Э.Идэр: Дельта вирус хатгаа болтол хүндэрсэн ч түргэвчилсэн шинжилгээгээр "СӨРӨГ" гарч байна

2021 оны 10 сарын 15

Коронавирусээр өвчилсөн хүмүүсийн тоо өдөр хоногоор нэмэгдэн, туссан хүмүүсийн шинж тэмдэг ч улам бүр хурцаар илэрч байна. Халдвар авсан бол шууд дуртай эмнэлэгтээ очиж, хэвтэн эмчлүүлэх боломжгүй болоод удаж байгаа билээ. Энэ цаг үед эмнэлэгийн ор хүрэлцэхгүйн улмаас өвчнөө гэрээр эмчилж байгаа хүмүүс ч олон. Гэрээр эмчлүүлсэн хүмүүсийн биеийн байдал нь хүндэрч нас барах тохиолдол ч нэмэгдсэн. Тусгаарлах байрны ачаалал, эмчилгээний талаар Баянгол дүүргийн Эрүүл  мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Э.Идэрээс тодрууллаа.


-Баянгол дүүрэгт хэдэн тусгаарлах байр байна вэ. Сүүлийн хоёр сард халдвар авсан хүмүүсийн тоо эрс нэмэгдлээ шүү дээ?

-Баянгол дүүргийн гурван газар ковидын үеийн тусламж үйлчилгээний байр ажиллаж байна. Үүнд, Ахмадын эмнэлэг, Хүүхдийн эмнэлэг, МҮИС-ийн эмнэлэг гэсэн газруудад ажиллаж байгаа. Хүүхдийн эмнэлэгт 130 ор, Ахмадын эмнэлэгт 150 ор бий. Тэнд ковидын эрчимт эмчилгээ явагдаж байгаа. Харин МҮИС-ийн эмнэлэгт 350 ортой тусгаарлан эмчлэх байр ажиллаж байна. Энэхүү тусгаарлан эмчлэх байр нь анх гэрийн нөхцөлд эмчилж, эрсдэлд оруулахгүйн тулд өвчтөнийг эмчийн хяналтан дор байлгах зорилготой нээгдсэн. Хэрвээ уушгинд нь өөрчлөлт ороод хүндэрч эхэлбэл үндсэн хоёр эмнэлэг рүү татдаг байсан юм. Гэтэл өнгөрөн есдүгээр сараас өвчний дэгдэлт эрс нэмэгдэж, өвчлөл хүндэрч эхэлсэн. Тиймээс тусгаарлах байранд байгаа хүмүүст ч вирусний эсрэг цагийн тариа, вирус дарах хүчтэй эм, шаардлагатай эмчилгээнүүдийг хийж эхэлсэн. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд нийт 630 ор дэлгэсэн. Хүүхдийн эмнэлэг 130 ортой ч 167 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Харин Ахмадын эмнэлэг150 ортой ч 157 өвчтөнтэй байгаа. Ахмадын эмнэлэг болон хүүхдийн эмнэлэгт коронавирусээр хөнгөн өвчилсөн хүн гэж байхгүй. Ихэнх тохолдолд ковидын хүнд болон хүндэвтэр хүмүүс хэвтэн эмчлүүлдэг. Ковидоор өвчилсөн тохиолдолд  сахартай болон ахмад настай хүмүүс нас барах өндөр эрсдэлтэй. Тус өвчнөөр нас барж байгаа хүмүүсийн бараг 80 хувийг суурь өвчин, сахартай хүмүүс эзэлж байна.

-Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэг давхарт байрлах тусгаарлах байранд  ковидын эсрэг зориулалтын эмчилгээг хангалттай түвшинд авч чадаж байна уу?

-Одоо бол зориулалтын эмчилгээг хийгээд явж байна. Одоо байрлаж байгаа байр бол манай дүүргийн эмнэлгийн төв байр юм. Энд үндсэн үйл ажиллагаа явуулдаг. Дотрын, мэдрэлийн, эрчимт зэрэг  олон төрлийн эрүүл мэндийн  үйлчилгээ авахаар иргэд ирдэг. Үүн дотор халдвар аваагүй эрүүл хүмүүс ч байгаа. Гэхдээ ирж үйлчлүүлж буй хүн бүр ковидын халдвар авсан, үгүйгээ мэдээгүй байдаг учраас бид заавал шинжилгээ авч шалгадаг юм. Энэ тохиолдолд шинжилгээ өгсөн хүн эерэг гарахаас гадна суурь өвчтэй байвал тусгаарлах өрөөнд оруулдаг. Тэгээд шаардлагатай эмчилгээг нь хийж байгаад эрчимт эмчилгээний тасагт ор сулармагц өвчтөнг шилжүүлдэг. Тэгэхээр энд байрлаж байгаа тусгаарлах байр нь шаардлагатай тохиолдолд өвчтөн хүлээж авдаг гэсэн үг. Ингэснээр учирч болох эрсдэлээс сэргийлэх юм.

-Одоо тус байранд хэдэн хүн байгаа вэ?

-Энэ тусгаарлах өрөөнд хоёр ор байгаа. Тиймээс хамгийн дээд талдаа хоёр хүн байдаг. Эрчимт эмчилгээнд сул ор гарах үед эдгээр хүмүүсийг хамгийн түрүүнд шилжүүлдэг юм. Гэхдээ энэ тусгаарлах байр хоосон байдаггүй. Шөнө хүртэл хүндэрсэн хүмүүс ирдэг. Тусгаарлах байрны нөхцөл байдал хүнд, маш их ачаалалтай ажиллаж байгаа. Нийслэлийн хэмжээнд ч сул ор олдохгүй байна.

-Тусгаарлах байранд байх хугацаандаа эмчлэгдээд гарсан хүмүүс хэр их байна вэ?

-Ирсэн хүмүүсийн 75 орчим хувь нь эдгээд гарч байгаа. Тусгаарлах байранд 350 ор байна гэдэг нь маш өндөр тоо. Үлдсэн хүмүүсийн өвчлөл нь хүндэрсэн байдаг. Энэ тохиолдолд тухайн хүмүүсийг эрчимт эмчилгээ хийж байгаа үндсэн хоёр эмнэлэг рүү шилжүүлдэг.

-Дельта вирусний дэгдэлт их байгаа талаар мэдээлж байгаа. Баянгол дүүргийн хувьд хэр их оношлогдож байгаа вэ?

-Судалгаа хийж байгаа байгууллагуудаас дельтавирусний давлагаа яваад байна гэж мэдээлсэн. Гэхдээ бидэнд ирж байгаа батлагдсан тохиолдлуудын ихэнх нь түргэвчилсэн тестээр шинжилгээ өгсөн байдаг. Энэ тохиолдолд тухайн хүмүүсээс дахин PCR шинжилгээ аваад, энэ дельта байна гэж мутацийн өөрчлөлтийг гаргах боломжгүй. Манай дүүрэг маш өндөр тархалттай байна. Өдөрт 500 хүнээс вирус илэрлээ гэхэд үүнээс 130 орчим хүн л PCR шинжилгээ өгсөн байдаг. PCR шинжилгээ өгсөн тохиолдолд дельта хувилбарыг ялгах боломжтой болдог. Бас нэг ялгах зүйл нь дельтавирусний шинж тэмдэг илрээд, цээжний зураг аваад харахад хатгаа болчихсон хэдий ч шинжилгээний хариу сөрөг гарах тохиолдол маш их байгаа.  Үүнээс үүдэн хүмүүс өвчнийг хүндрүүлж байна.

-Тусгаарлах байранд байхдаа хүндэрсэн хүмүүсийг Баянгол дүүргийн Ахмадын болон Хүүхдийн эмнэлэгээс гадна өөр эмнэлэг  рүү  шилжүүлдэг үү?

-Эрүүл мэндийн сайдын тушаалаар бол маш хүндэрсэн, олон өвчин хавсарсан хүмүүсийг Улсын нэгдүгээр төв эмнэлэг рүү шилжүүлнэ гэсэн байдаг. Гэхдээ одоогийн байдлаар  энд хүнд хүн байна шүү, аваад эмчил гээд шилжүүлэх нөхцөл байдал хэцүү байна. Яагаад гэвэл тэнд ч бас сул орны нөөц байхгүй. Саяхан УОК-оос ор зохицуулах баг гэж гарлаа.

-Тусгаарлах байранд эмчлүүлж байх хугацаандаа нас барсан тохиолдол байна уу? Энэ тохиолдолд яадаг вэ?

-Байна. Эрчимт эмчилгээний тасагтай эмнэлэг бүрд нас баралт гарч байгаа. Өвчтөн нас барсан тохиодолд дүүргийн шуурхай штабд хүлээлгэж өгдөг. Тэнд энэ чиглэлийг хариуцсан баг ажилладаг.

-Арбидол эмийг ковидын эсрэг эмчилгээнд ашиглаж байгаа юу. Хориглосон гээд байсан...?

-Ашиглаж байгаа. Энэ эм нь вирусний өргөн хүрээний эм юм. Дэлхийд коронавирусний эсрэг тусгайлан гаргасан эм одоогоор байхгүй байна. Олон нийтийн дунд “Арбидол” эмийг эмчилгээнээс хассан гэх буруу ойлголт яваад байгаа юм. Зөвхөн сонгомол ковидын эмчилгээнд зориулсан эм биш гэсэн утгатай л зөвлөмж гарсан.

-Коронавирусээр өвчилсөн хүмүүс хамгийн эхлээд ямар алхам хийх ёстой вэ?

-Энэ тохиолдолд эхлээд өрхийн эмнэлэгтээ хандана. Үүний дараагаар тухайн хүний нөхцөл байдлаас шалтгаалан сул ор гарсан эмнэлэгүүд рүү хуваарилдаг. Түүнээс биш хүмүүс дураараа хүссэн эмнэлэгтээ очоод эмчлүүлэх боломжгүй болсон. Аль ч дүүргийн иргэн халдвар авсан тохиолдолд эхлээд өрхийн эмнэлэгтээ хандана.

Д.МЯГМАРЗАЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.121.66) 2021 оны 10 сарын 15

Өрхийн эмч очиж үзэхгүй эмээ уугаад арав хоноод ирж шзүүл халдвар тараана гэж бна архаг өвтэй хүн бхад үзэхгүй орны оочёрт бичлээ тэгээд л болоо хүндэрвэл хохь гайгүй 10 хоновол аз

0  |  0
Top