“Дулаан шийдэл” төслийн ажилтай танилцлаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 18

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Европын Холбооны Свич-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан Шийдэл” төсөлд хамрагдаж, 2021 онд байшингаа бүтэн дулаалуулсан Чингэлтэй дүүргийн 9-р хорооны иргэн Чулуунбаатарын байшингын дулаалгын ажилтай газар дээр нь танилцлаа. 

Чулуунбаатарынх тус төсөлд хамрагдаж 9 сая төгрөгөөр байшингаа бүтэн дулаалжээ. Ингэснээр тэдний нүүрс зарцуулалт 50 хувиар, эрчим хүчний зарцуулалт 42 хувиар буурсан байна.

Төслийг хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл болох Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, Франц Улсын Жэрэс ОУ-ын ТББ-ын cуурин төлөөлөгч Эллиан Жарри, төслийг санхүүжүүлэгч байгууллагуудын төлөөлөл болох Европын Холбооноос Монгол Улсад суугаа суурин төлөөлөгчийн газар, Франц Улс болон Чех Улсын Элчин сайдын яамдын удирдлагууд хувийн орон сууцны дулаалгыг төслийн чадавхижсан бригадууд хэрхэн хийсэн ажилтай хамт танилцлаа.

Айлууд ханаа дулаалвал 30 хувь, Цонхоо дулаалвал 10-15 хувь, шалаа дулаалвал 10 хувиар дулаан алдагдлаа бууруулах боломжтой юм.  Иргэдийн хувьд нэг өвлийг аргацаах бус стандарт дулаалга хийж, олон жил ая тухтай амьдарч, амьдралын чанараа дээшлүүлэх нь чухал гэдгийг дулаан шийдэл төслийн инженерүүд зөвлөж байлаа.

Иймээс иргэд дулаан алдагдлаа хэмжүүлж, дулаан тусгаарлалтын стандартын дагуу гэрээ дулаалчихвал олон талын хэмнэлт гарч байгааг төслийн багийхан 400 гаруй айлыг дулаалж үр дүнг нь үзүүлж байна. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар цаашид төслийг үргэлжлүүлэхдээ энд тэнд бус нэг хэсэг газрыг бүхэлд нь сонгоод хэрэгжүүлвэл үр дүн илүү бодитой харагдах болно. Төсөлд хамрагдах гэсэн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь хамгийн чухал, мөн БХБЯ энэхүү дулаалгын төслийг дэмжин ажиллахад бэлэн гэлээ.

Эх сурвалж: Барилга, хот байгуулалтын яам

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(64.119.26.234) 2022 оны 03 сарын 18

Монгол базалт гээд л рекламдаад байдаг боловч хаана хэрхэн зардаг нь тодорхойгүй, төсөлд рекламанд зориулсан болохоос иргэдэд зориулаагүй юм шиг билээ, 100 айлын зах дээрээс хаанаас авах нь тодорхойгүй, хаа сайгүй орос хятад дулаалганууд дүүрэн, арайхийж нэг олоод чанарыг нь үзэхэд ноолорчихсон, хятад монгол нь мэдэгдэхгүй онцгүй санагдсан, хуурамч нь таарсан байгаасай л гэж залбирахаас, иргэд хувь хүнд зориулаагүй юм билээ шүү.

0  |  0
Top