Төрийн ордонд мөрдөгддөг 00-ын цаасны стандарт түмэнд хүртээлгүй юу!

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 26

Төв цэвэрлэх байгууламжийн шугамын хоолойд жилд хоёр удаа угаалга цэвэрлэгээ хийх шаардлага тулгардаг. Учир нь иргэд суултуурны усаа татахдаа хэрэглэсэн цаас, хог хаягдлаа хамт урсгадаг учраас бохирын хоолой бөглөрөх асуудал үүсдэг юм. Харин ариун цэврийн цаасыг суултууранд хийхгүйгээр хогийн уутанд хаях өрх айл олон. Харамсалтай нь хогийн уутанд ариун цэврийн цаасаа хийж, хогийн цэг рүү хаях үед тор нь урагдсан, эсвэл нохой, шувуу цоолсон тохиолдолд гудамжаар ариун цэврийн цаас хийсдэг. Хэд хоногийн өмнөх шороон шуургатай өдөр ч энэ дүр зураг ажиглагдсан. Тэгвэл манай улсад ариун цэврийн цаасны стандарт ямар байдаг хийгээд ямар ариун цэврийн цаасыг суултуураар урсгаж болдог, иргэд болон мэргэжлийн хүмүүс ямар байр суурьтай буй талаар энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэн хүргэж байна.


 

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ УЧРААС СУУЛТУУРТ ХИЙЖ УРСГАЖ БОЛНО ХЭМЭЭН БОДДОГ ГЭВ

 

Амралтын өдрүүдээр томоохон сүлжээ худалдааны төвүүд хүн ихтэй байдаг. Учир нь дийлэнх өрх айл хүнсээ амралтын өдрөөрөө цуглуулдаг юм. Миний сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэх иргэдээс ариун цэврийн цаастай холбоотой байр суурийг нь сонслоо.

Иргэн Д.Дугарсүрэн “Ариун цэврийн цаас худалдан авахдаа нэр болон хугацааг л хардаг. Ихэвчлэн нэг брэндийн цаасаа байнга худалдан авдаг. Дотоодын чанартай ариун цэврийн цаасаа хэрэглэхийг боддог. Элдэв төрлийн үнэртэй цаасыг төдийлөн хэрэглэдэггүй. Мөн ариун цэврийн цаасаа хогийн уутанд хийж, хаядаг. Манай улсын Төв цэвэрлэх байгууламж хуучирсан гэж сонссон учраас тэр л дээ” гэлээ.

Харин иргэн О.Туяацэцэг “Цаасаа байнга хогийн уутанд хийдэг. Хүүхдүүд хөдөө нүхэн жорлон хэрэглэж байгаад ирэхдээ хэрэглэсэн ариун цэврийн цаасаа суултуур руу хийснээс болж нэг удаа бөглөрсөн. Түүнээс хойш хүүхдүүддээ хогийн уутанд хийж байхыг зааж өгсөн юм. Гэхдээ хогийн уутанд хийж хаясан ч гудамжаар нэг ариун цэврийн цаас хийсэж байна хэмээн СӨХ-ийн үйлчлэгч ууралж байна билээ. Одоохондоо ариун цэврийн цаасаа урагдаагүй уутанд хийж, амыг нь чанга зангидахаас өөр арга байхгүй юм байна гэж л бодсон. Болж өгвөл зөөлөн ариун цэврийн цаас сонгодог. Дотоод, гадаадад үйлдвэрлэдэг эсэхэд анхаардаггүй” хэмээн өөрийн байр суурийг хуваалцав.

Сансар худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэн Т.Отгонбямба “Байгальд ээлтэй гэдэг утгаар нь хулсан ариун цэврийн цаасыг хэрэглэдэг. Зузаан учраас ахуйн цэвэрлэгээнд ашиглахад ч амар байдаг юм. Хулсан ариун цэврийн цаас сүүлийн үед их алдартай болж байгаа. Олон ч газар энэ төрлийн цаас худалдаалдаг болжээ. Байгальд ээлтэй ариун цэврийн цаас учраас суултуурт хийж урсгаж болно хэмээн боддог. Магадгүй тийм болохоор л байгальд ээлтэй гэдэг байлгүй дээ. Гэхдээ суултуур бөглөрөх вий хэмээн санаа зовдог учраас хэрэглэсэн ариун цэврийн цаасаа хогийн уутанд хийж хаядаг даа” гэлээ.

 

ИРГЭД НҮХЭН ЖОРЛОНГ АШИГЛАДАГ ШИГЭЭ БОЛОВСОН 00-ыг АШИГЛАДАГ

 

Иргэд ариун цэврийн цаасыг суултуурт урсгаж болдог эсэхэд дээрх байр суурьтай байсан юм. Харин сантехникчдийн зүгээс Монголд худалдаалдаг ариун цэврийн цааснууд суултуурт урсгахад тохиромжгүй учраас хогийн уутанд хаях хэрэгтэй гэх байр суурьтай байлаа.

Энэ талаар сантехникч Н.Ронин “Суултуур бөглөрөх шалтгаан нь иргэдийн хэрэглээний соёлтой шууд холбоотой. Нийслэлийн иргэдийн дийлэнх хувь нь нүхэн жорлонгийн хэмнэлээрээ боловсон суултуурыг ашиглахдаа хандаад байна. Ариун цэврийн цаасаа суултуурын худаг руу хийдэг нь нүхэн жорлонгийн хэрэглээтэй шууд хамааралтай. Бараг л зуршил болсон гэхэд буруудахгүй. Суултуур руу хийсэн ариун цэврийн цаас нь бохирын төв шугам руу орохоос өмнө усанд хөөж, суултуурын нарийн хоолойд тэлж, гацах үзэгдэл нь суултуур бөглөрөх асуудал болж байгаа юм.

Ариун цэврийн цаас нь бөглөөс гаргагч бодист идэгдэхгүй, бөгөөд заавал бумба, эсвэл тросс төмрөөр хөөх, буцааж татах, эсвэл бүр доогуур нь ухаж гаргах гэх мэтээр л арилгах боломжтой. Нийслэлийн бохир зайлуулах систем нь өөрөө энгийн шугаман шийдэлтэй тул цэвэрлэх байгууламжид очоод барьцалдаж ихээхэн саад учруулдаг. Сүүлийн үеийн ариун цэврийн цааснууд шинж чанарын хувьд янз бүр, зарим хулсан цааснууд урагдаж, бутрахгүй байгаа явдал нь улам төвөгтэй байдал үүсгэж байна. Гэхдээ ариун цэврийн цааснаас болж бохирын суултуур шугам бөглөрөх хамгийн том шалтгаан бол бидний буруу хэвшил, хэрэглээ юм. Ариун цэврийн цаасыг заавал хогийн саванд хийх ба суултуур руу урсгахгүй байх хэрэгтэй” гэлээ.

Мөн сантехникч Г.Пүрэв “Энэ долоо хоногт л гэхэд суултуур бөглөрсөн найман дуудлагад явсан. Орон сууц гэхээс илүүтэй албан байгууллагын суултуур бөглөрөх тохиолдол их байлаа. Мэдээжийн хэрэг ариун цэврийн цааснаас үүдэлтэй. Бусад шалтгаан байдаг ч голчлон ариун цэврийн цааснаас үүсэлтэй суултуурын бөглөрөл их байдаг. Монголд худалдаалдаг ариун цэврийн цаасыг суултуураар нь урсгах нь ихээхэн зохимжгүй. Үүрч, бутардаггүй болохоор Төв цэвэрлэх байгууламжид хүндрэл учруулдаг” гэсэн юм.

 

БАЙГАЛЬД ЦЭЦЭГНЭЭС ИЛҮҮ АРИУН ЦЭВРИЙН ЦААС ХАРАГДАЖ БАЙНА ГЭЛЭЭ

 

Сантехникч болон иргэдээс гадна хог ачигчид ариун цэврийн цаасанд өөрсдийн байр суурийг хуваалцсан юм. Учир нь хүн хүч хүрэлцээгүй хог ачигчдын хувьд өдөржин ажилласан ч Улаанбаатар хотын их хогийг ачиж дуусдаггүй талаараа дурдаж байлаа. Зөвхөн хогийн цэгээс л хог ачихад бүхий л анхаарлаа хандуулдаг байна. Гэтэл ариун цэврийн цаас гудамжаар тарсан байвал тэднийг хамгийн түрүүнд буруутгадаг талаар хуваалцсан юм.

Хог ачигч Л.Б “Биднийг хогоо ачиж байхдаа ууттай ариун цэврийн цаасыг гудамжаар нэг тараасан мэт ярих хүмүүс байдаг. Гэвч тийм биш. Биднийг хог ачихаар ирэхэд ч гудамжинд ариун цэврийн цаас тарсан байвал бид түүгээд байж байхгүй шүү дээ. Тэгэх цаг ч байхгүй. Бид зөвхөн ачдаг. Иргэд ариун цэврийн цаасаа урагдаагүй торонд хийх хэрэгтэй. Бусад улсад ариун цэврийн цаасыг суултуурын усанд урсгадаг юм билээ. Манай улсад тэгэх боломж байдаггүй болохоор хотод бүү хэл хөдөө хээр газар хүртэл ариун цэврийн цаас хийсэж явдаг биз” гэсэн юм.

Харин хог ачигч Д.М “Ядаж усанд урсдаг ариун цэврийн цаастай бол байгалиар ариун цэврийн цаас хийсэхгүй байх. Салхинд найгах мод, алаглах цэцэгнээс илүүтэй ариун цэврийн цаас цагааран харагдах болжээ” хэмээн өөрийн байр суурийг хуваалцлаа.

 

МАНАЙ УЛСАД АРИУН ЦЭВРИЙН ЦААСНЫ СТАНДАРТЫГ 1996 ОНООС МӨРДӨЖ ЭХЭЛЖЭЭ

 

Тэгвэл манай улсад ариун цэврийн цаастай холбоотой ямар нэгэн стандарт байдаг эсэхийг судалсан юм. Стандарт, хэмжил зүйн төвийн зөвлөлийн 1995 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор ахуйн хэрэглээ, ариун цэврийн цаасны стандартыг баталсан байна. Энэхүү стандартыг 1996 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлжээ. Стандартад ариун цэврийн цаасны техникийн 11 шаардлагыг тусгасан ажээ.

Үүнд, ариун цэврийн цаасны жин, атираа, ус шингэх чадвар, чийглэг, урт, хар тугалганы хэмжээ гэх мэтийг дэлгэрэнгүй зааж өгсөн байлаа. Уг техникийн шаардлагын 1.11-д зааснаар ариун цэврийн цаасыг ашигласны дараа 15 минутын хугацаанд усанд бүрэн норж, нунтаг, зөөлөн хэлбэрт шилжих ёстой байдаг ажээ. Харин хаяглахад үйлдвэрлэгчийн нэр, бүтээгдэхүүний нэр, стандартын дугаар, үйлдвэрлэсэн огноо зэргийг байршуулсан байх ёстой аж.

Ариун цэврийн цаасны хаяг болон стандарттай холбоотойгоор Стандарт, хэмжил зүйн төвөөс тодруулахад “Ариун цэврийн цаасны стандарт 1995 оноос хойш шинэчлэгдээгүй байна. Хаяганд нь усанд уусдаг, урсгаж болно гэх ямарваа нэгэн тэмдэглэгээ, мэдээлэл байхгүй. Дотоодын гэлтгүй импортын бүхий л ариун цэврийн цаасыг зах зээлд борлуулах нь ижил тэгш эрхтэй. Ямар ч ариун цэврийн цаасыг чанарын баталгаанд хамруулдаг” гэсэн юм.

Харин импортын ариун цэврийн цаасанд ямарваа нэгэн стандарт, шаардлага байдаг эсэх талаар тодруулахаар Мэргэжлийн хяналтын газартай холбогдоход тус газрын харьяа экспорт, импортын хяналтын хэлтэс Гаалийн ерөнхий газрын харьяа болсон тул мэдээлэл өгөх боломжгүй хэмээн мэдээлэв. Харин Гаалийн ерөнхий газартай төдийгүй ариун цэврийн цаас үйлдвэрлэгч, импортлогч хэд хэдэн компаниудтай холбогдохыг оролдсон ч бүтээгүй юм.

 

УСАНД УУСДАГ ЦААСЫГ ШОШГОН ДЭЭР БИЧИЖ ТЭМДЭГЛЭСЭН БАЙДАГ

 

Бидний өдөр тутмын хамгийн их шаардлагатай хэрэглээ бол ариун цэврийн цаас юм. Хүмүүсийг хамгийн ихээр тухтай байлгадаг зүйлсийн талаарх 2019 оны олон улсын социологийн судалгааны нэгдүгээрт ариун цэврийн цаас орсон байдаг ажээ. Ариун цэврийн цаасыг дахин боловсруулсан болон целлюлозын цаас хэмээн ангилдаг. Дахин боловсруулсан цаас нь саарал өнгө бүхий онцлог шинжтэй байдаг аж. Харин целлюлозын цаас нь зөөлөн, цагаан өнгөтэй, 2-4 давхар, илүү бат бөх шинж чанартай байдаг. Өдөр тутамд хэрэглэдэг цагаан өнгийн бат бөх цаас нь целлюлозын цаас бөгөөд физик шинж чанараараа усанд уусдаггүй утаслаг бодис ажээ.

Манай улсын иргэд ариун цэврийн цаасыг худалдан авахдаа амархан ус нэвтэрч, цоорохгүй цаасыг бат бөх, сайн цаас хэмээн үзэж, худалдан авдаг байна. Тиймээс Япон, Солонгос улсын 100 хувь уусдаг ариун цэврийн цаасыг импортоор оруулж ирж борлуулах нь тохиромжгүй байдаг аж. Байгальд ээлтэй, усанд амар уусдаг цаас нь хэт нимгэн тул чанаргүй гэх ангилал руу шууд ордог гэсэн үг.

Товчхондоо дотоодын стандарт болох MNS 42731995 стандарт нь ариун цэврийн цаасны уусах бус шингээх чадварыг тусгасан байгаа юм. Дэлхийн олон орон усанд уусдаг цаасыг хэрэглэж эхэлсэн байна. Харин манай улсын хувьд Төрийн ордон, Блю Скай, Шангри-Ла, Туушин гэх мэт зарим өндөр зэрэглэлийн газруудад байдаг аж. Тэгэхээр Төрийн ордонд ариун цэврийн цаасны стандарт мөрдөгддөг ч түмэн олонд хүртээлгүй байна. Одоогоор усанд уусдаг ариун цэврийн цаасны тэмдэглэгээ байхгүй. Харин ариун цэврийн цаасны шошгон дээр усанд уусдаг ариун цэврийн цаас хэмээн бичсэн байдаг ажээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zov(66.181.161.44) 2022 оны 04 сарын 26

Mash ih medeelel avlaa, bayrlala

0  |  0
зочин (202.131.229.122) 2022 оны 04 сарын 26

Миний мэддэгээр 00 цаас усанд ороод бутрах ёстой. Бутрахгүй бол хулхи 00 ын цаас байх ёстойдоо.

0  |  0
Зангараг(202.179.26.88) 2022 оны 04 сарын 26

00 ын цаасанд стандарт мундаг тогтоож байхаар автозамын стандарт тогтоож мөрдөж ажиллахыг хуульчлах ёстой. Үхэрнүүд бол тураалтайгаа зууралдсаар байдаг юм байна тээ?

0  |  0
Top