Ядуугийн зовлон тахлыг ч тойрсонгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 16

Коронавируст халдвар тархаж эхэлсэн цагаас бид дэлхийн анхааралд байлаа. Хагас жил гаруй дотооддоо алдалгүй тэсэж, тэр хугацаанд нь ч сонгууль таарч бид хэсэг сүржигнэсэн. Сүржигнэл дуусахтай зэрэгцээд дотооддоо алдчихсан. Дотооддоо алдсан анхны тохиолдол нь Алтанбулгийн боомтоор орж ирсэн жолооч болж таарч, тэр жолооч нь ч хотоор нэг тараасан болж таараад өдгөө бид халдварынхаа тархалтыг хумьж чадахгүй улсын тоонд орчихоод байна. Эдийн засаг чадуу, хоёр том гүрний дунд байдаг, нэг улсаасаа экспортын, нөгөөгөөсөө импортын хараат болсон манай улсыг баян орнууд зүгээр орхиогүй. Азийн банкнаас ч, ОУВС-гаас ч Дэлхийн банкнаас өдий төдий зээл тусламж, вакцин ч үнэгүй баахан авсан. Эхлээд хориод, дараа нь вакциндаад ч тусыг эс олов. Бид чухам тусламжийг хэрхэн зарцуулж, вакцины бодлогоо яаж тогтоосон бэ гэдэг л хамгийн том асуулт болоод байна. Асуултын хариуг хамтдаа олох гээд үзье.

 

Бидэнд өгсөн вакцин

 

Анх коронавируст халдвар дэгдэж эхлэхэд л дэлхий даяар вакцины тухай яриа газар авч, бодит судалгаа шинжилгээ ч цаг алдалгүй эхэлсэн. Дэлхийн дахины анагаахын практикт урьд хожид байгаагүй түргэн хугацаанд буюу ердөө нэг жил хүрэхгүй хугацаанд вакцины судалгаа гуравдугаар шатандаа шилжиж улмаар 1.3 жилийн дараа вакцин бэлэн болсон. ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сан, Вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх санаачилга нийгэмлэг, Билл болон Мелинда Гейтс сангийн дэмжлэгтэйгээр ядуу буурай орнуудыг вакцинжуулалтаар хангах “КОВАКС” гэгч хөтөлбөр ч бий болов. Энэ хөтөлбөрт нэгдэн орохоо Монгол Улс 2020 оны долоодугаар сард илэрхийлээд байжээ. Халдвар дотооддоо алдсан тухай мэдээлэл хуурай өвсөнд авалцсан гал лугаа адил хурдан тархаж байтал биднийг энэ хөтөлбөрт багтаахаар болсон. Нэг ёсондоо ядуу юм аа вакцин өгье гэж чадалтай орнууд гар сунгасан гэсэн үг. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт хүн амын 20 хувийг хамруулах хэмжээний вакцин нийлүүлнэ гэсэн үг. Дээрээс нь НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл” хэрэгжүүлж үүний хүрээнд нийт 1.1 сая тун “Pfizer, BioNTech” вакцин авах ёстой. Хөрш БНХАУ-тай “Веро Селл” вакцин нийлүүлэх гэрээ байгуулж 1.2 сая тун вакцин авсан бол ОХУ-тай 1.3 сая тун вакцин авах гэрээ байгуулсан. "E-Mongolia" цахим хуудаст дурдсанаар 3.3 сая хүнээс нийт 68 хувь нь вакцинд хамрагдсан гэсэн дүн гарчээ. Гэтэл Британичуудын 56.7 хувь, Бельгийн 58.9 хувь, Канадын 59.5 хувь нь вакцинд хамрагдсан дүнтэй байна. Вакцинжуулалтын хувьд бид тэднээс өндөр байгаа гэсэн үг.

Вакцин аваад л байдаг юм байж. Гэхдээ яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Манайхаас бусад нөгөө муулаад байдаг Мозамбик ч дээрх вакцинуудыг клиник туршилтад оруулаад улмаар нэг юм уу, хоёр л вакциныг улс орондоо тарьж байгаа. Өөрөөр хэлбэл вакцины хоруу чанар, дархлаа тогтоох байдал зэрийг судлахад амар болно гэсэн үг л дээ. Гэтэл манайд дөрвөн төрлийн вакциныг бүртгэж аваад, бүгдийг нь ард иргэдээ ялгаварлан гадуурхах замаар хүнд өвчинтэй, эрүүл, залуу, хөгшин, хүүхэд зэргээр нь ялгаад тарьчихсан. Ямарсайндаа Биологийн шинжлэх ухааны доктор профессор Ж.Оюунбилэг “Дэлхийд нэгэнт судалчихсан вакциныг манайд судлаад суувал цаг алдана” гэж ярьж байхав. Тэр ч дүүрч харин гаднын томоохон хэвлэлд “Politico”, “Wall Street Journal” сэтгүүлүүд дээр Монгол Улс вакцинжуулалтынхаа хувиар бүс нутагтаа төдийгүй дэлхийд тэргүүлж байгаа ч вакцины тархалт буурахгүй байгаа нь үр дүнгүй байна гэж дүгнэсэн хэд, хэдэн нийтлэл гарсан юм.

Үүнээс гадна биднийг олимп гээд хөөрцөглөж байх зуур дата мэдээллийн “TechTarget” цахим хуудас Монгол Улсын халдварын нөхцөл байдал ирээдүйн үнэлгээг гаргажээ. Дэлхийн бүх улс орон газар нутгийг хамарсан дээрх судалгаагаар Монгол Улс хамгийн өндөр эрсдэлтэй буюу улаан төвшинд Африкийн улс орнууд, Ази тивээс Тайланд, Малайз, Филиппин, Энэтхэг, Өмнөд Америкийн улс орнуудтай хамт зуузай нийлүүлээд тууж явна. Хамгийн гол нь цар тахлын үеийн судалгаа, мэдээлэл, халдварт өвчний үед авах хариу арга хэмжээ, орон нутгийн дата мэдээллийг тархал зүйн судалгаандаа ашигласан байдал, хилийн хяналт буюу гаалийн хяналт зэргээрээ хамгийн муу үр дүнтэй байна гэсэн дүгнэлт гарсан байна. Ерөнхийдөө энэ дөрвөн арга зүйгээр л дээрх улс орнуудыг судалсан хэрэг. Хөрш хоёр улс эрсдэл маш бага, дунд гэж дүгнэгджээ.

 

Цар тахал ба мөнгө

 

Коронавируст цар тахлын үед төсөвт дэмжлэг үзүүлэх зорилгоор өнгөрсөн онд нийт 299.5 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээг хөгжлийн дөрвөн түнш байгууллага, улстай байгуулсан байна. Байгуулсан гэрээний 66.6 хувь буюу 199.5 сая ам.долларын зээлийг авчээ. Үлдсэн 100 сая ам.долларын санхүүжилт энэ оны дөрөвдүгээр улиралд орж ирэх хүлээлттэй байна. Тодруулбал Азийн хөгжлийн банктай байгуулсан “COVID-19” шуурхай, хариу арга хэмжээ авах хөтөлбөр” ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 100 сая ам.долларыг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр авчээ. Мөн Олон улсын валютын сангийн “Түргэвчилсэн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2020 оны зургаадугаар сарын 08-ны өдөр 99.5 сая ам.долларыг авсан. Авсан мөнгө үүгээр дуусахгүй. Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банктай 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг 2020 оны есдүгээр сарын 08-нд байгуулсан байна.

Ядрахдаа бид баян улсуудаа тулж, түшиж ирсэн. Цар тахлын зүг өмнөхөн харалган байдал, үрэлгэн зарцуулалтаасаа болж ОУВС-ын хаяаг дөрөв дэх удаагаа бараадаж, үр дүн нь ч амжилтттай гэж дүгнэгдээд дараа дахин үйлчлүүлээрэй гэдэг инээгээд гар бариад салцгаасан. Үрэлгэн зарцуулалтаа улстөрчид манайх, танайх гэж нэгэн рүүгээ чихэж байх хооронд цар тахал юу, юугүй манай улсад ороод ирчихсэн. Хэрвээ уншигч та анзаарсан бол үзүүлсэн мөнгөн тусламжийн дийлэнхийг “хөнгөлөлттэй зээл” гэж онцолсон байгааг хараарай. Хэдийгээр буцалгүй тусламж гэсэн шошготой байсан ч ирээдүйд өр өвлүүлэх асуудал болно гэдгийг анзаарчихад бас гэмгүй.

 

*          *          *

 

Бид эндээ вакцинжуулалтаараа тэргүүлээд байна аа гээд баярлаад байдаг. Харин статистик арай өөрийг хэлээд байдаг. Вакцинжуулалтаараа тэргүүлээд байгаа гэд цээжээ дэлдэж байх хооронд хүн амтай нь харьцуулахад халдварын тархалт харьцангуй өндөр байгааг дэлхий дахин анхааруулсаар. Яг биднийг энэ нийтлэлээ бичиж байх цаг мөчид нийт халдварын тоо 178.4 мянга болооднас барсан хүний тоо 869-д хүрсэн байв. Таныг энэ нийтлэлийг уншиж дуусахад энэ тоо дахиад хэдээр нэмэгдэхийг хэн ч таашгүй. Үнэхээр дархлаажуулалт өндөр байгаа юм бол яагаад үр дүнд хүрэхгүй байна вэ,  нас барсан нийт өвчтөний 24.2 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан байсан бэ гэдгийг хэн ч хэлэхгүй, 11.00 цагийн мэдээлэлдээ дурдахгүй байна вэ гэдэг асуудал гарч ирнэ. Эцэст нь нэгэл зүйлийг сануулъя. Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг. Харин Засгийн газар айлгах тактиктай, юу ч болоогүй байхад сүр бараатай байсан нь халдварын тархалтаараа бүс нутгаа тэргүүлэх, улмаар дэлхийд гайхагдах нөхцлийг бүрдүүлсэн. Одоо айлгах тактикаа болиод судалгаатай хандвал яасан юм бэ...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Od(124.158.66.138) 2021 оны 08 сарын 16

Hujaa vaccine hiilgesenees hoish zurh ovddog bolood ih l hetsuu baidag bolloo. Odoo haana handaj gomdoloo gargah ve? Chi l tegj ovdoj bgaa baih busad ni zuv zugeer l eruul saruul bn gej “Eruuliig hamgaalahiinhan” aildah baih daa?

0  |  0
hujaa hog vaktsinaas(202.55.191.130) 2021 оны 08 сарын 16

muu hujaa vaktsinaar tarisan zasagiin gazar l buruutai ch dee. chabargui hulhi vaktsinaas bolj ovchilol asar ihsej bnaa.. niit nas barsan hvnii 24 hubi ni bvren darhaajuulsan hvn gej bnaa.iim bhad vaktsin ogt noloolohgui bgaa hereg yumaa.

0  |  0
Top