"Үндэсний номын баяр"-ыг 31 дэх удаагаа тэмдэглэнэ

2022 оны 05 сарын 16

Ном, бичиг соёлоо дээдэлдэг номын баярын өдрүүдийг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэх үйл ажиллагаа хуульчлагдсанаас хойш хоёр дахь, анх зохион байгуулж эхэлснээс хойш 31 дэх удаагийн Үндэсний Номын баярыг энэ тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор тэмдэглэх гэж байна.

Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжлэх Үндэсний Номын баярыг “Илүү их уншъя” уриан дор зохион явуулж байгаа бөгөөд баярын үеэр ном, соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, сурталчилдаг үндэсний хэмжээний тэмдэглэлт өдрүүд юм. Мөн үндэсний бичиг, соёл, өв, хэв маягийн элементийг сурталчлан таниулдаг, уламжлал шинэчлэлийг хослуулдаг соёлын цөм үйл ажиллагаа билээ. Энэхүү баярт ном бичигч, зохиолч, яруу найрагч, редактор, эх зохиогч, дизайнер, орчуулагч, шүүмж судлаач, уншигч, Монгол оронд улсаа төлөөлөн суугаа гадаад орны элчин сайд, жуулчин, түр оршин суугч болон хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын клуб зэрэг номтой холбогддог бүх хүн, байгууллага оролцдог.

Энэ удаагийн номын баярын үйл ажиллагаанд оролцохоор 400 гаруй байгууллага, хувь хүн хандаад байгаа бөгөөд оролцогчдыг 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 1-нийг хүртэл цахимаар бүртгэсэн хэдий ч оролцогчдын хүсэлт ирсээр байгаа нь Үндэсний Номын баярын цар хүрээ улам бүр өсөн нэмэгдэж буйг илтгэн харуулж байна.

Үндэсний хэмжээний 19 дэх Номын баяр “Ulaanbaatar book fair 2016 (international)” хаврын баяраас эхлэн Ази, Африк, Европ, Америк тивийн 20 гаруй улсын ном бүтээгчид, зохиол бүтээлээрээ алдаршсан зохиолч, яруу найрагч, соёлын салбарын зүтгэлтнүүд Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж Монголын уншигчдад зохиол бүтээлээ, улс орныхоо соёлыг танилцуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн нь баярын агуулгыг улам бүр баяжуулж, олон улсын хэмжээнд нэр хүндийг нь өргөж ирлээ. Энэ жилийн 31 дэх удаагийн Үндэсний Номын баярт ч гадаадын зохиолчид, тэр дундаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх орос хэлний Зөвлөлийн гишүүн, А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн захирал Алексей Варламов тэргүүтэй зохиолчдын төлөөлөгчид хүрэлцэн ирэхээ мэдэгдээд байна.

Дэлхийн 100 гаруй оронд иргэдээ соён гэгээрүүлж, оюуны хэрэгцээг нь хангах зорилгоор номын баярыг тусгайлан тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд зарим улс орон үндэсний баярын хэмжээнд тэмдэглэдэг байна. Энэ өдөр хүмүүс бие биедээ ном бэлэглэх, ном уншиж өгөх, зохиолч, нийтлэгчид номоо борлуулж, түгээх, шилдэг ном шалгаруулах, номыг сурталчлах зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг ажээ.

Монгол Улсад 2007 оноос эхлэн “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллага санаачлан “Үндэсний номын баяр”-ыг тэмдэглэж иржээ.

Уг санаачилгыг дэмжин Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд зарлиг буулгаж, жил бүрийн есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон улс орон даяар тэмдэглэж байхаар болжээ.

2019 оноос эхлэн УИХ-ын дарга Г.Занданшатар номын баярыг ивээлдээ авч, “Өдөр бүр таван хуудас уншъя” уриалгыг дэвшүүлэн, энэхүү баярыг хууль тогтоомжоор баталгаажуулах зэрэг олон талаар дэмжиж ирсэн төдийгүй номын соёлыг түгээн дэлгэрүүлсэн гурван эрхэмд өөрийн нэрэмжит “Мэргэн ном” цомыг гардуулдаг уламжлалыг тогтоогоод байна.

“Үндэсний ном, бичиг соёлын өдөр”-ийг хууль тогтоомжоор баталгаажуулан тэмдэглэх нь номын соёл түгэн дэлгэрэх, ирээдүйн уншигчдыг номд дуртай болгон төлөвшүүлэх, зохиолч, бүтээл туурвигчдын оюуны хөдөлмөрийг үнэлэх, ном уншлагыг дэмжих, хэвлэлийн компани, номын сан, ном сонирхогчдын клуб, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, номын үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэхэд нэн тустай юм.

Монголын зохиолч, хэвлэн нийтлэгчид болон уншигчид Үндэсний Номын баярын арга хэмжээнд идэвхтэй оролцож, жилээс жилд хүрээгээ тэлсээр өдгөө иргэд, хүүхэд, залуусын хүсэн хүлээдэг баярын нэг болоод байгаа билээ. Номын баяр гурван өдөр үргэлжилдэг бөгөөд Сүхбаатарын талбайд нийт 200 гаруй асар засаж, дунджаар 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300-гаад зохиолч оролцдог.

Үндэсний Номын баярыг 50-80 мянган хүн зорин ирж, ирсэн хүмүүсийн 95 орчим хувь нь худалдан авалт хийдэг ба тэдний цөөнгүй хувь нь баярын олон талт үйл ажиллагаанд хамрагддаг ажээ.

Хавар, намрын тогтсон өдрүүдэд зохиолч, орчуулагч, хэвлэн нийтлэгч, хэвлэлийн газрууд хуран чуулж, хотын иргэд болон ном уншигчдын хүрээг тэлэхээр олон талт ажлыг өрнүүлдэг болсон Үндэсний Номын баярын түүхийг бүтээхэд амар хялбар байгаагүй бөгөөд багагүй саад бэрхшээлийг даван туулж, цар тахлын үед ч халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд баримтлан номын баярыг үндэсний хэмжээнд тасралтгүй зохион байгуулж ирлээ.

Номын баярыг зохион байгуулахад “Номын ертөнц” номын клубийн оюутан сурагчид болон сайн дурын ажилтнууд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Энэ удаагийн номын баярын сайн дурын ажилд 400-гаад хүүхэд залуус бүртгүүлснээс 50 нь сонгогдон ажиллаж байна. Номын баярын үйл ажиллагаанд залуусын оролцоо нэн давамгай байдгийн жишээ үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд баярыг зорин ирдэг хүмүүсийн 50 хувь нь хүүхэд залуус байдаг гэсэн судалгаа бий.

Үндэсний номын баярын тухай 650 мянга орчим мэдээлэл нийгмийн сүлжээнд байршдаг бөгөөд “Номын соёлт ертөнц” ТББ-ын албан ёсны веб сайт, фэйсбүүк хуудас, youtube суваг, “Номын ертөнц” сэтгүүл, “Номын ертөнц” нэвтрүүлэг болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээс Үндэсний Номын баярын тухай бүх талын мэдээллийг авах боломжтой.   

Үндэсний номын баярын хэвлэл мэдээллийн албан ёсны түншээр МОНЦАМЭ агентлаг ажиллаж, олон улсад англи, орос, хятад, япон хэлээр болон үндэсний бичгээр мэдээллийг бэлтгэн түгээж, 50 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл баярын үйл ажиллагааг сурвалжлан тогтмол мэдээлж ирсэн. Энэ удаагийн номын баярын хэвлэл мэдээллийн албан ёсны түнш байгууллагаар МОНЦАМЭ, ТВ 9 телевиз, Эрхэт Монгол медиа групп, дэмжигчээр МонНом апплейкшн ажиллаж байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагууд үйл явдлыг тухай бүр сурвалжлан мэдээлэхэд нь бид бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлж хамтран ажиллах болно.

Огноо: 2022 оны 5 дугаар сарын 20, 21, 22

Байршил: Сүхбаатарын талбай

Уриа: Илүү их уншъя

 

“Номын соёлт ертөнц” ТББ

 

Харилцах утас: 96962686, 96960724
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top