эрхгүй үхмүй. Тэр цагт Зинжоу мужийг авахаар очиход Любэйд түлхэх газаргүй болмуй”. Жоу Юйгийн хилэн бас арилаагүйд гэнэт Сүньцуангийн элч хүрч ирэв. Жоу Юй залж оруул хэмээсэнд элч өгүүлрүүн: “Эзэн гүн Хөфэйг хааж хэд хэдэн зэрэг байлдсан боловч дийлж чадсангүй тул Дүдүг их цэргийг хураан эгж цэрэг салгаж “Хөфэйд туслахаар ирэгтүн!” хэмээмүй. Жоу Юй аргагүй цэргийг хураан Чайсанд өвчнөө засуулахаар эгээд Чэнпүгээр байлдах онгоц болон цэргийг дагуулан Хөфэй рүү Сүньцуаны улируулан хэрэглэхэд илгээв.

Тэндээс Сюаньдө, Нань Зюнь, Зинжоу, Сян Яныг олсноос ихэд баярлаж, өнө удааны аргыг зөвлөхөд гэнэт нэгэн хүн танхимд арга өргөхөөр гарав. Үзвээс Изи ажгуу. Сюаньдө эрт өдрийн ачийг санаж маш их хүндэлж суулган асууваас Изи өгүүлрүүн: “Зинжоу мужийг өнө удаан болох аргыг мэдсүгэй хэмээвээс юунд мэргэд эрдэмтнийг эрж асуухгүй аж?”. Сюаньдө өгүүлрүүн: “Мэргэн эрдэмтэн хаана буй?”. Изи өгүүлрүүн: “Зинсянгийн Ма овогтны ах дүү тавуул цөм эрдэмтний алдартай, багын нэр Сү, өргөсөн нэр Ючан. Тэд нарын дотор маш мэргэн нь хөмсөгний хооронд цагаан үс буй. Нэр Лян, өргөсөн нэр Зичан. Гацаа хүйгийн ард тогтмол үг зохион хэлрүүн: “Ма овогтон таван Чан, цагаан хөмсөгтэй нь маш сайн” хэмээжээ. Гүн юунд энэ хүнийг эрж бодолхийлэхгүй аж?” хэмээсэнд Сюаньдө даруй хүн зарж залуулбаас Малян хүрч ирэв. Сюаньдө зузаанаар хүндлээд Зинсяныг хамгаалан сахих аргыг асуусанд Малян өгүүлрүүн: “Зинсянгийн газар дөрвөн бие дайсанд байлдах орон тул удтал сахиж болохгүйгээс эмээмүй. Гүнз Люциг энд суулгаж өвчнийг тэжээлгэн уг хуучин түшмэлийг элсэн ухуулж сахиулаад хаанд айлтгаж, гүнзийг Зинжоу мужийн Цыши түшмэл болгож иргэний сэтгэлийг тохууруулсны хойно өмнө Үлин, Чанша, Гүй Ян, Линлин дөрвөн хошууг байлдан аваад амуу цалинг хурааж, цуглуулан уг үндэс болговоос энэ нь өнө удааны арга болой” хэмээсэнд Сюаньдө ихэд баярлаж даруй асууруун: “Тэр дөрвөн хошуунаас түрүүлж аль хошууг авбаас зохимуй?”. Малян өгүүлрүүн: “Сянзянгийн баруун дахь Линлин маш ойр тул урьдаар авбал болмуй. Дараа нь Үлинг авсугай! Хойно Сянзянгийн зүүн дэх Гүй Яныг авч Чаншаг сүүлд болгогтун”. Сюаньдө ихэд баярлаж, Маляныг Цунши түшмэл болгож, Изигээр хавсруулан Кунминийг залж зөвтгөөд Люциг Сян Ян д хүргэж, Юньчаныг халж, Зинжоу мужид эгүүлээд цэргийг улируулан, Линлинг авахаар очиход, Жанфэйг гавшгай болгож, Жао Юнийг хойно болгож, Кунмин Сюаньдө дундад болж, нэг түм таван мянган цэрэг авч одов. Юньчаныг Зинжоу мужийг сахь хэмээн үлдээж Мижү, Люфэнгээр Зянлинийг сахиулав.

Тэндээс Линлингийн тайшоу түшмэл Людү “Сюаньдөгийн цэрэг морь хүрч ирэв” хэмээн сонсоод өөрийн хөвгүүн Люсянийг дуудаж зөвлөхөд Люсянь өгүүлрүүн: “Эцэг сэтгэлээ сул тавь. Түүний Жанфэй, Жао Юнь хэдий баатар боловч манай хотын дээд жанжин Син Даорун түмэн хүнийг дийлэх баатар хүч буй тул сацуу болж болмуй” хэмээсэнд Людү даруй Люсяньд Син Даорунгийн хамт түмэн цэрэг өгч хотоос гаран гучин газрын эцэст уул гол түшиж, хүрээ буулгасанд харуулын хүн ирж хэлрүүн: “Кунмин өөрөө нэгэн баг цэргийг авч ирэв” хэмээсэнд Син Даорун цэрэг дагуулан гараад хоёр этгээдийн жагсаал дүгрэглэсэн хойно Син Даорун гартаа их сүх бариад, өндөр дуугаар: “Улсаас урвасан хулгай ямар аймшиггүй миний зах хязгаарыг халдахаар ирэв!” хэмээн дуудахад эсрэг жагсаалын дотроос шар туг хоёр тийш нээх газраас нэгэн дөрвөн хүрдэт тэргийг түлхэн гарч ирэв. Дотор нэгэн хүн сууж тэргүүнд бумбын малгай өмсөж, биед тогоруун нөмрөг өмсөөд гартаа өдөн дэвүүр барьжээ. Гар доторх дэвүүрээр Син Даоруныг дохиж өгүүлрүүн: “Би Нань Янгийн Жугө Кунмин болой. Цаоцао зуун түмний олныг авч ирээд миний нэгэн бяцхан арга хэрэглэсэнд хагас хуяг ч олж гарсангүй атал та нар хэрхин над лугаа эсэргүүцэн чадах аж? Би өдгөө таныг элсэн амаржуулахаар ирсэн тул юунд хурдан дагахгүй буй?” хэмээсэнд Син Даорун ихэд инээж өгүүлрүүн: “Улаан хавцалд зууралдан байлдсан нь Жоулангийн арга болой. Чамд юуны хамаа буй? аймшиггүй хуурч хэмээмүй?” хэмээгээд сүхийг далайж Кунмингийн зүг цавчихаар ирэв. Кунмин тэргийг буцаан жагсаалын зүг буруулан ороод, жагсаалын хаалгыг хаав. Син Даорун шууд дайран ирэхэд жагсаалын байдал даруй хоёр тийш хуваан салж одов. Син Даорун холоос үзвээс төв дунд нэгэн шар туг харагдмуй. Энэ лав Кунмин хэмээн санаж, шар тугийг зүглэн нэхээд нэгэн уул хормойг өнгөрөн гармагц шар туг зогсож, гэнэт төв дундаасаа хоёр тийш салж дөрвөн хүрдэт тэрэг үзэгдэхгүй болов. Даруй нэгэн жанжин урт жад барьж, морио давхиулан өндөр дуугаар зандран Син Даоруныг байлдахаар иржээ. Тэр Жан Идө мөн. Син Даорун сүхээр угтан байлдаж, хэдэн удаа болсонгүй хүч тэнхээгүй болж буруулав. Жанфэй хойноос нэхэж ирвээс хашхирах дуу ихэд түрхэрч хоёр этгээдээс бүгсэн цэрэг цугаар гарч ирснийг Син Даорун гүжирмэглэн алалдаж, сая гарсанд өмнө нэгэн жанжин замыг тосоод их дуугаар бархиран: “Чаншань газрын Жао Юнийг мэдмүй үү!” хэмээсэнд Син Даорун санаваас эсэргүүцэн чадахгүй бөгөөд очих газаргүйг мэдээд даруй мориноос бууж дагав. Зылун хүлж хүрээнд авчирсан хойно Сюаньдө хилэгнэн зандарч “Ал!” хэмээхэд Кунмин яаран зогсоож, Син Даорунгаас асууруун: “Чи хэрвээ Люсянийг надад барьж өгөн чадваас даруй чиний дагахыг тогтоосугай!”. Син Даорун залгалдаагаар хэлж “Очихыг хүсмүй” хэмээв. Күнмин өгүүлрүүн: “Чи ямар аргаар түүнийг баримуй?”. Син Даорун өгүүлрүүн: “Цэргийн багш хэрвээ намайг тавьж илгээвээс надад лав урлан хэлэх үг буй. Энэ үдэш цэргийн багш цэрэг авч хүрээг дарахаар очигтун! Би дотроос угтаж Люсянийг амьдаар бариад цэргийн багшид өргөсүгэй! Люсянь нэгэнтээ баригдваас Людү өөрөө дагах болой”. Сюаньдө түүний үгийг итгэхгүйд Кунмин өгүүлрүүн: “Син жанжны үг ташаагүй болой” хэмээгээд даруй Син Даорунг тавин илгээжээ. Син Даорун хойш хүрээнд эгж ирээд урьдын хэргийг Люсяньд дуусган хэлсэнд Люсянь өгүүлрүүн. “Тийм болбоос яамуй?”. Син Даорун хэлрүүн: “Мөн аясдваас болмуй. Энэ шөнө хүрээний гадна цэрэг бүгүүлээд хүрээн дотор хоосон туг хатгаж, Кунмингийн хүрээ дарахаар ирэхийг хүлээж бариваас барав” хэмээсэнд Люсянь тэр аргыг дагав.

Тэр шөнө хоёрдугаар жингийн үед үнэхээр нэгэн баг цэрэг, хүн бүр нэжгээд атга өвс барьж, хүрээний хаалганд хүрч ирээд цугаар гал тавив. Люсянь, Син Даорун хоёр этгээдээс байлдахаар ирсэнд гал тавьсан цэрэг даруй эгэв. Люсянь, Син Даорунгийн хоёр анги цэрэг мөн хүчээр нэхэж, арван хэдэн газар болбоос цэрэг цөм үзэгдэхгүй болжээ. Люсянь, Син Даорун ихэд цочиж, яаран хүрээндээ эгж үзвээс галын гэрэл унтраагүй, хүрээн дотроос гэнэт нэгэн жанжин гарч ирэв. Тэр нь Жан Идө ажгуу. Люсянь Син Даоруныг дуудаж өгүүлрүүн: “Хүрээнд орж болохгүй Кунмингийн хүрээг булаасугай!” хэмээн цэргийг эгүүлэн очоод арван газар явсангүй. Жао Юнь нэгэн баг цэрэг авч хөшиж ирээд нэгэн жадаар Син Даоруныг жадалж мориноос унагав. Люсянь яаран морио эгүүлж буруулахад арын хойноос Жанфэй нэхэн ирж морин дээр амьдаар барин аваад хүлж Кунмингийн дэргэд авч ирсэнд Люсянь өгүүлрүүн: “Син Даорун намайг сургаж ийм болгосноос үнэнхүү миний санаа бус” хэмээсэнд Кунмин хүлсэн дээсийг тайлуулан хувцас өгч өмсгөн архи уулгаж тохууруулсан хойно “Хүнээр хотод бичиг хүргэж эцэгтээ сануулан дагахаар ирүүл! Хэрэв эс дагаваас хотыг байлдан эвдсэн хойно гэрийн бүхнийг дуустал алмуй” хэмээн илгээв. Люсянь Линлинд эгж эцэг Людүд учраад Кунмингийн эрдмийг дэлгэрүүлэн хэлээд эцгийг дагамуй хэмээн ятгасанд Людү үгийг зөвшөөрч даруй хотын дээр дагах далбаа хатгаад, хаалгыг нээж тамга цомцгийг тэврэн шууд Сюаньдөгийн хүрээнд дагахаар очив. Кунмин Людүг басхүү Цунши түшмэл болгож, түүний хөвгүүн Люсянийг “Зинжоу мужид очиж цэргийг даган хэрэг шийтгэ!” хэмээв. Түүнээс Линлингийн нэгэн хошууны хүн ард цөм баярлав.

Тэндээс Сюаньдө хотод ороод амаржуулан тохинуулсан хойно цэргийн хүнд шагнал хүртээгээд олон жанжин нараас асууж өгүүлрүүн: “Линлинийг нэгэнтээ авав. Гүй Ян хошууг хэн аюулгүй авахаар очмуй?”. Жао Юнь  өгүүлрүүн: “Би одохыг хүсмүй” хэмээхэд Жанфэй шаламгайлан гарч өгүүлрүүн: “Би бас одохыг хүсмүү!” хэмээгээд хоёул тэмцэхэд Кунмин өгүүлрүүн: “Зылун урьд үг гарсан тул Зылуныг илгээсүтэй” хэмээсэнд Жанфэй ойшоохгүй “Эрхгүй авахаар одмуй” гэхэд Кунмин өгүүлрүүн:

“Шавга326 орхиод оносон хүн оч!” хэмээсэнд мөнхүү Зылунд оногдов. Жанфэй хилэгнэж өгүүлрүүн: “Би бусдаар туслуулахгүй гагц гурван мянган цэрэг авч одоод амгалангаар хотыг авмуй” гэхэд Жао Юнь  өгүүлрүүн: “Би гагц гурван мянган цэрэг сонгож очоод хотыг олохгүй болбол цэргийн цаазаар аваачихыг хүсмү!”. Кунмин ихэд баярлан даруй бичүүлэв. Жанфэй бас дагахгүй тул Сюаньдө донгодож эгүүлэв.

326 Шодоход хэрэглэх савх мод

Тэндээс Жао Юнь  гурван мянган цэргийг авч шууд Гүй Янгийн зүг одов. Хэдийн харуулын хүн Гүй Янгийн тайшоу Жаофаньд ирж мэдүүлсэнд Жаофань яаран олныг цуглуулан зөвлөхөд цэрэг захирах Сяо Юй түшмэл Чэнь Ен, Баолун хоёр “Цэрэг авч байлдахаар гарахыг хүсмүү!” хэмээжээ. Угтаа хоёул цөм Гүй Янгийн гөрөөчин бөлгөө. Чэнь Ен болбоос сэрээ хэрэглэж Баолун нь хос барсыг харваж алсан ажгуу. Хоёул өөрийн баатарт эрдэж Жаофаньгийн зүг өгүүлрүүн: “Любэй хэрвээ ирвээс бид хоёул гавшгай болж гарсугай!” хэмээсэнд Жаофань өгүүлрүүн: “Би сонсвоос Лю Сюаньдө болбоос их Хань улсын хааны авга бөгөөд Жугө Лянгийн мэт бодлого олонтоо хүн хавсарсаны дээр гуань, Жан нар туйлын баатар болой. Өдгөө цэрэг авч ирсэн нь Жао Зылун бөгөөд тэр Дан Янгийн Чанбань гүүрийн дэргэд зуун түмэн цэргийн дотор хүнгүй газар орсон мэт, бидний Гүй Янд хэдий олон цэрэг байж чадах аж? Эсэргүүцэж болохгүй! Гагц дагаваас зохимуй” хэмээн Жаофань хэлсэнд Чэнь Ен өгүүлрүүн: “Би гарч байлдаад хэрвээ Жао Юнийг барьж олохгүй болбоос тэр цагт Тайшоугийн дураар дагахад удахгүй болой” хэмээсэнд Жаофань мушгиж чадахгүй тул аргагүйдээ тогтоов. Чэнь Ен гурван мянган цэрэг авч хотоос дайсныг угтахаар гарч үзвээс Зылун цэрэг авч ирэв. Чэнь Ен даруй жагсаал жагсаасан хойно сэрээгээ өргөсөөр гарч ирэв. Жао Юнь  жад барьж гараад Чэнь Енг харааж өгүүлрүүн: “Миний эзэн Лю Сюаньдө нь Лю Зиншэнгийн дүү болой. Өдгөө гүнз Люцид туслан хамт Зинжоу мужийг захирсан тул тусгайлан иргэнийг тохинуулахаар ирсэн атал юуны учир эсэргүүцмүй!”. Чэнь Ен хараан өгүүлрүүн нь: “Бид гагц Цао Чансанг дагахаас хэрхин Любэйд эедмүй!”. Жао Юнь ихэд хилэгнэж, жад өргөн морь довтолгон Чэнь Енгийн зүг ороход Чэнь Ен сэрээгээр угтаж дөрөв таван удаа болсон хойно, Чэнь Ен ялахгүй болж буруулав. Жао Юнь  нэхэж ирэхэд Чэнь Ен хойш хандан Жао Юнь гийн морь ойр хүрч ирснийг үзээд даруй сэрээг эсрэг цохиж явуулбаас Жао Юнь тосож аваад дахин Чэнь Енг цохив. Чэнь Ен яаран зайлтал Жао Юнь гийн морь хэдийнээ хүрч ирээд Чэнь Енг амьдаар барьж аваачин газарт хаяж цэргийн ардыг зандран хүлүүлээд хүрээндээ эгсэнд дарагдсан цэрэг дөрвөн зүгт сарнин дутаав. Жао Юнь  хүрээнд эгээд Чэнь Енг зандран өгүүлрүүн: “Чиний мэт амьтан яахин над лугаа мөчөөрхөж чадмуй! Өдгөө би чамайг тавьж илгээсүгэй Жаофаньд хэлж эртхэн дагахаар ир хэмээгтүн!” хэмээв. Чэнь Ен ялаа хүлээж тэргүүнийг тэврэн хулгана мэт хотод шурган ороод Жаофаньд учрыг дуусган хэлэв. Жаофань өгүүлрүүн: “Би угаас дагасугай хэмээвээс та мушгиж байлдаад үүнд хүргэв” хэмээн Чэнь Енг зандарч эгүүлээд тамга цомцгийг тэврэн арваад морьтонг авч хотоос гараад их хүрээнд дагахаар ирэв.

Тэндээс Жао Юнь  хүрээнээс гарч угтан аваад дээд зочны ёсоор хүндлэн дайлаад хурим бэлтгэж, хамт уулцаж тамга цомцгийг хураан авав. Архи хэдэнтээ тойрсон хойно Жаофань өгүүлрүүн: “Жанжны овог Жао бөгөөд миний овог бас Жао, таван зуун жилийн урьд нэгэн гэр бөлгөө. Жанжин Жэньдингийн хүн бөгөөд би бас Жэньдингийн хүн бас нэгэн гацааны хүн тул хэрвээ гээхгүй болбоос ах дүү барилдваас үнэнхүү түмэн завшаан болой” хэмээсэнд Жао Юнь ихэд баярлан даруй тус бүр нас жилийг хэлбээс Жао Юнь, Жаофанв лугаа нэгэн настай, гагц Зылун Жаофаньгаас дөрвөн сар ах тул Жаофань даруй Жао Юнийг ах болгож мөргөв. Хоёул нэгэн гацаа, нэгэн настай бөгөөд бас нэгэн овогтон болсноор маш амраглажээ. Үдэш болтол уулцаж хурим тарахад Жаофань хотод эгэв. Жич өдөр Жаофань Жао Юнийг хотод залж ирээд иргэнийг тогтоосугай хэмээсэнд Зылун “Цэргийг битгий хөдлөгтүн!” хэмээгээд гагц тавин морьтонг дагуулан хотод орвоос иргэд хүж шатаан замд мэхийж угтав. Жао Юнь  иргэнийг тогтоосон хойно Жаофань яаманд залж хуримлаад ууж халмагшсан хойно Жаофань дахин Жао Юнийг хойд танхимд залж оруулаад хундагыг угаан, зууш халж, Жао Юньд уулгасаар баахан согтсон хойно Жаофань гэнэт нэгэн эхнэрийг урьж ирээд Жао Юньд архи бариулав. Зылун тэр эмийг үзвээс биед бэлэвсрэлийн хувцас өмсжээ. Хотыг юүрүүлэн улсыг эвдэх өнгөтэй тул Жаофаньгаас асууруун: “Энэ хэн хүн болой?”. Жаофань өгүүлрүүн: “Миний бэргэн Фань овогт бөлгөө” хэмээсэнд Зылун царайг төв болгож хичээнгүйлжээ. Фань овогт архи барьж дууссан хойно Жаофань “Суу!” хэмээвээс Жао Юнь татгалзсанаар Фань овогт хойд гэрт оров. Жао Юнь  өгүүлрүүн: “Мэргэн дүү юу хэмээн эрхэм бэргэнийг зовоож хундага бариулмуй”. Жаофань инээд өгүүлрүүн: “Үүний дотор нэгэн учир буй. Гуйх нь ах битгий маргагтун! Миний ах орчлонгоос салсаар нэгэнтээ гурван он болов. Бэргэн ганцаар суух нь эцэстээ сайн арга бус тул дүү би үргэлж хориглож, халан холбогтун!” хэмээвээс бэргэн хэлрүүн: “Хэрвээ гурван зүйлийн хэрэг бүрэн төгс хүнийг олбоос би сая гармуй хэмээмүү. Тэргүүнд нь бичиг цэргийн эрдэм хос бүрэн бөгөөд нэр дэлхий дахинд алдаршсан хүн. Дэд нь өнгө зүс төв тэгш бөгөөд сүр ёслол хэтийдсэн хүн. Гутгаар нь ах лугаа адил овогтон хэмээмүй. Чи хэлэгтүн! Дэлхий дахинд хаанаас ийм тохиолдогсодыг олмуй? Өдгөө эрхэм ахын байдал дүр бөгөөд алдар нэр дөрвөн далайд алдаршжээ. Нэнд гэр дахь ах лугаа адил овогтой тул төв хэмээн бэргэний өгүүлсэн лүгээ нийлмүй. Хэрвээ бэргэний зүсийг сүрхий хэмээн голохгүй болбоос дуртайяа заслага бэлдэн жанжинд эм болгон өгч үе үеийн ураг болбоос ямар вэ?” гэхэд Жао Юнь ихэд хилэгнэж босоод өндөр дуугаар: “Би нэгэнтээ чам лугаа ах дүү барилдваас чиний бэргэн даруй миний бэргэн болой. Хэрхин ийм хүний эшийг самууруулах хэрэг үйлдмүй?” хэмээсэнд Жаофань ихэд ичингүйрч өчрүүн: “Би сайн санаагаар хүндлэсэн атал юу хэмээн ийн ёс бусчилмуй!” хэмээгээд жигүүрийн хүнийг нүдээр дохиж хорлох санаа төрснийг Жао Юнь мэдээд гар өргөн Жаофанийг нудрагадан унагаагаад шууд яамнаас гарч морь унан хотоос гарав.

Жаофань яаран Чэнь Ен, Баолун хоёрыг дуудаж зөвлөхөд Чэнь Ен өгүүлрүүн: “Энэ хүн хилэгнэж одсон тул гагц түүн лүгээ байлдваас болмуй” гэхэд Жаофань өгүүлрүүн: “Гагц түүнийг ялахгүйгээс эмээмүй”. Баолун өгүүлрүүн: “Бид хоёул түүний цэрэгт хууран дагахаар очсугай! Тэр хүн цэрэг авч байлдахаар ирвээс бид хоёул жагсаалын дотроос бариваас болмуй?”. Чэнь Ен өгүүлрүүн: “Эрхгүй олон цэрэг аваачих хэрэгтэй”. Баолун өгүүлрүүн: “Таван зуун морьт цэрэг байваас гүйцмүй” хэмээгээд мөн шөнө хоёул таван зуун цэрэг авч шууд Жао Юньгийн хүрээнд дагахаар ирэв. Жао Юнь тэдний хууран мэхлэхээр ирснийг нэгэнтээ ухаж даруй дуудан оруулбаас хоёр жанжин цацрын дор хүрч хэлрүүн: “Жаофань сайхан эхнэрийн аргыг хэрэглэж жанжныг хуурч согтсон хойно хойд гэрт оруулан алаад тэргүүнийг Цао Чансанд хүргэж гавьяа олсугай хэмээсэн бөлгөө. Ийм өршөөлгүй тул бид хоёул жанжны хилэгнэж гарсныг үзээд эрхгүй маньд чирэгдэл болуузай хэмээн ийнхүү дагахаар ирэв” гэсэнд Жао Юнь  хуурмагаар баярлаж архи бэлтгэн хоёулын хамт сайтар уулцсанд тэр хоёр ихэд согтов. Жао Юнь цацарт барьж хүлээд түүний доорхи хүнээс асуухад үнэхээр хуурч дагасан байжээ. Жао Юнь  таван зуун цэргийг дуудаж тус бүр архи уулган зарлаж өгүүлрүүн: “Намайг хөнөөсүгэй хэмээсэн нь Чэнь Ен, Баолун болой. Танай олонд хамаагүй. Та нар миний аргыг сонсон дагаваас цөмийг хүндэд шагнамуй” хэмээсэнд олон цэрэг цөм сөгдөж мөргөв. Дагасан жанжин Чэнь Ен, Баолун хоёулыг даруй алаад таван зуун цэргийн хүнийг өмнө болгож Жао Юньгийн нэгэн мянган цэрэг хойно дагаад шөнө дөл Гүй Ян хотын дор хүрээд хаалгыг дуудваас хэрмийн дээрхи хүн учрыг асуувал хариу хэлрүүн: “Чэнь, Бао хоёр жанжин Жао Юнийг алаад цэрэг эгж тайшоу лугаа хэрэг явдлыг зөвлөсүгэй хэмээнэм!” гэцгээжээ. Хотын дээрээс галын гэрэлд үзвээс үнэхээр өөрийн цэрэг морь тул Жаофань яаран хотоос гарч ирсэнд Жао Юнь  зүүн баруун этгээдийн хүнийг дуудан баримтлуулаад, даруй хотод орж иргэнийг тохинуулж нэгэнтээ тогтсон хойно нисэх мэт Сюаньдөд мэдүүлэхээр илгээв.

Тэндээс Сюаньдө Кунмингийн хамт Гүй Янд хүрч ирсэнд Жао Юнь угтаж хотод оруулаад Жаофанийг яндрын дор авч ирэв. Кунмин асууваас Жаофань бэргэнээ холбосугай хэмээсэн хэргийг дуусган хэлсэнд Кунмин Жао Юньнд өгүүлрүүн: “Энэ бас ч сайхан хэрэг атал гүн юунд ийм болой?”. Жао Юнь өгүүлрүүн: “Жаофань нэгэнтээ над лугаа ах дүү барилдсанд өнөө хэрвээ түүний бэргэнийг авбаас хүнд хараалган шүүмжлүүлэх нь нэг болой. Тэр эм дахин холбовоос даруй чин зоригийг алдах нь хоёр болой. Жаофань анх дагасанд түүний сэтгэлийг шинжлэхэд бэрх энэ гурав болой. Эзэн гүн Зянхань газрыг шинэ тогтоож, унтаж хэвтэх нь амар болоогүй атал Жао Юнь ямар аймшиггүй нэгэн эмийн учирт эзэн гүнгийн их үйлийг гээгдүүлмүй?”. Сюаньдө өгүүлрүүн: “Өдгөө их үйл тогтсон тул чамд буулган өгвөөс ямар буй?” Жао Юнь  өгүүлрүүн:

“Тэнгэрийн дор хүүхэн цөөн бус. Гагц нэр алдар тогтнохгүй болуузай хэмээн зовж байна. Юунд эм хүүхэдгүйгээс зовмуй?”. Сюаньдө өгүүлрүүн: “Зылун үнэнхүү эр болой!” хэмээгээд даруй Жаофанийг тавьж хэвээр Гүй Янгийн тайшоу болгож, Жао Юнийг хүндээр шагнав. Тэндээс Жанфэй өндөр дуугаар өгүүлрүүн: “Гагц Зылун гавьяа олж чадаад би нэгэн хэрэггүй хүн буюу! Надад гурван мянган цэрэг салган өг! Би Үлинд одож Тайшоу түшмэл зинсюанийг барьж өргөсүгэй!” хэмээсэнд Кунмин ихэд баярлаж өгүүлрүүн: “Идө очиход эс болох явдалгүй. Гагц нэгэн зүйлийн хэргийг дагах хэрэгтэй” хэмээв. Энэ чухамхүү:

“Цэргийн багш дийлэхийг таслахад олонтоо сонин бодлого буй

Жанжин цэрэг урагш тэмцэхэд цэргийн гавьяаг байгуулмуй”

Эгнэгт Кунмин аль нэгэн зүйлийн хэргийг хэлж гаргахыг мэдэхгүй, доорх бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top