Хамгаалах хэрэгслийн чанарын баталгаажуулалтын лаборатори нээлтээ хийлээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 29

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг Дэлхийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр болгон тэмдэглэдэг.

Энэхүү тэмдэглэлт өдөр Монгол Улсад анхны Хамгаалах хэрэгслийн чанарын баталгаажилтын лабораторийн нээлт боллоо. Нээлтийн ёслолд Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны дарга С.Зулпхар, МХЕГ, НМХГ, МҮЭХ, МАОЭНХ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн удирдлагууд, ЖАЙКА төв байгууллагын Хүний нөөцийн хөгжлийн хэлтсээс Фүкүда Хидэсама, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимура Токүжи тэргүүтэй хүмүүс оролцов.

 

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тэргүүн дэд дарга Л.Төгсбаяр хэлсэн үгэндээ “Лабораторийг байгуулснаар өндрийн бүсийн туршилт хийдэг Азийн дөрөв дэх орон болж байгаа”-г онцоллоо. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын дэмжлэгээр 2017 оноос хэрэгжиж буй “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх техникийн хамтын ажиллагааны төсөл”-ийн санхүүжилтээр уг лабораторийг байгуулсан.

Хамгаалалтын дуулга, ажлын гутал болон төрөл бүрийн туршилт хийж болохуйц 7 төрлийн тоног төхөөрөмжөөр лабораторийг тоноглосон бөгөөд өндрийн уналтаас хамгаалах хэрэгслийн чанарыг баталгаажуулах тестийн орчин бүхий төмөр бүтээц зэргийг бүрдүүлсэн байгууламж болсон юм.

 

 

Монгол Улсад хамгаалах хэрэгслийн стандарт байдаг ч эдгээрийг олон улсын чанарын шаардлагад нийцүүлэн шинэчлээгүй, зарим төрлийн стандарт батлагдаагүй, импортын хамгаалах хэрэгсэл шаардлага хангаж буй эсэхийг турших боломжгүй байсан.

Харин энэхүү лабораторийг ашиглалтад оруулснаар зөвхөн барилга биш бусад салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тохиолдол буурахад  маш том ач холбогдолтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top