Жо Байден, Ши Жиньпин нар виртуал уулзалт хийнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 09

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ -ын дарга Ши Жиньпин нар он дуусахаас өмнө виртуал уулзалт хийхээр тохиролцсон бөгөөд энэ нь дэлхийн хамгийн төвөгтэй харилцааг цэгцлэх хүчин чармайлтын нэг хэсэг болно гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ.

Байдены Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, Хятадын дээд дипломат Ян Жечи нар өнгөрсөн лхагва гарагт зургаан цаг орчим хэлэлцсэн байна. Энэхүү уулзалтын дараа сэтгүүлчдэд хоёр орны Ерөнхийлөгч виртуал уулзалт хийхээр болсныг дуулгажээ. Одоогоор уулзалтын албан ёсны тов гараагүй байгаа аж.

Тайваньтай холбоотой асуудлаар сүүлийн өдрүүдэд хоёр орны харилцаанд хурцадмал байдал үүссээр байгаа юм. Бээжин өнгөрсөн долоо хоногт Тайванийн бүс нутаг руу олон  тооны байлдааны нисэх онгоц илгээсэнтэй холбоотойгоор Байдены засаг захиргаа нэлээд хатуу байр суурь илэрхийлсэн. Хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалтын гол зорилго нь Бээжин болон Вашингтоны харилцааг сайжруулах, шаардлагагүй үл ойлголцлоос зайлсхийх явдал юм гэдгийг ажиглагчид онцолж байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин  “Бээжин АНУ-тай харилцан ашигтай худалдаа хийх хүсэлтэй байна. Гэхдээ зарчмын хувьд буулт хийхгүй бөгөөд өрсөлдөөнөөс айхгүй. БНХАУ болон АНУ-ын  худалдааны дайн гурван жил гаруй үргэлжиллээ. Энэ хугацаанд Хятадын эдийн засаг огтхон ч сулраагүй бөгөөд харин ч эсрэгээрээ АНУ-тай харьцуулахад нэг алхам урагшилсан” хэмээсэн тухай Коммунист намын гол хэвлэл болох төрийн мэдлийн “Глобал Таймс” сонин мэдээлжээ.

Харин шинжээчид  “Сүүлийн 24 цагт болж өрнөсөн үйл явдлаас Жо Байден БНХАУ-тай харилцах харилцаанд Цагаан ордны өмнөх засаг захиргааны баримталж байсан хатуу байр сууриас ухарч байна гэж харж болохоор байна. Гэвч Байден буулт хийхээс илүүтэй бодлого тодорхойлогчид, судлаачдын байр суурийг гадаад бодлогодоо хүлээн авч байгаа бололтой. Өөрөөр хэлбэл "America First" бодлого Хятад болон бусадтай зөвхөн эрх ашиг дээр нөхөрлөх байдал руу хувьсан өөрчлөгдөж байна” гэжээ.

Хоёр орны удирдагч Америкийн санаачилгаар өнгөрсөн сарын 9-нд утсаар ярьсан бөгөөд Байденыг Ерөнхийлөгчийн албан тушаалдаа орсноос хойш хоёр дахь удаагаа утсаар ярьсан нь энэ юм. Эхний удаад долоон сарын өмнө буюу хоёрдугаар сарын 10-нд ярьжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top