И.К.Азизов: Монгол, Оросын харилцаа хэзээ ч хүйтэн байгаагүй

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 16

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтой ярилцлаа


-ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайдаар томилогдсоноос хойш найман жил болох гэж байна. Та Монголд хамгийн удаан хугацаанд ажиллаж, амьдарч буй Элчин сайдын нэг байх. Өнгөрсөн хугацаанд манай улсад амьдрахын давуу болон бэрхшээлтэй тал нь юу байсан бэ?

-Би Монгол Улстай харилцаа холбоо хөгжүүлэх чиглэлээр нийтдээ 14 жил ажиллаж байна. ОХУ-ын Гадаад хэргийн яаманд ажиллаж байхдаа тэр үед хамтарсан байсан “Эрдэнэт”, “Монголросцветмет” компаниудын ТУЗ-ийн бүрэлдэхүүнд багтаж байсан бол сүүлийн найм орчим жил Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байна. Ийнхүү Монголд ажиллаж амьдарч байхдаа хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахад танай улс хэний ч зүрх сэтгэлд хүрч чаддаг гэдгийг хэлмээр байна. Эхэн үедээ их газрын эрс тэс уур амьсгалд дасахад амаргүй байсан ч монголчуудын, тэр дундаа улс төрийн элитийн ч, эгэл жирийн ард иргэдийн Орос оронд болон оросуудад хандах халуун дулаан хандлага нь ямар ч цаг агаарын хүйтний эрчийг суллаж чаддаг бөгөөд энэ нь миний ажилд маш их дөхөм болдог. Монголчуудын цайлган цагаан сэтгэл, нээлттэй сайхан ааш араншин, эгэл харилцаа надад их таалагддаг. Оросууд болон монголчууд өөр хоорондоо адилгүй ч сэтгэлгээний хувьд маш ойролцоо. Энэ нь манай ард түмнүүдийн найрсаг дотно харилцааны хамгийн бат бөх үндэс суурь юм.

-Таны бодлоор өнгөрсөн найм орчим жилийн хугацаанд дахь манай улсын ололт амжилт, алдаа дутагдал юу байв. Анх Улаанбаатарт томилогдон ирээд ажиллаж, амьдрахад тань тулгамдаж байсан бэрхшээл одоо шийдэгдсэн үү?

-Аливаа алдаа онооны талаар монголчууд өөрсдөө л ярих эрхтэй. “Алдаан дээрээ суралц” гэдэг сайхан үг байдаг. Уг үгийн утга нь зөвхөн та өөрөө л өөрийнхөө замыг тодорхойлох ёстой гэсэн санааг илэрхийлнэ. Өөрийнхөө зүгээс бол би та бүхэнд зөвхөн амжилтыг л хүсэн ерөөе.

-Таныг Элчин сайдаар томилогдсоноос хойш хоёр улсын харилцааны түүхэнд тэмдэглэхүйц  томоохон ямар үйл явдлууд болсон бэ товчхон дурдвал?

-Оросын Холбооны Улсын болон Монгол Улсын дээд удирдлагын дэмжлэг, шууд оролцоотойгоор бид бүх талын харилцаа холбоогоо түүхэн хөршүүдийн хувьд болон найз нөхдүүдийн хэмжээнд харьцангуй өндөр түвшинд гаргаж чадсан. Бид улс төрийн байнгын яриа хэлэлцээний механизмыг сэргээж, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ төслүүдийг эрэлхийлж, хүмүүнлэгийн хэлхээ холбоог  сайн бэхжүүлж байгаа. 2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр талын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай шинэ гэрээг хугацаагүйгээр байгуулсныг томоохон ажлуудын тоонд хамруулж болно. Энэхүү баримт бичиг нь Монгол-Оросын харилцааны онцгой шинж чанарыг илэрхийлээд зогсохгүй бидний ирээдүй, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлж байгаа юм. Гэрээ нь 2020 оны есдүгээр сарын 21-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр талын яриа хэлэлцээнд аль хэдийнээ эерэг нөлөө үзүүлж эхэлсэн нь олон зүйлээс харагдаж байгаа юм.

Ерөнхийлөгч Владимир Путины 2014  оны есдүгээр сард Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан гэрээний үндсэн дээр Монгол, Оросын хооронд тогтоогоод байсан визний дэглэмийг цуцласан. Түүнээс хойш манай хоёр орны иргэд өөр хоорондоо 30 хүртэл хоногоор харилцан визгүй зорчих боломжтой болсон. Үр дүнд нь бизнесийн болон жуулчдын аяллын тоо эрс нэмэгдэж, хил орчмын бүс нутгийн оршин суугчид хоорондоо ойр дотно харилцаж эхэлсэн.

Цар тахлын өмнө хоёр талын худалдааны эргэлт бараг хоёр тэрбум долларт хүрсэн байсан бөгөөд хэдийгээр 2020 онд цаг үе хүндхэн байсан ч бараа эргэлтэд төдийлөн нөлөөлөөгүй.  Харин өнгөрсөн жил бид танай худалдааны түншүүдийн жагсаалтын хоёрдугаарт бус гуравдугаарт бичигдсэн нь Монгол Улс Швейцарьт их хэмжээний алт нийлүүлсэнтэй холбоотой юм.

Зөвхөн түлш, эрчим хүчний цогцолбор төдийгүй цахилгаан эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа идэвхтэй урагшилж байна. Тухайлбал, Улаанбаатар дахь ДЦС-4-ийг сэргээн завсарласан бөгөөд энэхүү төсөл нь бидний хамтын ажиллагааны зөвхөн нэг жишээ. Үүнээс гадна бүс нутгийн интеграцийн санаачлагыг хөгжүүлэх явцад чухал ахиц гарсан. 2014 оноос эхлэн Монголын санаачилгаар Монгол, Орос, Хятадын удирдагчид тогтмол уулзах болсон. Эдийн засгийн гурван талт коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурж, түүний хүрээнд тэргүүлэх чиглэлийн 32 төслийн жагсаалтыг баталж, нэн тэргүүний төслүүдийг тодорхойлсон билээ. УБТЗ-ыг тээврийн коридорын төв шугам хэмээн үзэж, шинэчлэсэн бөгөөд  Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой барих төслийг эхлүүлсэн зэргийг онцгойлон тэмдэглэмээр байна. Түүнчлэн 2020 оноос хойш ЕАЭЗХ болон Монгол Улсын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлын хэсэг худалдааг либералчлах боломжийг тодорхойлох, Монголын өндөр чанартай бараа бүтээгдэхүүн Холбооны гишүүн таван орны зах зээлд чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг асуудлуудыг судалж байна. Харин хүмүүнлэгийн салбар дахь харилцан солилцоо хэрхэн эрчимжсэн талаар тусад нь ярих хэрэгтэй болов уу. Энэ бүх ололт амжилт нь манай монгол найз нөхөд болон бид бүхний хамтын хүчин зүтгэлийн үр дүн билээ. 

-Монгол болон ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ жил тохионо. Манай улсын хувьд ОХУ-тай тогтоосон харилцаа хамгийн урт удаан үргэлжилж буй нь. Элчин сайдын яамнаас ойн хүрээнд ямар ажлууд зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хөтөлбөрийн хүрээнд бид энэ жил 90 гаруй хамтарсан арга хэмжээ зохион байгуулахаар тохиролцсон. Үүнд харилцан айлчлал, түүний дотор өндөр түвшний айлчлал, үзэсгэлэн, форум, чуулга уулзалтууд,  уралдаан тэмцээн гээд маш олон хөтөлбөр, арга хэмжээ багтаж байгаа. Ташрамд дурдахад, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг саяхан ОХУ-д айлчлаад ирсэн билээ. Зохион байгуулах гэж буй арга хэмжээнүүд цар тахлын цаашдын нөхцөл байдлаас ихээхэн шалтгаалах боловч бид бүгдийг нь амжилттай хэрэгжүүлж чадна гэж найдаж байна.

Улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн шинж чанартай хоёр талын хэд хэдэн шинэ баримт бичгүүдийг байгуулахаар ажиллаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Түүнчлэн манай хоёр орны бүс нутгуудын хооронд хамтын ажиллагаа өрнүүлэх хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Харин Элчин сайдын яамны зүгээс Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Худалдааны төлөөлөгчийн газар, Дархан дахь Ерөнхий консулын газар болон Оросын гадаад улс орнууд дахь бусад төлөөлөгчийн газруудын хамт Монгол Улсад зохион байгуулагдаж буй бүх арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцох болно.

-Өнгөрсөн 100 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа хамгийн хүйтэрсэн үе нь болон оргилдоо хүрч идэвхжсэн нь хэдийд байсан бэ?

-Бидний харилцаа хэзээ ч хүйтэн байгаагүй. Социализмын замаас хальсны дараа хэсэг хугацаанд Монгол болон Орос орнууд нь дотоодын асуудлууддаа илүү анхаарч, хүнд хэцүү өөрчлөлтүүдийг хийгээд, нэлээд завгүй байсан. Монголын тусгаар тогтнолыг сэргээхэд  Орос  гол үүрэг гүйцэтгэсэн. Манай хоёр улс хоорондоо салшгүй холбоотой гэдгийг  бид бүгдээрээ мэднэ. Сүүлийн 10-15 жилийн хугацаанд бид хүнд хэцүү 1990-ээд оныг даван туулж, шинэ бодит байдал, хэтийн төлөвт суурилсан замаар хамтдаа алхаж байна. Тиймээс Монгол, Оросын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн шинэ түвшинд гарсан нь үүний үр дүн юм.

-ОХУ-аас Хятад Улсад нийлүүлэх “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн манай улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хэсгийг тавих маршрутыг “Газпром” компани Монголын талтай тохиролцож, төслийн техник-эдийн засгийн судалгааны дүнг баталсан. Техник эдийн засгийн судалгааг батлахад БНХАУ ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

-Хятад тухайн хоолойгоор дамжуулах байгалийн хийн эцсийн хэрэглэгч тул түүний энэ төсөлд оролцох оролцоо мэдээж  маш чухал. Хятадын түншүүд төсөлд улс төрийн дэмжлэг үзүүлж байгаа. Энэхүү төсөл нь юуны түрүүнд арилжааны төсөл учир  практик хэрэгжилтэд гол үүргийг “Газпром” НХН, БНХАУ-ын Нефть, хийн үндэсний корпорац (CNPC) болон Монголын талаас төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани гүйцэтгэнэ. Одоогийн байдлаар Газпром монгол түншүүдтэйгээ хамтран төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр боловсруулж байгаа.
 


-Техник эдийн засгийн судалгаа одоогоор яг ямар түвшинд явж байгаа вэ?

-Судалгааны ажил нь ерөнхийдөө дууссан. 2021 оны гуравдугаар сард Газпромын ТУЗ-ын орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчид төслийн маршрутын дагуу нислэг үйлдэж, тандалт хийсэн. Монгол Улсын Засгийн газар болон “Газпром”-ын хамтарсан ажлын хэсгийн 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд хэдийнээ гарын үсэг зурсан. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард “Союз Восток” хий дамжуулах хоолой барих ТЭЗҮ-ийг батласан. Төслийн дүн шинжилгээ нь эерэг гарсан. ТЭЗҮ-ийг Монгол Улсад үүсгэн байгуулагдсан тусгай зориулалтын “Союз Восток хийн хоолой” компани боловсруулж байгаа бөгөөд бүх ажил нь төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа, оны эцэс гэхэд дуусгавар болно.

-Гурван улсын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх хөтөлбөрийг 2016 онд баталсан ч төдийлөн урагшлахгүй байна гэх шүүмжлэл байдаг. Тэгвэл та энэ хөтөлбөрийн ирээдүйг хэрхэн харж байна?

-Энд ямар нэгэн үл ойлголцол байгаад байх шиг байна. Бид олон тэрбум долларын өртөгтэй, хэдэн арван жилийн турш хэрэгжих гео эдийн засгийн төслийн талаар ярьж байна. Ийм нүсэр ажлыг ид шидээр мэт нүд ирмэхийн зуур хэрэгжүүлэх боломжгүй. Юуны түрүүнд олон улсын эрх зүйн орчин, гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх механизм бүрдсэн гэдгийг хэлье. Түүнчлэн гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх “замын зургийг” боловсруулсан. Цар тахлын улмаас бидний ажлын эрч буурсан ч бид юу хийж амжуулсныг би сануулах хэрэгтэй юм шиг байна. Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр боловсруулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт  2018 оны есдүгээр сард гарын үсэг зурсан. Үүнд бүс нутгийн тээврийн дэд бүтцийг сайжруулах, юуны түрүүнд төмөр замын төв коридорыг (Улаан-Үүд-Наушки-Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү  -Бээжин-Тяньжин) байгуулах зэрэг ажлууд багтсан. Үүнд мэдээж “Улаанбаатар төмөр зам” ХК (УБТЗ) гол үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү төслийг хэрэгжүүлэх, Монгол Улсын төмөр замын дэд бүтцийг бүхэлд нь хөгжүүлэх, 2030 он гэхэд нэвтрүүлэх чадварыг нь жилд 54 сая тоннд хүргэн нэмэгдүүлэх зорилгоор УБТЗ-ыг үе шаттайгаар шинэчлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг хөтөлбөрийг “Оросын төмөр зам” НХН-ийн толгой байгууллага болох “Мосгипротранс” эрдэм шинжилгээний хүрээлэнгийн идэвхтэй оролцоотойгоор боловсруулсан. Төмөр замын шинэ маршрутуудыг боловсруулах, барих гэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар, мөн саяхан шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр Таван толгойн нүүрсний ордоос Зүүнбаян өртөө хүртэл төмөр замын барилгын ажил эрчимтэй явагдаж байна. Монголын бараа бүтээгдэхүүнийг ОХУ, БНХАУ-ын төмөр замаар дамжин өнгөрүүлэх үүднээс Засгийн газар хоорондын холбогдох баримт бичгүүдийг байгуулаад буй. Тухайлбал, ОХУ-тай байгуулсан ийнхүү гэрээ нь гурван жилийн өмнөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Түүнчлэн Монгол, Орос, Хятадын хооронд автозамын харилцаа холбоог, тухайлбал, АН-3 замыг хөгжүүлэх зорилгоор 2016 оны арванхоёрдугаар сарын 8-нд Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрийг байгуулсан. Гурван улсын ачаа тээвэрлэгчид хилийн боомтууд дээр “Гаалийн хялбаршуулсан бүрдүүлэлтийн тухай” журмыг хэрэгжүүлж, бусад улсын нутаг дэвсгэр дээгүүр үндэсний бичиг баримт, автомашины улсын бүртгэлийн дугаар зэргийг ашиглан явах боломжийг бүрэн ашиглаж байна. Мөн 2020 оны арваннэгдүгээр сарын 5-нд Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг урагшлуулах ажлын хэсгийн анхны хуралдаан онлайн хэлбэрээр болж, талууд төмөр замын төв коридорын ТЭЗҮ-ийг боловсруулах, Азийн авто замын сүлжээний АН-3, АН-4 маршрутаар ачаа тээвэрлэх, авто тээврийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг барих асуудлуудыг хэлэлцсэн.  Гурван талын хамтын ажиллагааны бодит үр дүнг аль болох богино хугацаанд олж харахыг хүн бүр хүсэж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ дахин давтаж хэлэхэд, Эдийн засгийн коридорын хөтөлбөр нь агуу төсөл тул түүнийг хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардлагатай. Ерөнхийдөө ОХУ нь тэр дундаа Евразийн эдийн засгийн холбоо, Монголын “Талын зам” стратеги болон Хятадын “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг уялдуулан нэгтгэж, Евразийн хүрээнд Их түншлэлийг үүсгэн байгуулахыг эрмэлзэж байна.

-Таны бодлоор гурван улсын эдийн засгийн коридор хөтөлбөрт Хятадын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх боломжтой вэ?

-Энэ асуултад тань бидний хятад хамтрагч буюу БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэнруй илүү дэлгэрэнгүй хариулах болов уу гэж бодож байна. Би түүнийг орлох хэрэг байхгүй  болов уу.

-Энэ хөтөлбөрт Монголын Улсын гүйцэтгэх үүрэг юу вэ?

-Монголын үүрэг оролцоо нэн чухал. Хийн хоолой, Төмөр замын төв коридор гээд олон төсөл нь дамжин өнгөрөх шинж чанартай тул маршрутын зөв сонголт, ачааны баазын зөв үнэлгээ, улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн тогтвортой орчин, хөрөнгө оруулалтын найдвартай хамгаалалт зэрэг нь хамгийн чухал болоод байна. Өөрийн нутаг дэвсгэр дээрээ ийнхүү нөхцөл байдлыг бүрдүүлэхийн тулд Улаанбаатар өөрөөсөө хамаарах бүхнийг хийж, бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн газрын асуудлуудыг шийдвэрлэх нь маш чухал бөгөөд  УИХ-ын оролцоогүйгээр ажил урагшлахгүй. Гол нь байгуулсан гэрээнүүдийнхээ үг үсэг, утга агуулгыг чандлан сахиж, газар чөлөөлөх ажилд гэрээгээ зөрчиж, муу жишиг тогтоохгүй байх шаардлагатай байна.

-Өнгөрсөн жилийн Ялалтын баярыг МҮОНТ-ээр нэвтрүүлээгүй. Энэ асуудал хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж, янз бүрийн байр суурь илэрхийлж байсан. Энэ тал дээр та харин ямар байр суурьтай байна?

-Москва дахь ёслолын парад болон Монгол Улс дахь Их хурлын сонгууль давхацсантай холбогдуулан Үндэсний телевизийн удирдлага хэт болгоомжилсон.  Тэдний энэ болгоомжлол нь парадыг дамжуулахгүй байх шийдвэрт нөлөөлсөн болов уу гэж бодож байна. Бид хатагтай Л.Нинжжамц болон МҮОНТ-ийн шинэ удирдлагатай нэн сайн харилцаатай. Урьд нь ч сайн харилцаатай байсан. Одоо ч  сайн харилцаа маань хадгалагдсаар байна. Олон ой тохиосон энэ жил мэргэжил нэгт монгол болон орос түншүүд хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах сайхан боломжууд байна гэж би харж байна. Бид хэвлэл мэдээлэл, соёл, хүмүүнлэгийн салбар дахь хоёр талын харилцаа холбоог бэхжүүлэхэд чиглэсэн бүтээлч санаачлагуудыг үргэлж нээлттэй хүлээн авна гэдгээ энэ ташрамд хэлэхэд таатай байна.
 


-Хувь нийлүүлсэн Төмөр зам нэгдлийн ирээдүйг хэрхэн харж байна?

-Манай улсуудын найрамдал, эдийн засгийн хамтын ажиллагааны бэлгэдэл болсон УБТЗ нь 2019 онд 70 жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд түүний дараагийн далан жилийн үйл ажиллагаа нь өмнөх жилүүдээсээ дутахааргүй сүр жавхлантай байх болно гэдэгт би эргэлзэхгүй байна.

Гэхдээ нэг болзол бий. Ачааны тээвэрлэлтийн тарифыг индексжүүлэх хөтөлбөрийг батлах шаардлагатай байна. Юуны түрүүнд энэ хөтөлбөр нь Монголын нүүрс олборлогчдын хүчин чадалд суурилах бөгөөд тухайлбал, таван жилээр тоо­цож болно. Үгүй бол манай хамтарсан компани үйл ажил­лагааны хэчнээн гялалзсан үр дүнг гаргасан ч татаасуудын ивээн тэтгэгч хэвээр,  2010-2011 оныхоо түвшинд хэвээр байх болно. Тухайн нийгэмлэг нь танай улсын эдийн засгийн хөгжлийн, түүний дотор ашигт малтмалын шинэ ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ардын аж ахуйг эрчимтэй шинэчлэхэд шаард­лагатай байгаа тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх хүчин зүйл юм.

УБТЗ-тай холбоотой бүх асуудлуудад “Долоо хэмжиж нэг огтол”, “Гол нь муутгахгүй байх” гэсэн зарчмаар хандах хэрэгтэй. Ташрамд хэлэхэд, Монголын зарим нийтлэгчдийн УБТЗ-ыг үүсгэн байгуулах тухай 1949 оны Зөвлөлт-Монголын хэлэлцээр “хуучирсан” гэх байр суурийг илэрхийлж байгаа нь өрөөсгөл. Бодит амьдрал дахь практик ажиллагаа тэдний ийнхүү бодол санаатай нийлэхгүй байна. Замыг цэвэр зах зээлийн нэгж болгон өөрчлөх байр суурийг баримтлаваас ийнхүү яаруу шийдвэрийн зардлыг Монголын тал дааж чадах уу гэдэг асуулт үүснэ. Тиймээс тээврийн талаарх бодол санаа нь системчлэгдсэн, хөшүүн бус байх ёстой.

-Монгол Улсын ОХУ-д төлөх ёстой өрийн талаар мэдээлэл өгөөч?

-11 тэрбум долларын “Их өр”-ийн асуудал аль эрт шийдэгдсэн. 2005 онд өрийг тэглэх бараг бүх арга хэмжээнүүдийг авч дууссан бөгөөд үлдсэн багахан хэсгийг 2010 оны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу мөн тэглэсэн. Уг гэрээг Оросын тал 2016 оны нэгдүгээр сард соёрхон баталсан. Харамсалтай нь, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аль хэдийн хуучирсан энэхүү сэдвийг үе үе хөндөж, хүмүүсийг төөрөгдүүлсээр байна.

-Уул уурхайн салбарт хоёр улсын хамтран хэрэгжүүлсэн ганц төсөл бол Эрдэнэт. Хоёр улсын уул уурхайн салбарын цаашдын харилцааг та хэрхэн харж байна вэ?

-Оросын тал 2016 оны зургадугаар сард таны хэлсэн энэхүү төслөөс гарсан бөгөөд сүүлийн таван жилийн турш тус компани нь 100 хувь Монголын төрийн өмчлөлд байж, өнөөг хүртэл Монгол Улсын төсвийн орлогын хамгийн тогтвортой эх үүсвэр хэвээр байна. Энэ нь тус аж ахуйн нэгжийн удирдлага мэргэжлийн ур чадвар сайтай, хамтарсан үйлдвэрийн үеэс үлдсэн чадамжуудыг зөв ашиг­лаж чадсантай холбоотой юм.

Одоогийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр”-тэй өрнүүлж буй хамтын ажиллагаа нь арилжааны зарчмаар явагдаж байна. Тодруулбал, “Росгео” ХК “Эрдэнэт” зэсийн ордны хүдрийн коридорт таамаглал-судалгааны геологи хайгуулын ажлыг, мөн үйлдвэрийн хаягдлын овоолго дээр инженер, геологийн судалгааг хийж байна.

Уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааны тухайд гэвэл эдийн засгийн хувьд баталгаажсан Монгол түншүүдийн саналыг сонсмоор байна. Жишээлбэл, “Асгат”-ыг ашиглалтад оруулахын тулд маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай юм. Тиймээс хөрөнгө оруулалтын хэмжээ, хамрах эх үүсвэртэй холбоотой бүх хүчин зүйлсийг цогцоор нь авч үзэх шаардлагатай байна. Энэхүү мөнгөний орд нь Монгол, Оросын хилийн зурвас дээр байрлах тул гуравдагч орнуудын хөрөнгө оруулагчдыг татах нь манай хоёр орны аюулгүй байдлыг хангах асуудалтай хэрхэн зохицож байгааг судалж үзэх хэрэгтэй болж байгаа юм.

Ерөнхийдөө бол Оросын тал нь уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаагаа сэргээх сонирхолтой байгаа. Ийнхүү 2019 оны есдүгээр сард “Росгео” ХК ба Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар хооронд газрын хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийх чиглэлээр хамтран ажиллах тухай гэрээ байгуулагдав. Оросын компани нь газрын тос болон бусад ашигт малтмалыг хайх, мөн бусад геологийн хайгуулын ажлыг гүйцэтгэхэд бэлэн байна.

Ташрамд дурдахад, монгол найз нөхдөд маань Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс энэ чиглэлд бодит хөршүүдтэйгээ бус гуравдагч хөршийн  корпора­цуудтай хамтарч ажиллахыг эрхэмлэх тухай мэдэгдлүүд нь, тухайлбал, танай улсын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч байсан зарим нэг хүмүүсийн мэдэгдлүүд үнэн бодит байдалтай хэрхэн нийцэж байгааг нарийвчлан судалж үзэх хэрэгтэй болов уу. Уг шинжээч нь Монголын тал болон, тухайлбал, “Рио Тинто” группийн хооронд өрнөж буй харилцаа холбоо нь үндэсний ашиг сонирхол ялгуусан ялалт байгуулсан түүх хэмээн үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна.

-Ардын хувьсгал ялсны 100 жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ болон БНХАУ-ын төрийн тэргүүнийг улсдаа айлчлахыг урьсан. ОХУ-ын төрийн тэргүүний айлчлалын талаар мэдээлэл байна уу?

-ОХУ-ын Ерөнхийлөгч 2014, 2019 оны есдүгээр саруудад Улаанбаатарт айлчилж байсан. Цар тахлаас өмнө төрийн тэргүүнүүд маань жилд хэд хэдэн удаа уулздаг байсан боловч халдварт өвчин газар авсан хүнд хэцүү нөхцөл байдлын улмаас ийнхүү уулзалтуудыг 2020 онд болон 2021 оны хавар зохион байгуулах боломж байгаагүй. Тэгсэн ч талууд тогтмол утсаар ярилцаж, захидал солилцож байна.

2020 оны есдүгээр сарын 21-нд болон 2021 оны зургаадугаар сарын 1-нд Москва хотноо болсон Оросын Холбооны Улсын болон Монгол Улсын Гадаад хэргийн сайд нарын уулзалтуудын үеэр энэ ойн жилд томоохон айлчлалуудыг зохион байгуулах талаар ярилцсан. Цар тахлын нөхцөл байдал боломжтой болбоос айлчлалуудын тухай тодорхой мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан цацах болно. Энэ нь Монгол дахь Ардын хувьсгалын 100 жилийн ой, манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан баяр ёслолуудын арга хэмжээнүүдэд мөн хамааралтай. Коронавирус намжсаны дараа Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч 2021 ондоо багтан ОХУ-д айлчлах тухай асуудал мөн яригдана гэдэгт найдаж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jargalsaikhan Danidai(103.26.194.166) 2021 оны 06 сарын 18

Монгол улсын бараа бүтээгдэхүүнд тавьсан гаалийн импортын өндөр татвараа хэзээ зогсоох вэ.\nМонголчууд бид ОХУ зах зээл дээр ядаж хөнгөн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээ зарах хэрэгтэй бна.\nХөрш орнууд тэр дундаа найрамдалт ах дүүгийн харилцаатай бсан улс орнууд бие биесээ ингэж дээрэлхэж болохгүй.\nМонголчууд бид ОХУ -аас жилд 1.5 тэрбум $ бараа бүтээгдхүүн авч байхад Монголоос ядаж 700.0 сая $ бараа бүтээгдхүүнийг Оросын зах зээл дээр заруулж бно шүү дээ.\nХөрш жижиг Монгол улсад гаалийн импортын 20-63% өндөр татвар тавьж, худалдааны хориг арга хэмжээ авч бгаадаа ичих хэрэгтэй. Хүн төрөлхтөнөөс

2  |  0
Зочин(85.218.48.83) 2021 оны 06 сарын 18

Хужаа нар доогуур яаг боож үхэх нь ннн,Орос улсын хүчинд тусгаар тогтнолтойгоо бгааг сайн сана! Түвд болон Хонконг яаж буйг одоо харцгаа.Хөдсөн дээл хөдөрч хятад шаахаы,өмд өмссөн түвдүүд ноорхой дэвсэг өвдөг доороо шидээд мөргөж залирч сунасаар Лхас хүрдэг тухай ,Төвдийн өндөрлөг нутагт эзгүй нутаг дээгүүр нь бараг3000м-4000 м ийн өндөрт хурдны галт тэрэгний төмөр зам тавьж өөрсдөө жуулчилж явдаг болсон тухай баримтат кино ,3 SAT гэдэг Германы теле сувгаар үзсэн шүү бодох л асуудал

0  |  2
Irgen(66.181.161.27) 2021 оны 06 сарын 18

Za zailaa

2  |  0
Цооцоо багш(202.55.188.105) 2021 оны 06 сарын 18

хүрч байгаа өвчтэй юмнуудын үйлдлийг манай засаг төр,тагнуул,цагдаагийн байгууллага анхааралдаа авна гэдэгт итгэж байна.

1  |  0
Цооцоо багш(202.55.188.105) 2021 оны 06 сарын 18

Хоёр орны харилцааны одоогийн байдал,хэтийн төлөвийн талаар тооцоо судалгаатай сайхан ярилцлага өгсөнд ОХУ-ын элчин сайд Азизовт баяр хүргье!Манайхны төр,засгийн тогтворгүй байдал,хэлсэн ярьсандаа хүрдэггүй увиагүй зангийн талаар дипломат хэлбэрээр хөөрхөн чимхсэн байна шүү.Энэ нь зарим ухвар мөчид хүмүүсийн дургүйг хүргэсэн бололтой.Энэ үзэл бодол найрамдлаа дээдэлдэг монголын ард түмний санаа бодол хэрхэвч биш гэдгийг эрхэм Элчин сайд ойлгон уучлах буйзаа.Ярилцлага хэн нэгэн хүнд таалагдаагүй байж болох ч бүхэл бүтэн орос их гүрнийг төлөөлөн сууж байгаа нэрт дипломат ч хүнийг хуц ульд нь

2  |  4
Эрдэнэ(66.181.180.186) 2021 оны 06 сарын 18

зөвлөлт гэж байхгүй улсад өр төлдөг төмөр зам ч гэсэн яахаараа оросын хувь байх ёстой юм зху одоо байхгүй тарсан энэ шэж монголд цөлөгдөөд мартагдчихсан юм олон юм хуцаарай

3  |  1
Зочин(203.91.115.49) 2021 оны 06 сарын 18

Муу хуцмал еврейн хоншоор. Монголчуудыг доромжилсоор л байна уу?

4  |  1
хахахар(122.201.23.219) 2021 оны 06 сарын 18

Вакцины 2-р тунгаа өгөөч. Дээр үед Венгерүүд Монгол хүүхнийг маргааш ирээрэй гээд өрөөсөн гутал өгч байсан гэдэг шиг юу ацаглаад 2-р тунг нь нийлүүлэхгүй байгаа юм бэ. Тэгээд ч манайхтай 1,0 сая тун нийлүүлэх гэрээтэй гэсэн. Яагаад сумын төвийн хүний талыг ч хангахгүй шол хийсэн жаахан юм шидчээд хариуг нь хараад байгаа юм.

2  |  0
Уншигч (103.23.50.131) 2021 оны 06 сарын 18

Азизов мандан бадраг

1  |  4
зочин(66.181.161.34) 2021 оны 06 сарын 20

хоёр орны харилцаа харилцан ашигтай байх ёстой. гэтэл оросын талаас хэт түрэмгий дээрэнгүй байна. Монголоос авах бараа бүтээгдэхүүнд бараг наян хувийн татвар байдаг. энэ нь Монголыг үйлдвэржүүлж хөгжүүлэхгүй гэсэн хөршөө хөгжүүлэхгүй үргэлж өөрөөсөө хараат байлгаж дээрлэхэж байх сонирхолтой оросын бодлого. ийм байхад орос, Монголын харилцаа сайн гэж хэлж болохгүй. оросын энэ элчин их дээрэнгүй этгээд. Монголыг хөгжүүлэхгүй гэж барууны хөрөнгө оруулагчдыг ад үзсэн өнгө аястай ярилцлага байна.

6  |  1
Тийм(192.82.75.243) 2021 оны 06 сарын 20

Монгол Оросын найрамдал мандтугай

3  |  5
Top