Л.Цэрэндолгор: Хүүхдийн хувийн нууцыг хүндлэхгүй байх нь ХЯМРАЛД хүргэдэг

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 08

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цэл залуухан охид, залуус сэтгэл гутралд орж, улмаар амиа хорлож, эсвэл гэмт үйлдэлд холбогдож буй мэдээлэл олонтаа гарах боллоо. Тиймээс өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог болоод эцэг, эхчүүдийн анхаарах зүйлсийн талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр насны клиникийн эмч Л.Цэрэндолгортой ярилцлаа.


-Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан, ойр ойр өсвөр насны хүүхдүүдтэй холбоотой хэрэг зөрчил, таагүй мэдээлэл гарч байгаа учраас таньтай ярилцаж, эцэг, эхчүүдэд зөвлөмж, зөвлөгөө хүргэхийг хүссэн юм. Юуны өмнө та өсвөр насны онцлогийн тухай, түүнийг хэрхэн тодорхойлдог талаар мэдээлэл өгнө үү?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор 10-19 насыг өсвөр нас гэдэг. Энэ насны хүүхдүүдэд шилжилтийн настай холбоотойгоор дааврын өөрчлөлт явагддаг. Бие махбодын өсөлт, хөгжилтийн эрчимтэй үе юм.

Мөн сэтгэл зүйн хөгжил нийгэмшихүйн хөгжлийн хувьд ч эрчимтэй өөрчлөлт явагддаг. Тиймээс  энэ үед дасан зохицлын хямралууд тохиолдож болдог. Сэтгэл хөдлөл, зан үйлийн өөрчлөлтүүд гарч ирдэг гэсэн үг.

-Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд амиа хорлох, эсвэл ямар нэгэн гэмт хэрэг хийх тохиолдол ойрхон давтамжтай гарах боллоо. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээн дэх мэдээллээс харахад. Энэ юунаас шалтгаалж байгаа бол?

-Хүүхдийн өсвөр насанд хямрал тохиолдох эсвэл энгийн өөрчлөлт үүсэж, түүнийг даван туулах эсэх нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг.  

Тухайлбал, Гэр бүлийн орчноос хамаарч болно. Гэр бүлийн гишүүд өсвөр насны хүүхдийнхээ биеийн онцлогийг мэдэж буй эсэх, хүүхдээ хэрхэн ойлгож, мэдэрч хүлээж авч байгаа болон хүүхэдтэйгээ хэрхэн нээлттэй ярилцаж байна, тулгарсан асуудлаа шийдвэрлэхэд нь тусалж, дэмжиж байгаа эсэх гээд олон зүйл нөлөөлнө. 

Нөгөө талаас сургуулийн орчин дахь найз нөхдийн хүрээллээс хамаарна. Үе тэнгийнхний дарамт шахалт, гадуурхалт байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй.

Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллүүд, контентуудын агуулга хүртэл өсвөр насны хүүхдийн нийгэм, сэтгэл зүйн хөгжилд нөлөөлж байдаг. Үүнийг маш сайн анхаарах хэрэгтэй байна.

Тухайн хүүхдийн зан авирын онцлогийн суурин дээр дээрх хүчин зүйлс хавсарснаар өсвөр насны үеийн хүүхдэд хямрал тохиолдох эсэх нь хамаарч байдаг гэсэн үг.

Хэрэв тухайн хүүхэд аливаа асуудлыг нээлттэй ярилцдаг, бусдад илэрхийлдэг, хамтын хүчээр асуудлыг шийдээд сурчихсан, нээлттэй хэв шинжийн хүүхэд байвал аливаа шилжилтийн насны үеийн хямралыг хөнгөн давж гарах эсвэл хямрал тохиолдохгүй байх боломжтой.

Харин эцэг, эх нь хүүхэдтэйгээ ярилцдаггүй, хаалттай, зожиг өсгөсөн бол тухайн хүүхэд өсвөр насны хямралд илүү өртөж, найз нөхдийн хүрээлэлтэй болж чадахгүй. Үүнээс болоод гадуурхал, ганцаардалд илүү мэдрэг ханддаг болно. Сэтгэл гутрал, сэтгэл түгшилттэй болох шинж тэмдгүүд нь удаан хугацаагаар үргэлжилсээр сэтгэцийн эмгэг болох магадлалтай.

-Аав, ээжүүд хүүхэдтэйгээ хэрхэн нээлттэй ярилцах вэ, харилцаандаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Ээж, аавууд хүүхдээ нээлттэй, итгэлтэй харилцдаг болгож төлөвшүүлэхийн тулд төрсөн цагаас нь эхэлж харилцдаг байх ёстой.

Бага насанд нь үл тоож, төдийлөн амьд харилцаа үүсгэхгүй, цэцэрлэг сургуульд нь даатгасан байдалтай байж байгаад өсвөр насанд ирэхэд нь "Ярих ёстой гэж байна. Алив чи ярь” гээд байвал хүүхэд хэзээ ч ярихгүй.

Учир нь сэтгэлээ нээж ярилцах дадал бага наснаас нь суугаагүй учраас тухайн хүүхэд өсвөр насандаа өөрийгөө нээлттэй илэрхийлж ярина гэж байдаггүй. Тиймээс хүүхдээ төрсөн цагаас нь эхлээд нас насанд нь тохирсон үг хэллэг ашиглан, харилцах хэрэгтэй.

Тухайлбал, хүүхдээ цэцэрлэгт яваад ирэхэд нь “Өнөөдөр юу хийсэн, юу сурав, өнөөдөр ямар шинэ зүйл хийсэн бэ” гэх мэтээр хүүхэдтэйгээ харилцаа үүсгэж, яриаг нь маш сайн сонсох хэрэгтэй.

Сонсохдоо шүүмжлэхгүйгээр, сайн зүйлийг нь магтан сайшааж, буруу зүйлийнх нь учрыг тайлбарлавал хүүхэд айж эмээхгүйгээр өөрийгөө илэрхийлдэг болно. Мөн аливаа асуудал тулгарахад хэн нэгнээс тусламж авах чадвартай болдог.

-Ээж, аавууд хүүхэдтэйгээ харилцахдаа нийтлэг ямар алдаа гаргаж байгаа нь анзаарагддаг вэ?

-Ээж, аавууд хүүхэдтэйгээ харилцахдаа гаргадаг хэд хэдэн алдаа бий. Хүүхэд тэдэнд итгээд ярьсан зүйлийг нь бусад хүмүүс рүү ярьж, хувийн нууцыг нь хүндэтгэдэггүй.

Мөн тухайн хүүхдийн хувьд асуудал гэж бодож байгаа зүйлийг нь үл тоомсорлож, харилцааны бүдүүлэг хэв маягийн хандлага гаргадаг. Ингэвэл хүүхэд ээж, аавдаа итгэх итгэлгүй болдог.

Нэгэнт гэр бүл нь өөрт нь итгэхгүй байна гээд бодчихсон хүүхэд өсвөр насан дээрээ ирэхээр найз нөхөд эсвэл насанд хүрсэн бүх хүмүүс итгэл даахгүй юм байна гэж бодоод, өөрийгөө илэрхийлж чадахгүй болдог.

Өөрийгөө илэрхийлэхгүй, гарц гаргалгаа олж чадахгүй байгаа хүүхдүүд сэтгэлзүйн маш их хямралд орж, дотроо бухимдах, стрессийн хүнд түвшин рүү шилжиж, сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн байдалд ордог. Улмаар энэ асуудлаа шийдвэрлэж чадахгүй, хэнд хандахаа мэдэхгүй байгаа үед ямар нэгэн буруу шийдвэр гаргах эхлэл бий болдог.

Яг энэ үед хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр амиа хорлолт зэрэг гэмт хэргийг хэт нарийвчилж, тодорхой мэдээлээд байвал түүнийг харж байгаа хүүхдийн тархинд тухайн мэдээлэл хадгалагдаад үлдчихдэг. Улмаар мухардалд орсон хүүхдэд өнөөх сөрөг мэдээлэл сэргэж гарч ирснээр буруу үйлдэл хийх сэдэл болдог. Тиймээс нийгэмд байгаа хувь хүн, албан байгууллага гээд насанд хүрэгчид бүгд хүүхдийн хүмүүжилд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа гэдгээ ухамсарлаж, үг үйлдлээ анхаарах хэрэгтэй.

Бид үйлдлээрээ хүүхдүүдэд үлгэрлэж байдаг гэдгийг маш сайн бодох хэрэгтэй.

-Одооны хүүхдүүд "үг даахгүй" болчихсон гэж хүмүүс ярьдаг... Энэ буруу юу?

-Үг даахгүй байна гэхээсээ илүүтэй хүүхэдтэйгээ багаас нь харилцаж өсгөөгүйтэй холбоотой. Бид өөрсдөө өсвөр насны хямралын талаар бараг мэдэхгүй өссөн. Тэгэхээр мэдэхгүй хүний дотор уужуу, харанхуй байдаг шүү дээ.

Одоо үеийн хүүхдүүд мэдээлэл, мэдрэмж сайтай болчихсон учраас өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ нь илүү их гарч ирээд байгаа юм. Гэтэл эцэг, эхчүүд энэ хэрэгцээг нь  хангаж өгч чадахгүй байгаагаас болоод асуудал үүсдэг.

Үг даахгүй, нялцгай болчихсондоо огт биш.

Одоо үеийн хүүхдүүд илүү их мэдрэмжтэй, илүү их харилцаа шаарддаг болсон.

Хуучин нийгмийн байдлаараа хүүхэдтэйгээ харилцаж болохгүй.

-Өсвөр насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох талаар бодож байсан гэх судалгаа байдаг гэж уншсан. Хүүхэд бүрт хямралтай, хэцүү үе гэж байдаг байх. Түүнийг хэрхэн даван туулах вэ?

-2013 онд Монгол Улсын хэмжээнд хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн дунд сэтгэц, зан үйлийн судалгаа явуулахад "Дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох бодолтой байсан" гэх дүгнэлт гарсан.

Өсвөр насны хүүхдүүдэд сэтгэлзүйн хэрэгцээгээ хангах нөхцөл бололцоо муу байгаагаас болоод сэтгэлээ нээж ярилцаж чадахгүй хүүхэд амиа хорлох болон бусад буруу зүйлийн талаар бодож эхэлдэг.

Асуудалгүй амьдрал гэж байдаггүй, асуудал бүрт шийдвэрлэх гарц гаргалгаа байдаг гэдгийг сургалт, эрүүл мэнд, бусад хичээлээр ойлгуулах хэрэгтэй.

Мөн тухайн хүүхдийн оршин байгаа газарт нь хамгийн богино хугацаанд сэтгэлзүйн тусламж авах боломжийг хангаад өгвөл буруу зүйл хийх, амиа хорлох бодол төрөх нь багасна. Тэгэхээр хүн бүр сэтгэлзүйн эмчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдүүлэх хэрэгтэй байна.

Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас сургууль бүрийг сэтгэл зүйчтэй болгох төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Мөн манай СЭМҮТ-өөс нийслэлийн бүх хороо, 21 аймгийн нийгмийн ажилтан, өрхийн эмч нарт хүүхдэд зонхилон тохиолдох сэтгэл гутралын асуудлын талаарх сургалтыг жил бүр хийдэг. Тиймээс хүүхдүүдэд үзүүлэх сэтгэл зүйн үйлчилгээ ойртож байна гэж харж байгаа.

Хамгийн гол нь мэдээллийн хэрэгслээр сэдэл өгөх мэдээ, мэдээлэл хүргэхээс илүүтэй сэтгэл зүйн зөвлөгөө, арга хэмжээг хаанаас хэрхэн авах талаар мэдээллийг хүргэх хэрэгтэй байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top