“Россотрудничество” агентлагийг “Алтан гадас” одонгоор шагналаа

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 07

Монгол Улсад энэ сарын 5-нд хоёр томоохон үйл явдал давхацлаа.

Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдрөөр Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн түүхэн ойг ёслон тэмдэглэлээ. Ардын хувьсгалын дараа хоёр орны ах, дүүгийн найрамдлыг баталгаажуулж, 1921 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр албан ёсоор дипломат харилцаа тогтоосон билээ. Тус түүхэн ойг тохиолдуулан ОХУ-ын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачев тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав.

Энэ үеэр, Монгол, Оросын найрамдалт харилцаанд хувь нэмэр оруулсан МУУГЗ, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, хөгжмийн зохиолч, UBS телевизийн захирал Л.Балхжав, МУСГЗ, Монгол Улсын соёлын элч, “Sound off  Mongolia” компанийн продюсер Х.Дамдинсүрэн, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, ОХУ-ын Холбооны Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Ринчинович Базархандаев болон Россотрудничество төлөөлөгчийн газрын Соёлын хэлтсийн дарга Д.Цэцэгдэлгэр, ОШУСТ-ийн дэргэдэх ОХУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит төвлөрсөн номын сангийн эрхлэгч Т.А.Вялова нарын зургаан хүн ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Жуух бичгийг К.И.Косачев даргын гараас гардан авлаа.

Мөн Улаанбаатар дахь Русский Дом, монголчуудын сэтгэлд ДСНК, РЦНК нэрээрээ хоногшсон ОШУСТ-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагналаа. Тус төв үүсэн байгуулагдсаны 45 жилийн түүхт ой энэ онд тохиож байгаа билээ.

“Россотрудничество” агентлагийн далбаа Монгол Улсын Соёлын сайд Ч.Номингийн өмнө “мэхийж" Алтан гадас одонг оройдоо залсан юм.

ОХУ-ын “Россотрудничество” агентлаг нь дэлхийн 80 улсад 96 төлөөлөгчийн газартай. Тэдгээрээс, байрлаж буй орныхоо төрийн дээд шагнал хүртсэн анхных нь Улаанбаатар дахь ОШУСТ/Русский Дом боллоо.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.81) 2021 оны 11 сарын 07

Маш сайхан чимэгтэй мэдээ байна 2 орны найрамдал vvрд бат оршиг

0  |  0
Зочин(66.181.161.60) 2021 оны 11 сарын 07

Маш сайхан мэдээ байна

1  |  0
Top